П.Батсайхан: Бид цөөхүүлээ ч нэгдэж, багцалсан сум шиг байж чадвал эх орноо авч үлдэнэ


2019-03-04 11:14:16

Яруу найрагч, хутагт судлаач, СГЗ П.Батсайхан санаачлан, зохиолыг нь бичиж, Ерөнхий продюсераар нь ажилласан “2000” уран сайхны кино нээлтээ хийж, бүх кино театруудад гарч эхэллээ.

Тус кино нь түүхэн бодит кино бөгөөд Манж Чин гүрний эрхшээлд 200 жил дарлагдсан монголчууд эрх чөлөөнийхөө төлөө эрслэн боссон тэмцлийн нэгээхэн хэсэг болох Улиастайн 2000 цэргийн бослогын бодит түүхээс сэдэвлэн бүтээжээ.

Манжийн дарлалд байх үед Монгол айлд нуган үр мэндэлвээс баярлахаас илүүтэй айдаг байжээ. Учир нь нь тэр хүү нэг бол лам болж, насаараа үр удмаа үлдээхгүй сахил санваар хүртэнэ. Аль эсвэл хугацаагүй цэрэгт дайчлагдаж, хэзээ ирэх нь мэдэгдэхгүй амьдарна хэмээн кино эхэлж байгаа нь манжийн дарлалд ямархан хэцүү байсныг шууд илтгэнэ.

Уг кинонд  цэргүүдийг хоол хүнсээр нь дарамтлан, эсэргүүцсэн бүрийг 9 эрүү шүүлтээр оруулан, Манжийн пүүсүүд монголчуудыг их өрөнд унагааж байсан түүхийг ч уг кинонд шигтгэж өгчээ.

Энэ үеэр Ерөнхий продюсер, зохиолч МУСГЗ П.Батсайхантай цөөн хором хөөрөлдлөө.

-“2000” түүхэн кино нээлтээ хийж байна. Баяр хүргэе. Яагаад энэхүү киног хийх болов?

-Монгол Улсын сэргэн мандалтын үеийн түүхэнд мартагдаж байсан Улиастайд болсон 2000 цэргийн тулааныг түүхэн кино болгох сэдэл 40 жилийн турш Завхан аймгаас төрсөн хувилгаад, гэгээнтнүүдийг судалж ирсний үр дүнд гарч ирсэн. Энэ судалгааны явцад энэхүү Улиастайн 2000 цэргийн тулааныг судлах болсон юм. Энэхүү уран бүтээлээрээ дамжуулан Манжийн төрийг үзэн ядах сэтгэгдлийг төрүүлэлгүй, эсрэгээрээ хэн нэгнийг дүвийлгэж, магтаж гаргахыг хүсээгүй. Харин Улиастайд 1883 онд бодит байдал ямар байсныг л гаргаж, харуулахыг хичээлээ.

-“2000” гэж нэрлэсэн нь ямар учиртай юм бэ. Тэмцэж боссон 2000 цэргийн тоогоор нэрлэв үү?

-Тэгэлгүй яахав. Яах аргагүй л Улиастайн 2000 монгол эрчүүд нэгдэж мөхөж байгаа төрийн гал дунд мандах нарны гэрэл, зул хоёрыг асаасан юм. Манжууд өөрсдийгөө  бид тэнгэрийн улс. Төрийн хувьд мөнх гэж ойлгож бусдыг дарангуйлах дарангуйлал нь хэрээс хэтэрсэн байсан нь үнэн. 2000 цэргийн бослого бол Монголын эрх чөлөөний том үндэс болсон гэж ойлгодог. Мөн Завхан аймгаас төрсөн олон хутагт хувилгаадын хувь нэмэр их. Удахгүй би Дилав хутагтын кино бүтээнэ.

-Кинонд гарч байгаа дүрүүд хүртэл бодит нэрээр, яг тийм хүн байсныг илтгэж тоглож байгаа гэсэн үү?

-Тийм ээ. Бидний өвөг дээдэс буюу энэ зүйлийг тархиндаа баринтаглаж байсан хүмүүстэй уулзаж эх сурвалжаа болгосон. Амьд гэрчүүдээс судалгаа авч түүндээ түшиглэн зохиолоо бичсэн юм. Түүхийнхээ хувьд эхлээд цэрэг Онолт 2000 цэргийн бослогыг санаачилсан. Манжууд Онолтыг хөнөөчихсөн байдаг. Түүхээ судалж байхад тэр үеийн мэргэд төрийн хэрэгт айхтар оролцдог байсан байгаа юм. Энэ үйл явдлыг түүхэнд цэрэг Онолт, Энхтайван нарын бослого гэж бичсэн байдаг. Онолтын үйл хэргийг цэрэг Энхтайван үргэлжлүүлсэн түүхтэй. Тэр үед бослогыг зөвхөн цэргүүдийн дотор зохион байгуулсан уу гэвэл үгүй. Мэдээж эх орныхоо төлөө тэмцдэг түшмэд олон байсан. Засагт ханы, цаг үеийн байдлыг сүрхий мэдэрсэн сайд, түшмэдүүд цэргүүдтэй нэгдсэн. Тэдний түүхийг судалж байхад мөхөх төрийн бодлогон дунд мандах төрийн зул бадамлаж байдаг юм байна гэдгийг олж харсан. Бид хойч үедээ бодит түүх маань энэ байна гэдгийг л харуулахыг зорьсон. Энэ бослого түүхэндээ тод томруун тэмдэглэгдээгүй. Мэдээж эхлэл нь цэргийн хоол унд хомс, тэдний байр байдал хүнд байсантай холбоотой. Хужирбулангийнх ч тийм л байсан шүү дээ. Нэг талаар Манжийн ноёрхолд Монгол байгаагүй бол хэцүү гэж хэлнэ. Энийг бас бид бодох л ёстой. Манжийн төрийн зохион байгуулалт, айхтар бодлого зэргээс манайхан сурах зүйл их байсан.

-Энэ киногоор юуг хэлье гэж зорьсон бэ?

- Өнөөдөр монголчууд хоёр том гүрний дунд амьдарч байна. Хойч үедээ эх орныхоо тусгаар тогтнолын үнэ цэнийг мэдрүүлэх зорилготойгоор энэхүү киногоо бүтээсэн. Бид цөөхүүлээ ч гэсэн нэгдэж, багцалсан сум шиг байж чадвал эх орноо авч үлдэнэ шүү гэх санааг гаргахыг хичээлээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү