М.Оргил: Олон тэрбум долларын эргэлттэй киноны зах зээлээс тодорхой хувийг Монгол руу чиглүүлнэ


2019-05-09 23:33:07

Монголын үндэсний кино хороо 2017 онд үүсгэн байгуулагдсан байна. Тус хороо нь олон улсын томоохон кино төсөл, хөрөнгө оруулалтыг эх орондоо татах, монголын кино уран бүтээлчдэд бодит дэмжлэг үзүүлэх, киногоор дамжуулан үндэсний өв соёл, ёс заншлаа дэлхийд таниулах зорилготой юм. 

Тус хорооны талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн кино салбар хариуцсан орон тооны бус зөвлөх, жүжигчин, продюсер М.Оргил мэдээлэл хийлээ. Тэрбээр "Бид 2017 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэмжлэгтэйгээр дэлхийн олон улсын 300 гаруй кино хороог нэгтгэсэн "Association of Film Commissioners International" /AFCI/ буюу Олон улсын кино хороодын ассоциацийн албан ёсны гишүүн болсон. Тус байгууллагад элссэнээр Холливуудын кино компаниудтай шууд харилцаж, тэдэнд кино зураг авалт хийхэд шаардлагатай тоног төхөөрөмж, мэргэжлийн баг, жүжигчид, өвөрмөц байршлын нөөц бололцоо Монголд их байдаг талаарх мэдээллийг хүргэх боломжтой болсон юм. 

Ингэснээр олон тэрбум долларын эргэлттэй киноны зах зээлээс тодорхой хувийг Монгол руу чиглүүлж, Монголыг олон улсад танигдсан кино үйлдвэрлэлийн төв болгох үүд хаалга нээгдэж байгаа юм” гэв.

Мөн улстөржилтөөс болоод соёл урлаг хариуцсан яам татан буугдсан. Үнэндээ энэ яам тун их хэрэгтэй байсан юм. Өнөөдөр Монголд Киноны тухай хууль нэн шаардлагатай байгааг ч хэлэв.

Монголын үндэсний кино хороо нь алдартай хэвлэлүүд болох Hollywood Reporter, Variety зэрэг сонин, сэтгүүлтэй харилцаа холбоо тогтоож, Монгопын кино урлагийн салбарын мэдээллийг байнга өгч, дэлхий дахинд хүргэх боломжтой болсон байна. Тиймээс УИХ-д өргөн барьсан "Кино урлагийг дэмжих тухай хууль"-ийн эрх зүйн орчин бүрдүүлэхээр гадаадын томоохон хуулийн фермтэй хамтран ажиллаж байгаа гэдгийг онцоллоо.

Мөн Монголын үндэсний кино хорооны гадаад харилцаа хариуцсан ажилтан Ж.Мишээл Монголын үндэсний кино хороо олон улсын жишигт нийцсэн Монголын анхны кино үйлдвэрийн төслийг боловсруулж дууссан гэдгийг хэллээ. Тэрбээр Польш улсад амьдардаг бөгөөд тус улсын “Өргөмөл гэр бүл” гэх телевизийн олон ангит кинонд Ази охины дүрийг бүтээсэн бөгөөд сүүлийн 10 гаруй жил тоглосон байна.

Монголын үндэсний кино хороо нь алдартай хэвлэлүүд болох Hollywood Reporter, Variety зэрэг сонин, сэтгүүлтэй харилцаа холбоо тогтоож, Монгопын кино урлагийн салбарын мэдээллийг байнга өгч, дэлхий дахинд хүргэх боломжтой болсон байна.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү