“Бүсгүйн зурвас”-ыг маргааш задална


2019-02-28 16:31:39

Зохиолч, яруу найрагч Л.Өлзийтөгсийн зохиол “Бүсгүйн зурвас” уянгын драмын жүжиг Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатарын найруулгаар маргааш УДЭТ-ын тайзнаа тавигдах гэж байна.

“Хүн нэгнийгээ, нийгмээ, гэр бүлээ танихгүй, мэдэхгүй байна. Энэ бол эмгэнэл. Эцэстээ хүн өөрөө өөрийгөө таньж мэдээ больсон. Гэтэл өөрийгөө таньж мэдээгүй хүн биднийг жолоодож явна гэдэг бол бүр ч эмгэнэл. Бидэнд өөрчлөлт хэрэгтэй. Үүнийг хийхээр УДЭТ-ын уран бүтээлчид, албан хаагчид хүч хөдөлмөрөө зориулаад үзэгч олондоо өргөн барихад бэлэн боллоо” хэмээн найруулагч Н.Наранбаатар сэтгүүлчдэд тайлангаа тавив.

“Бүсгүйн зурвас”-т нэр төртэй төрийн түшээ, сайд Архайтай хөрөг ярилцлага хийхээр тохирсон сэтгүүлч бүсгуй Итгэл сайдын гэрт очиж байгааг өгүүлнэ. Аав ээж, нутаг ус, амьдралын замналаа Архай сайд Итгэлтэй илэн далангүй хөөрөлдөн сууна. Гэнэтийн зочид энэ үеэр айлчлан ирэх бөгөөд Итгэл сайдын гэрт дахин зочлоход өчигдөр өөртэй нь уулзсан тэр хүн төрөл арилжсан мэт өөрчлөгдсөн байх нь тэр. “Ийм л хүн түмэн олны итгэлийг дааж төрийн түшээ бололгүй ч яахав дээ" гэж бодож байсан Итгэлийн урам зориг бахархал, хүндлэл салхинд туугдах мэт хийсэн одож, Архай сайдын ярьж хэлсэн бүрийн алинд нь чухам “үнэн" оршиж байгааг тааварлаж мэдэхийн эцэсгүй байдалд оруулж, энэ хүн чухам хэн юм бэ? гэсэн эцэс төгсгөлгүй таавар тайллын өмнө түүнийг аваачих нь тэр. Өнөөгийн нийгмийн өнгө төрхийг харуулсан “Бүсгүйн зурвас”-ыг маргааш хамтдаа задалья.

Нэр төртэй төрийн түшээ, сайд Архайн дүрийг гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан бүтээжээ. Тэрбээр “Хүн гэдэг амьтан сайн муу янз янзын ааш араншинтай. Хүнээс гарч болох бүхий л дүр Архайн дүрээр гарна. Хүний энэ бүх ааш аяг юунаас болж гардаг юм бэ, ямар нөхцөл байдал нөлөөлдөг вэ гэдгийг нийгэмдээ харуулахаар ажиллаж байна” хэмээлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү