Л.ЧИБАЯР: ОЙРЫН МӨРӨӨДӨЛ МИНЬ ДЭЛХИЙН УЛС ОРНУУДААР АЯЛЖ, ХООЛЫГ НЬ ХИЙЖ СУРАХ


2019-08-27 15:02:21

ОХУ-ын Казань хотноо болж буй Дэлхийн ур чадварын тэмцээнд 63 орны 1300 гаруй залуустай өрсөлдөж буй Монголын багийн гишүүдийг эксперт багш нарынх нь хамт танилцуулж байна.

Хүнс технологийн политехник коллежийн оюутан Лхагва-Очирын Чибаяр тогоочийн мэргэжлээр 2016 оноос хойш суралцаж байгаа. Анх төрсөн нутаг Хөвсгөлийнхөө МСҮТ-ийн тогоочийн ангид орсон нь үнэндээ бол ээжээс нь улбаатай. Түүний ээж Уртнасан тогооч. Жуулчны баазад ажилладаг ээжийнхээ хийдэг амттай хоолыг идэж өссөн болохоор ч тэр үү хоолны урлагт багаасаа татагдсан нэгэн аж.
Есдүгээр ангиа төгссөн жилээ ээжийгээ дагаж жуулчны баазад ажилласан тэр зун ирээдүйнхээ сонголтыг эргэлт буцалтгүйгээр хийж хоол үйлдвэрлэлийн салбарт зүтгэх сайн мэргэжилтэн болохоор шийдсэн гэнэ.

Хөвсгөлд МСҮТ төгсөөд хотод ирж Хүнс технологийн политехник коллежийн технологичоор дэвшин суралцаад өнгөрсөн хавар төгссөн бөгөөд сурч байх хугацаандаа “Монгол ур чадвар” тэмцээнд 2016 оноос хойш үе шат бүхэнд нь оролцож мэргэжлийн ур чадвараар үе тэнгийнхнээ тэргүүлсээр ирсэн юм. 2017 оны Абу Дабигийн тэмцээнд явах эрхийн төлөө сүүлийн шатны өрсөлдөөнд тун ч цөөхөн оноогоор ялагдсан ч Дэлхийн ур чадварын олимпод заавал оролцоно гэсэн хатуу зорилго өмнөө тавьж хичээллэснээр Казаньд дэлхийн шилдгүүдтэй хүч сорих боломжтой болсон байна.

Казанийн тэмцээнд тогоочийн мэргэжлээр өрсөлдөх хүүхдүүдэд даалгаврыг ерөнхий байдлаар өгсөн болохоос чухам ямар бүтээгдэхүүн ашиглаж ямар хоол хийх вэ гэдэг тэмцээний үеэр л тодорхой болно. Хамгийн гол нь залуус хоол боловсруулах технологийг хэр сайн эзэмшсэн, хоолны урлагт ур чадвар нь хүрч байна уу гэдгээ гайхуулахаас гадна хүнсний болоод хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллах үүрэгтэй.

Чибаярын хувьд 2016 оноос хойш олон улсын чанартай хэд хэдэн тэмцээнд оролцоод амжсан учраас гадны гал тогоонд ажиллах сэтгэл зүйн бэлтгэлийг хэдийнэ хийчихсэн гэнэ.

Тэмцээний үеэр ямар төрлийн хоол ирвэл хэцүү байх бол гэхэд “Тогооч болохоор сурч эхэлсэн цагаасаа л бүх төрлийн хоолны чиглэлд өөрийгөө хөгжүүлэхийн тулд тоо томшгүй олон оролдлого туршилтуудыг хийж үзсэн болохоор тийм хоол ирвэл яана аа гэсэн айдас надад байхгүй” хэмээн тун ч итгэлтэй хариулж байлаа.

Түүний ойрын мөрөөдөл дэлхийн улс орнуудаар аялж, хоолыг нь хийж сурах. Хамгийн түрүүнд жинхэнэ европ гал тогоог мэдрэхийн тулд Герман, Итали, Францад очмоор байгаа гэнэ. Холын зорилго нь Монголын Швейцарь Хөвсгөлдөө ирсэн жуулчдыг үндэснийх нь хоолоор дайлахаас гадна монгол хоолны урлагийг гайхуулах хамгийн шилдэг зоогийн газрыг ажиллуулах. Үүний тулд тасралтгүй сурч байгаа. Сүүлийн үед итали хоолонд нэлээдгүй дурлаад байгаа гэнэ. Ази хоолыг ч бас сайн хийж сурахыг хичээдэг гэж ярьсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү