Түшээдийг ичээгч бүсгүй


2016-06-21 11:39:20

Сонгууль дөхөж байгаа энэ үед нэр дэвшигч бүр эх орон, ард түмэндээ хайртай болж “жүжиглэх” нь бий. Парламентын суудалд л суучих юм бол ингэж ч улс орноо сайхан болгоно хэмээн янз бүрийн амлалт өгч байна. Нэг үгээр хэлбэл УИХ-ын гишүүн юм уу, ИТХ-ын төлөөлөгч болж чадахгүй бол амалсан амлалтаа биелүүлж чадахгүй гэдгээ илэрхийлж буй юм. Тэгвэл заавал УИХ-ын гишүүн юм уу, сайд дарга болоогүй ч иргэдийнхээ сайн сайхны төлөө ихийг хийж болдог гэдгийг жүжигчин Г.Ундармаа харуулж байна. Тэрбээр “Итгэлийн танхим” танхим төслийг хэрэгжүүлж эхлээд багагүй хугацааг өнгөрүүлж буй. Төслийн хүрээнд төрөх эмнэлгүүдийн хүлээлгийн танхимыг өөрийн санаачлагаар хөрөнгө босгон бүрэн засч, тохижуулж байгаа билээ. Тухайлбал, Улсын клиникийн төв эмнэлгийн Яаралтай түргэн тусламжийн хүлээлгийн танхимыг 88 сая төгрөгөөр, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн зөвлөх поликлиникийн хүлээлгийн танхимыг мөн 80 гаруй сая төгрөгөөр засварлаж байсан юм. Өнгөрсөн дөрөвдүгээр сард гэхэд Баянхошууны салбар амбулатори, Хүүхдийн кабинетийг бүрэн засч тохижуулсан.

Түүний хийсэн эл үйлдэл дорвитой ажил хийгээгүй эрхэм түшээдийг ихэд ичээж байгаа юм. Тиймээс ч бантсан эмэгтэй гишүүд түүнийг төрийн ордонд хүлээн авч талархал илэрхийлж байсан удаатай. Тэдний энэ үйлдэл жүжигчин бүсгүй өөрсдөөс нь илүүтэйгээр нийгэмд тустай зүйл хийснийг хүлээн зөвшөөрсөн явдал байсан юм.

Тэгвэл жүжигчин Г.Ундармаа дахиад эрхэм гишүүдийг ичээх бололтой. Тодруулбал, тэрбээр энэ удаад  Хан-Уул дүүргийн эмнэлгийн 400 метр квадрат гаруй талбайг засч, тохижуулахаар ажилдаа оржээ. Түүний энэ сайн үйлсийг олон хүн талархан хүлээж авч байгаа бөгөөд сэтгэл байхад заавал УИХ-ын  гишүүн болохгүйгээр нийгэмд тустай үйл бүтээж болдог гэдгийг харууллаа хэмээн шуугьж байна.  Парламентын суудалд санаархагчдыг сонгуулийн сурталчилгаагаа хийгээд иргэдийг уран үгээрээ “уярааж” явахад, эгэл жирийн жүжигчин бүсгүй хийсэн үйлдлээрээ гайхуулж явна.

Ард түмний төлөө ажиллана гэж төрд гарчихаад төсвийн хэдэн төгрөгийг өөрсдийн сонгогдсон тойрог руу булаацалдахаас өөрийг хийлгүй дөрвөн жилийг үдэж байгаа УИХ-ын зарим гишүүнд сэтгэл байвал хийж болдог гэдгийг дахин харуулах нь ээ.

Г.Хишиг

Buzznews.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү