“Virtuoso Gala Concert-2019” гарамгай уран бүтээлчдийн нэгдсэн тоглолт 17 дахь жилдээ


2019-10-02 16:47:00

2018, 2019 онд эх орондоо болон гадаадын нэр хүндтэй тайзнаа амжилттай дуулж, хөгжимдсөн уран бүтээлчид, өсвөрийн хөгжимчид, залуу сопрано хоолойтнууд дэлхийн сонгодог болон Монголын хөгжмийн зохиолчийн бүтээлийг уран чадварлаг тоглож, дуулж, үзэгч, сонсогчдыг их урлагийн сэтгэл хоргодом ертөнцөөр аялуулах үдэш болно.

Уран бүтээлчид:

  • Б.Насанжаргал 7 настай. МУК-ийн хийлийн ангийн сурагч.
  • З.Амин-Эрдэнэ 8 настай. МУК-ийн төгөлдөр хуурын ангийн сурагч
  • Э.Эмүжин Өсвөрийн хийлч. МУК-ийн 9 дүгээр ангийн сурагч
  • Э.Энхманлай Залуу төгөлдөр хуурч. МУК-ийн I курсийн оюутан
  • О.Төмөрхуяг Морин хуурч. Морин хуурын чуулгын гоцлол хөгжимчин
  • Ч.Ану Сопрано. МУК-ийн төгсөгч
  • Т.Бат-Үжин Сопрано. МУК-ийн магистрант
  • Цохивор хөгжмийн квартет. ДБЭТ, ҮУИТ, МУК-ийн хөгжимчид:
  • С.Хүлэгбаатар, Э.Түвшинсайхан, О.Билгүүн, Т.Хастөр
  • Ж.Доржсүрэн Виолончельч. Улсын филармонийн симфони оркестрын хөгжимчин
  • Модон үлээвэр хөгжмийн квинтет. Улсын филармонийн хөгжимчид:
  • Б.Энхтуул, О.Тэргэл, Б.Дарханбаатар, Х.Тунгалаг, Б.Бат-Эрдэнэ
  • Б.Уранзолбоо Меццо сопрано. ДБЭТ-ын гоцлол дуучин
  • Н.Жүрмэддорж Эвэр бүрээч. ҮУИТ-ын гоцлол хөгжимчин
  • Б.Монголхүү Баритон. ДБЭТ-ын гоцлол дуучин
  • Эгшиглэх бүтээлүүд:
  • Зейтц, концерт no 5. I анги (хийл)
  • К.Черни, этюд. 299 no.38 (төгөлдөр хуур)
  • Хюбай, “Hubay-Carmen” (хийл)
  • М.Равель, Токката (төгөлдөр хуур)
  • Д.Поппер, Тарантелла (морин хуур)
  • Ж.Верди, “Хувь заяаны хүч” дуурийн Леонорагийн ари “Pace pace mio dio” (сопрано)
  • В.А.Моцарт “Увдист лимбэ” дуурийн Шөнийн хатны ари (сопрано)
  • Минору Мики, “Маримбын гайхамшиг” (цохивор)
  • П.И.Чайковский, пеццо каприччио (виолончель)
  • Жак Иберт, Гурван жижиг аяз (модон үлээвэр)
  • Ж.Россини, “Итали бүсгүй Алжирт” дуурийн Изабеллагийн ари (меццо сопрано)
  • Ш.Өлзийбаяр, эвэр бүрээд зориулсан концерт (эвэр бүрээ)
  • И.С.Бах, Ари (баритон)

Уран бүтээлчдийн танилцуулга

Б.Насанжаргал Консерваторийн Сонгодог хөгжмийн сургуулийн 2-ын “А” ангид хийл хөгжмөөр суралцагч

Мэргэжлийн багш БТА, СТА, олон улсын уралдааны шүүгч Ж.Энхтуяа

Сурагч Б.Насанжаргал 2017 онд БНСУ-ын Сөүл хотод болсон Залуу хегжимчдийн олон улсын уралдаанд III байр, 2019 оны гуравдугаар сард Монгол Улсад болсон өсвөрийн хөгжимчдийн “Талант ” уралдааны бага насны ангилалд I байр, 2019 оны долдугаар сард Австри, Голланд улсад болсон “Grand Preise” уралдаанд бичлэгээр I байр, 2019 оны тавдугаар сард БНЧУ-д болсон тус улсын алдарт хийлч Koсианы нэрэмжит олон улсын өсвөрийн хийлчдийн 61 дүгээр уралдаанд IV байр эзэлсэн. Тус уралдааны хамгийн бяцхан оролцогч тэрбээр шагналтнуудын гала концертод уригдаж тоглон, олон орны хийл хөгжмийн мэргэжилтнүүдийн хайрыг татаж, талархлын үгсээр мялаалгаж байлаа.

З.Амин-Эрдэнэ

Консерваторийн Сонгодог хөгжмийн сургуулийн 3-ын “А” ангид төгөлдөр хуур хөгжмөөр суралцагч

Мэргэжлийн багш дэд профессор, БТА, СТА, Монгол Улсын соёлын элч  С.Саянцэцэг

Сурагч З.Амин-Эрдэнэ 2016 оноос төгөлдөр хуурч С.Саянцэцэг багшийн удирдлагад суралцаж байна. Багш нь авьяаслаг сурагчийнхаа ур чадварыг тэлэх зорилгоор Монголынхоо болон олон улсын уралдаануудад бэлтгэж, амжилттай оролцуулсаар ирсэн. Багш, сурагч хоёрын хамтын амжилтаас дурдъя.

Сурагч З.Амин-Эрдэнэ БНСУ-ын Сөүл хотод болсон “KYA” олон улсын анхдугаар уралдаанд II (2017), Испани улсын Уэска (HUESCA) хотод болсон  “CiudedHuesca” олон улсын XIII уралдаанд I (2018), Москвад болсон суут хөгжмийн зохиолч С.Рахманиновын (S.Rachmaninov) нэрэмжит олон улсын анхдугаар уралдаанд тусгай (2018), Монголын Хүүхдийн ордноос зохион байгуулсан “Forte&Piano” улсын VI уралдаанд I, МУК-оос зохион байгуулсан З.Хангалын нэрэмжит уралдаанд I (2018), мөн тус сургуульд зохион байгуулсан И.С.Бах-д зориулсан “XXI зууны хөгжмийн өргөл” уралдаанд тусгай (2018), Испани улсын BENASQUE хотод болсон “Beyond the music” IX наадам, уралдаанд I (2018), Парис хотод болсон “Flame” XXIX уралдаанд II (2018), Англи улсад болсон ”Windsor” IY уралдаанд II (2018), Итали улсад болсон “IBLA” уралдаанд II (2018), Испани улсын HUESCA хотноо болсон “CiudedHuesca” XIY уралдаанд I байр (2019) тус тус эзэлсэн.

Монгол Улсын Консерваторид болсон хөгжмийн зохиолч, УГЗ Ч.Сангидоржийн 80 насны ойд зориулсан түүний нэрэмжит наадам-уралдаанд Гран при шагнал (2019), Хонконгод болсон Ази, Номхон далайн орнуудын өсвөрийн хөгжимчдийн олон улсын YI уралдааны өөрийн насны хоёр ангилалд I байрт шалгаран,  алтан цомын эзэн болсон. “И.С.Бахын зохиол” ангилалд мөн I байрт шалгарч, алтан цомын эзэн болсон (2019). 2019 оны 6 дугаар сарын 20-30-нд Испани улсын BENASQUE хотод болсон “Beyond the music” олон улсын X наадам, уралдаанд I байр эзэлж, алтан медаль хүртсэн. 2019 оны намар С.Саянцэцэг багштайгаа хамт Москва явж,  П.И.Чайковскийн нэрэмжит Консерваториос зохион байгуулсан олон улсын мастер класс-д хамрагдаж, тус сургуулийн эрдэмтэн, профессоруудаас мэргэжлийн зөвлөгөө авч ирсэн. 

Сурагч З.Амин-Эрдэнэ нь Монгол Улсын Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын “Авьяас” медальтан (2017, 2018). Монгол Улсын Консерваторийн Мэргэжлийн төгөлдөр хуурын тэнхмийн 2018 оны “Шилдэг сурагч” өргөмжлөлтэй. Монголын сурагчдын холбоо дээд шагнал “Оны тэргүүний сурагч” алтан медаль, батламжаа олгосон (2018).

3. Э.Эмүжин

Консерваторийн Сонгодог хөгжмийн сургуулийн 9-ийн “А” ангид хийл хөгжмөөр суралцагч

Мэргэжлийн багш Д.Галбадрах, БТА, СТА, докторант Д.Жаргал

Сурагч Э.Эмүжин ХБК-д 2011 онд элсэн орсон бөгөөд хийл хөгжмийн мэргэжлийн Д.Жаргал багшийнхаа удирдлагад амжилттай суралцаж, эх орондоо болон гадаад орнуудын тайзнаа удаа дараа амжилт гаргаж, багш нараа, ээж, ааваа баярлуулж ирсэн түүхтэй. Оросын холбооны Буриад улсад болсон “Найдал” олон улсын уралдааны 2,3 дугаар байр эзэлж байв.

2014 онд БНЧУ-д болсон тус улсын алдарт хийлч  Косианы нэрэмжит өсвөрийн хийлчдийн олон улсын уралдаанд III байр, ОХУ-д болсон “Новые имена” олон улсын уралдаанд тэргүүн байр эзэлсэн. Эдгээр болон бусад үзүүлэлтээр 2016 онд “ХБК-ийн шилдэг сурагч” болов. Дараа жил  нь мөн БНЧУ-д болсон тус улсын алдарт хийлч  Косианы нэрэмжит өсвөрийн хийлчдийн олон улсын уралдаанд дахин III байр эзэлсэн. Тухайн жилд сургуулийнхаа “Шилдэг уран бүтээлч сурагч” өргөмжлөл хүртсэн бөгөөд улмаар Монгол Улсын шилдэг хүүхдээр тодорсон юм.

Казахстан улсад 2017 онд болсон П.И.Чайковскийн нэрэмжит залуу хөгжимчдийн X уралдаанд оролцохдоо Шүүгчдийн нэрэмжит шагнал хүртэж байлаа. Мөн тухайн жилд Ардын жүжигчин Ж.Чулууны нэрэмжит өсвөрийн хөгжимчдийн XI уралдааны ”Б” ангилалд тэргүүн байр эзэлсэн.

Сурагч Э.Эмүжин 2018 оноос хийл хөгжмийн мэргэжлийн багш Д.Галбадрахын удирдлага дор суралцаж байгаа бөгөөд  2019 онд Монгол Улсын Консерваторид болсон чавхдаст хөгжимчдийн “Талант” анхдугаар уралдаанд тэргүүн байр эзэлж, Гран при шагнал хүртсэн юм.

4.Э.Энхманлай Консерваторийн Сонгодог хөгжмийн сургуулийн I курст төгөлдөр хуурч мэргэжлээр суралцагч оюутан

Мэргэжлийн багш дэд профессор, БТА, СТА, Монгол Улсын соёлын элч С.Саянцэцэг

Э.Энхманлай 2008 онд ХБК-ийн төгөлдөр хуурын ангид элсэн орсон. 2012 оноос төгөлдөр хуурч, дэд профессор С.Саянцэцэг багшийн удирдлага дор суралцаж байгаа бөгөөд эх орондоо болон гадаад орнуудын тайзнаа амжилт гаргасаар ирлээ. Тэрбээр:

2014 онд Хонконгод болсон олон улсын өсвөрийн төгөлдөр хуурчдын анхдугаар тэмцээнд амжилттай оролцсон. Тэр жилдээ ХБК-ийн хэмжээнд зохион байгуулсан “Virtuosо-2014” этюдийн уралдааны “D” ангилалд  II байр эзэлсэн. 2015 онд Испани улсын Бенаске хотод болсон олон улсын цөөхүүл хөгжмийн “Beyond the music” VI наадамд “Junior” ангилалд хоршин тоглох  төрөлд Н.Энхсаруултай хамтран амжилттай тоглож, тэргүүн байр эзэлсэн. 2016 онд ХБК-д зохион байгуулсан И.С.Бахад зориулсан “XXI зууны хөгжмийн өргөл” уралдаанд I байр эзэлж, алтан диплом гардсан. 2017 онд Ардын жүжигчин Ж.Чулууны нэрэмжит олон улсын өсвөрийн төгөлдөр хуурчдын уралдааны “А” ангилал I байр эзэлсэн. 2018 онд И.С.Бахад зориулсан “XXI зууны хөгжмийн өргөл” уралдаанд I байр эзэлж, алтан диплом авсан.

2018 онд Испани улсын Бенаске хотод болсон олон улсын цөөхүүл хөгжмийн “Beyond the music” IX наадам-уралдаанд амжилттай оролцож, тэргүүн байр эзэлсэн. Мөн тухайн онд Парис хотод болсон “Флэим” төгөлдөр хуурчдын олон улсын уралдаанд III байр эзэлж, Их Британид болсон “Виндзор” олон улсын төгөлдөр хуурчдын уралдаанд IV байрт шалгарсан. Тэр зунаа Италийн  Сицил дэх “Ибла” олон улсын хөгжмичдийн уралдаанд II-р байр эзэлж, М. Равелийн бүтээлээр  тусгай шагнал хүртсэн.

2018 онд эх орондоо болон олон улсад гаргасан амжилтуудыг нь үндэслэж Засгийн газрын Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар “Авьяас” алтан медаль олгов. Мөн тухайн онд сургуулийнхаа “Оны шилдэг Сурагч-Оюутан” өргөмжлөл хүртсэн. 2019 онд Монголын сурагчдын холбоо “Авьяаслаг сурагч” алтан медаль гардууллаа.

Э.Энхманлай 2019 оны тавдугаар 8-нд анхны бие даасан тоглолтоо сургуулийнхаа есдүгээр ангийн сурагч Б.Аранзалтай хамтран амжилттай хийсэн. Мөн Испани улс Бенаске хотод болсон олон улсын цөөхүүл хөгжмийн “Beyond the music” наадамд В.А.Моцартын концертыг оркестртой амжилттай тоглосон. 2018 онд Консерваторийн Мэргэжлийн төгөлдөр хуурын тэнхимээс зохион байгуулсан Шилдэг оюутан, сурагчдын тоглолтод амжилттай тоглов.

О.Төмөрхуяг

Морин хуурч. Морин хуурын чуулгын гоцлол хөгжимчин

Тэрбээр 2008 онд ХБК (өдгөө Монгол Улсын Консерватори)-д элсэн орсон. Ардын жүжигчин Ц.Батчулуун багшийн удирдлага дор суралцаж байгаад морин хуурч З.Хосбаяр багшийн шавь болж, 2018 онд сургуулиа төгссөн. Үе тэнгийн хуурч залуустай морин хуурын “Чавхдас” дөрвөлийн бүрэлдэхүүнд тоглодог. Дөрвөлийнхөө бүрэлдэхүүнд 2015 онд Швед, Норвег, Дани, ОХУ, Япон улсад уран бүтээлээ толилуулсан. 2015 оноос хойш  Морин хуурын чуулгын хөгжимчнөөр ажиллаж байгаа бөгөөд 2017 онд ДБЭТ-ын тайзнаа уран бүтээлийн тоглолтоо хийсэн. 2019 оны хавар ОХУ-д болсон Монголын соёлын өдрүүдээр Санкт-Петербурн хотын “Капелла” театрын тайзнаа төрийн шагналт хөгжмийн зохиолч З.Хангалын морин хуурт зориулсан концертыг Морин хуурын чуулгатай эгшиглүүлсэн.

Мөн морин хуурт зориулсан томоохон бүтээл хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаярын морин хуурт концерт зориулсан концертыг тоглож байв.

 

6. Ч.Ану Сопрано. Монгол Улсын Консерваторийн төгсөгч
Мэргэжлийн багш Монгол Улсын Гавьяат жүжигчин Д.Долгормаа

Залуу дуучин Ч.Ану 2014 онд Ардын жүжигчин С.Гончигсумлаагийн нэрэмжит Хөгжим бүжгийн коллежд дуурийн дуулаач мэргэжил эзэмшихээр элсэн орж, дуурийн гоцлооч, Гавьяат жүжигчин Д.Долгормаа багшийн удирдлагад таван жил суралцаад Монгол Улсын Консерватори төгссөн залуу уран бүтээлч юм. Суралцаж байх хугацаандаа Монголын хөгжмийн зохиолчдын болон дэлхий дуурийн суутнуудын зохиол бүтээлтэй танилцаж, сургуулийн концерт, мэргэжлийн уралдаануудад идэвхтэй, амжилттай оролцож ирсэн. Нэгдүгээр курст суралцаж байхдаа сургуулиас нь зохион байгуулсан хятад дуу дуулаачдын уралдаанд II, СУИС-иас дуурийн дуулаачаар суралцагч оюутнуудынхаа дунд зохион байгуулдаг “Лавай” уралдаанд Х.Билэгжаргалын “Ламбугуайн нулимс” дуурийн Цэрэнлхамын ари дуулж II байр эзэлсэн. Консерваторийн оюутнуудын уран бүтээлийн “Мөнгөн өвөл” симфонийн наадамд сургуулийнхаа симфони найрал хөгжимтэй Ж.Вердийн “Хувь заяаны хүч” дуурийн Леонорагийн ари дуулсан нь амжилттай болсон.    Тэрбээр П.И.Чайковскийн романсуудыг дуртай бөгөөд “День ли царит”-ыг нь өөрийн болгож, урын сандаа нэмжээ.

7. Т.Бат-Үжин Сопрано. Монгол Улсын Консерваторийн магистрант

Мэргэжлийн багш Монгол Улсын гавьяат жүжигчин, хүндэт профессор А.Бүтэд

Залуу дуучин Т.Бат-Үжин 2011 онд ХБК-ийн ятга хөгжмийн ангид элсэн, АБТА, СТА Ё.Отгонтуяа багшийн удирдлагад суралцаж мэргэжлийн боловсрол эзэмшсэн. 2015 оноос Монгол Улсын Консерваторийн дуурийн дуулаачийн ангид МУГЖ, АБТА, хүндэт профессор А.Бүтэд багшийн удирдлагад суралцаж, сургуулиа 2019 онд төггсөн.

Суралцах хугацаандаа 2017 онд СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургуулиас дуурийн дуулаач мэргэжлээр суралцдаг оюутнуудын дунд зохион байгуулсан”Лавай-2” уралдааны “Б” ангилалд тусгай байр эзэлсэн. Мөн тухайн жилдээ Монгол Улсын Консерваториос зохион байгуулсан дуулаачдад зориулсан дэлхийн болон үндэсний сонгодог бүтээлүүдийн IV уралдаанд тусгай байрын шагнал хүртсэн. 2019 онд СУИС-ийн “Лавай-3”  уралдааны “А” ангилалд III, мөн Монгол Улсын Консерваториос зохион байгуулсан дуулаачдад зориулсан дэлхийн болон үндэсний сонгодог бүтээлүүдийн V уралдаанд тэргүүн байр тус тус эзэлсэн.

Эдүгээ Консерваторийн магистрантурт дуурийн гоцлооч, Монгол Улсын Гавьяат жүжигчин, хүндэт профессор А.Бүтэд багшийнхаа удирдлагад суралцаж байна.

8. Цохивор хөгжмийн квартет:ДБЭТ, ҮУИТ, Консерваторийн хөгжимчид:

С.Хүлэгбаатар, Э.Түвшинсайхан, Т.Хастөр, О.Билгүүн

Цохивор хөгжмийн дөрвөлийн бүрэлдэхүүнд багтдаг хөгжимчдийг танилцуулъя.

Багийн ахлагч С.Хүлэгбаатар ДБЭТ-т цохивор хөгжимчнөөр ажилладаг.

Тэрбээр 2010 онд ХБК-д элсэн орж, 2019 онд Монгол Улсын Консерватори төгссөн. Суралцаж байх хугацаандаа 2013 онд Монгол Улсад мэргэжлийн цохивор хөгжимчин бэлтгэж эхэлсний 50 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан цохивор хөгжимчдийн уралдаанд II байр эзэлсэн.

2017 онд сургуулийнхаа “Оны шилдэг оюутан” болсон.

2017 онд БНХАУ-ын Хайнан хотод болсон олон улсын хөгжимчдийн наадамд цохивор хөгжмийн хамтлагаараа Монгол Улсаа төлөөлөн амжилттай оролцож, тоглосон.

О.Билгүүн Консерваторийн II курсийн оюутан.  Тэрбээр 2012 онд ХБК-д элсэн орсон. Дунд ангийн сурагч байхдаа Монголын сурагчдын холбооны “Тэргүүний сурагч” өргөмжлөлийн эзэн болсон тэрбээр цохивор хөгжмийн бүхий л төрөл зүйлд амжилттай суралцаж байна.

Хамтлагийн эмэгтэй гишүүн Э.Түвшинсайхан Үндэсний урлагийн их театрын хөгжимчин. Тэрбээр 2008 онд ХБК-д элсэн орж, 2018 онд Монгол Улсын Консерватори төгссөн. 2013 онд Монгол Улсад мэргэжлийн цохивор хөгжимчин бэлтгэж эхэлсний 50 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан цохивор хөгжимчдийн уралдааны “B” ангилалд тэргүүн байр эзэлсэн. 2018 онд Оросын холбооны Буриад улсад болсон үлээвэр, цохивор хөгжимчдийн олон улсын “Найдал” уралдаанд насны ангилалдаа тэргүүн байр эзэлсэн.

“Жанцанноров” сангаас зохион байгуулдаг Хөдөлмөрийн баатар, Төрийн хошой шагналт Н.Жанцанноровын нэрэмжит хөгжмийн зохиомжийн уралдааны 2018 оныход хоёр бүтээл нь I  болон II байр эзэлсэн.

Т.Хастөр 2008 ond ХБК-д элсэн орсон. 2013 онд Монгол Улсад мэргэжлийн цохивор хөгжимчин бэлтгэж эхэлсний 50 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан цохивор хөгжимчдийн уралдаанд насны ангилалдаа II байрт шалгарч байв. 2018 онд Оросын холбооны Буриад улсад болсон үлээвэр, цохивор хөгжимчдийн олон улсын “Найдал” уралдаанд дунд насныхны ангилалд II байр эзэлсэн.

Ж.Доржсүрэн Виолончельч. Улсын филармонийн хөгжимчин

Хөгжимчин 2003 онд ХБК-д элсэж, виолончель хөгжмийн багш Б.Ариунтуяагийн удирдлагад суралцсан бөгөөд багш нь гадаадад ажиллах тул тус сургуулийн виолончель хөгжмийн багш Ш. Дуламсүрэнгийн удирдлагад үргэлжлүүлэн суралцсаар 2017 онд сургуулиа төгссөн.

Суралцах хугацаандаа 2008, 2012 онд Ардын жүжигчин Ж. Чулууны нэрэмжит утсан хөгжимчдийн олон улсын уралдаанд оролцож, тусгай болон  III байр эзэлсэн. Оюутан байхаасаа Улсын филармонийн симфони найрал хөгжимд хөгжимчнөөр ажиллаж байсан бөгөөд, төгсөөд тус оркестрт жинхлэн ажилласан.

Армен улсын Комитасын нэрэмжит Ереваны Консерваторид Месропян багшийн удирдлагад суралцан магистр зэрэгтэй 2019 онд төгсөж ирээд Улсын филармонийн симфони найралд хөгжимд ажиллаж байна.

Тэрбээр 2017 онд Армен улсын Гюмри хотод зохион байгуулсан “Renaissance” олон улсын фестиваль-уралдаанд тоглож I байр эзэлж, 2019 онд Гүрж улсын Тбилис хотод болсон Марине Яшвилийн нэрэмжит олон улсын хөгжимчдийн уралдаанд  амжилттай оролцсон.

 

 

 

Модон үлээвэр хөгжмийн квинтет

Улсын филармонийн хөгжимчид: Б.Энхтуул, О.Тэргэл, Б.Дарханбаатар, Х.Тунгалаг, Б.Бат-Эрдэнэ

Б.Энхтуул 2003-2013 онд ХБК-д суралцаж төгссөн. 2012 онд Ардын жүжигчин Ж.Чулууны нэрэмжит өсвөрийн хөгжимчдийн олон улсын уралдаанд тусгай байр эзэлсэн. 2010 оноос Улсын филармонийн симфони найрал хөгжимд ажиллаж байна.

О.Тэргэл 2009-2005 онд ХБК, 2015-2019 онд Монгол Улсын Консерваторийг бакалаврын зэрэгтэй төгссөн. 2012 онд Ардын жүжигчин Ж.Чулууны нэрэмжит хөгжимчдийн олон улсын X уралдаанд II байр эзэлсэн. 2016 онд ОХУ-ын Эрхүү хотод болсон “Найрамдлын симфони” олон улсын хөгжмийн их наадамд амжилттай оролцсон.

Б.Дарханбаатар 2017 онд ХБК-ийг валторн хөгжмийн мэргэжлээр Н.Дагвадорж багшийн удирдлага дор төгссөн. Одоо Монгол Улсын Консерваторийн бакалаврын III  курсын оюутан. Монгол Улсын Филармонийн симфони найрал хөгжимд ажилладаг. Ардын жүжигчин Ж.Чулууны нэрэмжит цөөхүүл хөгжимчдийн улсын X уралдаанд III байр эзэлсэн.

Х.Тунгалагтамир 2002 онд ХБК-ийн флейт хөгжмийн ангид элсэн, Тунгалаг багшийн удирдлагад суралцаж 2013 онд төгссөн. 2010 оноос өнөөг хүртэл Улсын филармонийн симфони найрал хөгжимд флейт хөгжимчнөөр ажиллаж байна.

Б.Бат-Эрдэнэ 2008 онд ХБК-д элсэн ороод, 2019 онд төгссөн. 2012 онд Ардын жүжигчин Ж.Чулууны нэрэмжит уралдаанд амжилттай орлцсон. 2018 оноос Улсын филармонийн симфони найрал хөгжимд ажиллаж байна.

Н.Жүрмэддорж 

Эвэр бүрээч. Үндэсний урлагийн их театрын гоцлол хөгжимчин

1999 онд СУИС-ийг анхны дээд мэргэжлийн эвэр бүрээчээр дүүргэсэн. Өмнөговь аймгийн Хөгжимт драмын театр, Төмөр замын дуу бүжгийн чуулгад хөгжимчнөөр ажиллаж байгаад 2000 оноос Үндэсний урлагийн их театрын уран бүтээлч болсон. 2003-2005 онд ХБК-д багшилсан бол  2006 оноос СУИС-д ажиллаж байна.

Тэрбээр 1997 онд үндэсний хөгжмийн “Тэнгэр аялгуу” хамтлагийг үүсгэн байгуулалцсан. 2001 онд хамтлагийнхантайгаа “Тэнгэр аялгуу”-I, 2005 онд “Хөдөөгийн сайхан”-II цомог гаргасан. 2005 онд “Мартагдсан аялгуу” бие даасан цомог сонсогчдод хүргэсэн. 2006 онд “Эсэн тэнгэрийн эгшиглэн” уран бутээлийн тайлан тоглолт хийв.

2006 онд “Тэнгэр аялгуу-I”, 2012 онд “Тэнгэр аялгуу -2” цөөхүүл хөгжимчдөд зориулсан   цоморлиг гаргасан. 2005 онд Соелын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнуулсан. Тэрбээр сүүлийн жилүүдэд эвэр бүрээ хөгжмийн төрөл зүйлийг нэмэх талд санаачилгатай ажилласан. Судалж, санаа дэвшүүлж, зураг гарган хөгжим урлаачтай хамтран ажилласнаар аргаль, янгир, гунан үхрийн эврээр хийсэн гурван төрлийн эвэр бүрээ бүтээгээд байгаа юм.

 

 

12. Б.Уранзолбоо Меццо сопрано. ДБЭТ-ын гоцлол дуучин

2007 онд СУИС-д элсэн орж, МУГБ Ц.Ерөө багшаар дуулар урлагийн “А” заалгасан. Тус сургуулийн III курсээс буюу 2010 оноос ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Москва хотын В.С.Поповын нэрэмжит найрал дууны академийг зорьсон бөгөөд таван жил суралцаж төгссөн.

2016 онд Москвагийн П.И.Чайковскийн нэрэмжит Консерваторид мэргэжил дээшлүүлэх шалгалт өгч, улсын зардлаар сурах хоёр оюутны нэгээр шалгарч хоёр жилийн турш тус Консерваторид мэргэжил дээшлүүлэн суралцсан.

2019 оны тавдугаар сараас ДБЭТ-т гоцлол дуучнаар ажиллаж байна.

Түүний бүтээсэн дүрүүд: В.А.Моцартын “Увдист лимбэ” дуурийн III хатагтай, П.И.Чайковскийн “Евгений Онегин” дуурийн Ольга, Ж.Бизегийн “Кармен” дуурийн Кармен, Ж.Вердийн “Бал маскарад” дуурийн Ульрика, мөн түүний “Трубадур” дуурийн Азучена, Л. Мөрдоржийн “Хөхөө Намжил” дуурийн Алтайн Дагина.

 

13. Б.Монголхүү Баритон. Дуурийн гоцлооч

Тэрбээр 2017-2019 онд Монгол Улсын Филармонийн гоцлол дуучнаар ажилласан.

2014 онд Москвагийн Улсын соёл, урлагийн их сургуулийг профессор Л.О.Зимненкогийн удирдлага дор төгссөн. 2016 онд Москвагийн П.И.Чайковскийн нэрэмжит Консерваторийг профессор А.С.Ворошилогийн удирдлага дор төгссөн.

2016 онд Санкт-Петербургт болсон Оросын алдарт дуучин, ЗХУ-ын ардын жүжигчин, төрийн шагналт Б.Т.Штоколовын (1930-2005) нэрэмжит  дуурийн дуулаачдын V уралдаанд III, тухайн онд Владикавказ хотод болсон Орос, Армений алдарт дуучин, ЗХУ-ын ардын жүжигчин П.Г.Лисицяны (1911-2004) нэрэмжит дуурийн дуулаачдын IV уралдаанд IV, 2017 онд Курск хотод болсон Орос, Зөвлөлтийн нэрт хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч, нийгмийн зүтгэлтэн, ЗХУ-ын ардын жүжигчин, Лениний, Сталины одонт, ЗХУ-ын хоёр удаагийн, ОХУ-ын төрийн шагналт Г.Свиридовын (1915-1998) нэрэмжит дуурийн дуулаачдын олон улсын VI уралдаанд II, мөн онд  Красноярск хотод болсон Оросын алдарт дуучин, театрын найруулагч П.Словцовын нэрэмжит дуурийн дуулаачдын олон улсын IV уралдаанд II байр эзэлсэн. 2018 онд болсон Липецк хотод болсон, Оросын алдарт дуучин, ЗХУын ардын жүжигчин  Н.Обуховагийн (1886-1961) нэрэмжит дуурийн дуулаачдын олон улсын VIII уралдаанд III байр тус тус эзэлсэн.

2019 онд Санкт-Петербург хотод болсон суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын XVI уралдаанд амжилттай оролцсон. Мөн энэ оны есдүгээр сард Казахстан улсад болсон тус улсын дуурийн алдарт дуучин Бибигуль Тулегеровагийн нэрэмжит дуурийн дуулаачдын олон улсын уралдаанд өөрийн орны бүтээлийг амжилттай дуулсан гэсэн номинацийн шагнал хүртлээ.

Virtuoso Gala Concert-2019-ийн дэмжигчид

  • БСШУСЯ
  • Монгол Улсын Консерватори
  • Улсын филармони
  • БОЛД сан
  • О.Байгаль, Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн ХАҮХ-ны Монгол дахь салбарын ТУЗ-ийн дарга
  • Э.Саран, “Дүүдэйхүү” сангийн тэргүүн
  • Л.Нямгэрэл, “Кашемир хаус”-ыг үүсгэн байгуулагч
  • Б.Эрдэнэсувд, Швед улсын Стокгольм хот дахь хөгжмийн сургалтын “Сувдан өрөг” төвийн тэргүүн
  • Парисын Консерваторид виолончелиор суралцагч Г.Чингүүн, түүний ээж Т.Цэцэгдэлгэр
  • UBS телевиз
  • MNC телевиз
  • П.Мягмар, шилдэг залуу уран бүтээлчдийг дэмжигч хатагтай
  • Ё.Мөнхзаяа, “Үлэмж” продакшн
  • П.Баттулга “Зэв” фото студи
  • М.Гал-Арив, “Хангарьдбат” ХХК
  • Э.Мөнхшүр төгөлдөр хуурч, АНУ-ын Аризонагийн их сургуулийн докторант
  • Б.Золзаяа морин хуурч, Монгол Улсын Морин хуурын чуулгыг үүсгэн байгуулагчдын нэг, ХБНГУ дахь Шагайн нийгэмлэгийн тэргүүн
  •  

Үзэгч, сонсогчид Virtuoso Gala Concert-2019-ийг таалан болгооно уу.

  • Тоглолтын тасалбарын үнэ 50 000 төгрөг
  • Суудлын тоо 200
  • Дэлгэрэнгүй мэдээллийг 88037007, 99776917
  • Зохион байгуулагч Virtuoso academy

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү