Абу Дабигийн Тусгай олимпын бамбар аслаа


2019-03-15 17:30:15

Хүн төрөлхтний хамгийн том хүмүүнлэгийн спорт хөдөлгөөн болох Тусгай олимпын нээлт АНЭУ-ын Абу Даби хотноо боллоо. Энэхүү хөдөлгөөн дэлхий дээр өрнөөд 50 жил болж байна. Манай улс нэгдэн ороод 5 жил л болж. 

Тусгай олимпын наадам оюуны ялгаатай хөгжилтэй хүмүүст “Та бүхнийг чадна, бусадтай л адил” гэх итгэлийг төрүүлэх, бусдад нь “Тэд бол бидний нэг. Тэдэнд биднээс өөр зүйл огтхон ч үгүй” гэдгийг хамгийн “чангаар” хэлдэг. Энэ удаагийн олимпын наадмын нээлт АНЭУ-ын Абу Даби хотын 45 мянган хүний суудалтай “Zayed sports city” цогцолборт боллоо.

Наадмыг нээж дэлхийн 12 орны залуусаас бүрдсэн хамтлаг дуулж, бүжиглэн цэнгэлдэхийг доргиосон. Тэдний араас DJ BLESS олимпын нээлтийг хөглөсөн юм.

Абу Дабигийн тусгай олимпын нээлтэд үзүүлсэн бүх үзүүлбэр утга учиртай байв. Үйл хөдлөл бүхэн нь Тусгай олимпын наадамд оролцохоор зорин ирсэн дэлхийн 190 орны залуусыг хүндэтгэсэн агуулгатай байсан нь сэтгэл хөдөлгөх нэгэн зүйл байлаа. 

Нээлтийн арга хэмжээнд олон улсын Тусгай олимпын хорооны ерөнхийлөгч Тим Шрайвэр оролцож, "Энэ бол та бид нэгнийгээ хүлээн зөвшөөрөх боломж. Эндээс ундарч буй хайрыг мэдэрсэн та аль хэдийнэ ялагч болсон" хэмээн хэлж, тамирчдад урам зориг өгсөн юм.

Энэ удаагийн олимпын наадамд дэлхийн 190 орны 7500 тамирчин оролцож буй. Олимпын он тооллыг эхлүүлсэн Грекийн баг эдгээр орнуудыг манлайлан олимпын нээлтэд алхсан. Энэ удаа үсгийн дарааллаар бус хост таунд байрлаж байсан хотуудынх нь дарааллаар алхуулсан тул манай улсын багт нэлээн эрт алхах боломж олдсон юм. Манай улсын баг тамирчдыг нутгийнхаа цаг агаар, зан заншил, хоол хүнсэнд дасгахаар хүлээн авсан хот бол Рас аль Хайма хот. Энэхүү хотод манай улсаас гадна 9 орон байрлаж, олимпын өмнө бэлтгэлээ базаасан юм.

Дэлхийн 190 орны дунд нэгнээ танихгүй шахуу олуулаа тусгай олимпыг зорин ирсэн нь байхад хоёр, гурвуулханаа ирсэн нь ч байна. Манай улс 2015 онд удаа АНУ-д болсон Тусгай олимпын зуны наадамд оролцож байсан...

Харин энэ удаа бол 28 тамирчин спортын 8 төрлөөр өрсөлдөхөөр АНЭУ-д ирээд буй. Тив дамжин энэхүү наадмыг зорьсон эдийн засгийн боломж тааруу манай улсын хувьд энэ бол “том” тоо.

Учир нь Тусгай олимпын баримталдаг зарчмуудын нэг бол тухайн олимпын наадамд оролцох тамирчин өөрөө зардлаа даах, гэр бүлд нь дарамт үүсгэхийг хориглодог. Тийм учраас Монголын тусгай олимпын хороо тамирчид болон багш нарынхаа замын зардлыг олох гэж багагүй хөдөлмөр зарцуулдаг билээ.

Тиймээс эдгээр тамирчдыг Тусгай олимпын хөдөлгөөнд нэгдэн, хамгийн чухал итгэлийг олж авах боломжийг олгосон хүмүүстээ талархаж байна. Оюуны ялгаатай хөгжилтэй эдгээр залуусын энд үзэж өнгөрүүлсэн бүхэн амьдралыг нь өөрчлөх алтан мөч.

Мөн newspress.mn сайт Монголоос анх удаа энэхүү хүмүүнлэгийн хөдөлгөөнд нэгдэж, эдгээр хүмүүсийн дуу хоолой болсноороо өөр хэн нэгний хандлагыг өөрчилж, итгэл бэлэглэх өчүүхэн алхам хийхээр оролдож буй явдал юм.

Бидний өнөөдөр хийж буй бүхэн ирээдүйд үнэ цэнээ олж, Тусгай олимпын наадмын нээлтэд илүү олон хүн алхаж, оюуны ялгаатай хөгжилтэй хүн гэртээ үлдэх бус гудамжаар итгэл дүүрэн алхах гэрэлтэй ирээдүйг бүтээнэ гэсэн итгэл үнэмшил бидэнд бий. Энэхүү алхмыг хийхэд "Сүндий сан"-гийн хамт олон дэмжиж, зоригжуулсан юм.

 

Олимпын нээлтийн хамгийн торгон агшин бол олимпын бамбарыг залах ёслол. Олимпын бамбарыг цэнгэлдэхэд залахдаа тэнгэрээс буулгаж ирсэн нь нэгэн сэтгэл хөдөлгөсөн шийдэл байв. Дэлхийн найман орны төлөөлөл болсон тамирчид цэнгэлдэхэд буухиалан, олимпын бамбарыг асаасан юм. Ийнхүү Абу Дабигийн Тусгай олимпын бамбар аслаа. 

Тусгай олимпын наадам бол бид нэг дэлхий дээр амьдарч буйгаа мэдэрч, хүн болж төрснийхөө мөн чанарыг ойлгох боломж. Тийм учраас энэ бол зүрхээ хайраар цэнэглэх боломж юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү