Төрийн банк олимпод оролцох байт харвааны тамирчдыг дэмжин ажиллана


2020-01-20 09:40:14

Дэлхийн эв нэгдлийн наадам 32 дахь олимп энэ жил болно. Тус наадамд байт харвааны хоёр тамирчин оролцох эрхээ аваад байгаа билээ. Тэгвэл тэдний Төрийн банк ивээн тэтгэх боллоо. Тодруулбал, Төрийн банк Монголын байт харвааны холбоотой хамтран ажиллах санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа. Санамж бичгийг Монголын байт харвааны холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч С.Эрдэнэболд, Төрийн банкны бизнес хариуцсан дэд захирал Д.Сугар нар үзэглэсэн юм.

 

Энэхүү санамж бичигт гарын үсэг зурснаар “Токио-2020” олимпийн наадамд оролцох эрхээ авсан Монголын байт харвааны шигшээ багийн  тамирчин ОУХМ Б.Отгонболд, Пара байт харвааны шигшээ багийн тамирчин спортын мастер Н.Мөнхбаатар нар бэлтгэл сургуулилалтаа тасралтгүй, тууштай хийх боломж нөхцөл бүрдэж байгаа юм. 

 

Дашрамд дурдахад, Монгол Улсад байт харвааны спорт нт анх 1960 оноос эхлэн хөгжсөн бөгөөд 1971 онд Англид болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 30 метрийн зайд Д.Дэмбэрэл түрүүлж спортын бүх төрлөөс Монгол Улсдаа анхны Дэлхийн аваргын алтан медалийг авчирсан түүхтэй бол 2008 онд Хятадын Бээжин хотод болсон паралимпийн наадамд байт харвааны тамирчин Д.Баатаржав нь алтан медалийг дахин хүртсэн. Ийнхүү 60 жилийн түүхт ойгоороо “Токио-2020” олимпод Төрийн банктай хамтран тамирчдаа оролцуулах гэж байгаадаа баяртай байгаагаа МБХХ-ны удирдлагууд хэлж байлаа.

 

Н.Мөнхбаатар: Хөдөлмөрийн баатар багшийнхаа амжилтыг бататгахын төлөө 100 хувь биш, 200 хувь хичээх болно

"Добу мэргэн" клубын тамирчин, спортын мастер/

 

-Юун түрүүнд “Токио-2020”-д эх орноо төлөөлөн оролцох эрх авсанд тань баяр хүргэе.

-Маш их баярлалаа.

-Би байт харвааны спортоор зургаан жил хичээллэж байна. Сүүлийн гурван жил улсын шигшээ багт харваж байгаа. “Добу мэргэн” клубын тамирчин. 

-Олимпийн эрх олгох тэмцээнүүд ар араасаа үргэлжилж байна. Таны хувьд ямар тэмцээнээсээ эрхээ авав. Үзүүлсэн амжилтаасаа хуваалцвал?

-Сүүлийн амжилт гэвэл 2019 оны аравдугаар сард Тайландад зохион байгуулагдсан Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож эрхээ авсан. Эхний хоёр тамирчинд олимп оролцох эрх олгосон. Би Азийн аваргаас мөнгөн медаль авснаар олимпийн эрхээ өвөртлөөд байна. 

-Тамирчин хүнд хичээл зүтгэлээс гадна санхүүгийн дэмжлэг хамгийн чухал шүү дээ. Одоо юунд ч санаа зовохгүй бэлтгэл сургуулилалтаа хийх боломжтой болж байна. Төрийн банкныхандаа юу гэж хэлэх вэ?

-Тамирчин бидний нийгмийн асуудлыг Төрийн банк маш томоор дэмжиж байгаад маш их баярлаж байна. Тиймээс Монголын байт харвааныхаа удирдлагууд болон Төрийн банкныхандаа маш их баярлалаа гэж хэлмээр байна. Биднийг олимп хүртэл бүх талаар нь дэмжинэ гэж хэлж байна. Энэ бол асар том боломжийг нээж өгч байна. Одоо юунд ч санаагаа чилээхгүй, бүхий л анхаарал, цаг заваа спортдоо зориулаад бэлтгэл сургуулилтаа сайн хийх л үлдэж байна даа. 

Сонирхуулахад, би 2008 оны Бээжингийн олимпийн аварга Баатаржав гуайн шавь. Багшаараа маш их бахархдаг. Хөдөлмөрийн баатар багшийнхаа амжилтыг бататгахын төлөө 100 хувь биш, 200 хувь хичээх болно.

 

Д.Сугар: Олимпод оролцох тамирчидтайгаа хамт амжилт өөд хамтдаа тэмүүлж байна

 

/Төрийн банкны бизнесхариуцсан дэд захирал/

 

-Нийгмийн хариуцлагын хүрээнд олон ажил зохион байгуулдаг танай хамт олныг энэ удаад олимпийн наадамд эх орныхоо нэрийг дуурсгахаар явах гэж байгаа тамирчдадаа дэмжлэг үзүүлж байгаад нийт монголчуудынхаа өмнөөс баярлалаа гэж хэлэх нь зүйтэй болов уу.  

-Баярлалаа. Төрийн банкны хувьд нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх ажлын хүрээнд Байгаль, зэрлэг ан амьтад хамгаалах “Хүрээлэн” төсөл болон Монгол хүний оюуны чадамжийг дэлхийд сурталчилж байгаа Монголын шатрын холбоо, Дэлхийн гурван удаагийн аварга, өсвөрийн шатарчин Д.Мөнхзултай хамтран ажилладаг бөгөөд энэ жилийн хувьд олимпийн наадамд оролцох баг тамирчдадаа урам өгч, амжилтад хамтдаа хүрэхээр зорилго нэгдэн ажиллаж байна. 

-Энэ удаад олимпод оролцох тамирчдад санхүүгийн дэмжлэг үзүүлэх замаар дэмжинэ гэж байна. Өртөг өндөртэй спортоор хичээллэдэг тамирчдын хувьд энэ бол мэдээж маш том дэмжлэг байх болов уу. Нууц биш бол яг хэчнээн хэмжээний мөнгөн дэмжлэг үзүүлэх вэ?

-Гэрээн дээрээ дэмжлэг үзүүлэх 3,4 төрлийн заалтууд байгаа. Тэг чиглэлээрээ дэмжинэ. Түүнээс яг төдөн төгрөгийн мөнгөн дэмжлэг үзүүлнэ гэж санамж бичигт тоо заагаагүй. Тэгэх нь буруу болов уу гэж бодож байна. Яагаад гэвэл тодорхой нэг тоо заачихаар өнөөх нь тухайн тамирчны амжилт гаргах нөхцөлд хүрэлцэхгүй бол дахиад гэрээ байгуулах гээд бас бус асуудал үүсдэг. Тиймээс  олимпод оролцох эрхээ авсан хоёр тамирчнаа олимпод оролцох хүртэл бүхий л боломжоор нь ханган ажиллана. Олимпийн тэнгэрт алтан соёмбот төрийн далбаа маань мандах болтугай. 

 

С.Эрдэнэболд: Тамирчдыг амжилт гаргасных дараа урамшуулахаас илүү амжилт гаргахад дэмжлэг үзүүлэх нь хамгийн чухал

 

/Монголын байт харвааны холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч/

 

Байт харвааны хоёр тамирчин маань одоогоор олимпод эрхээ аваад байна. Тэднийг маань төрийн банк дэмжин ажиллахаар болж байгаад маш их баяртай байна. Тамирчин хүнийг амжилт гаргаад ирэхэд  нь шагнаж урамшуулахаас илүү, амжилт гаргах боломжийг нь нээж дэмжиж өгнө гэдэг маш бахархам үйл хэрэг юм. Хэрэгтэй газар нь, хэрэгтэй цагт нь тусална гэдэг асар тусламж болж чадна. Тиймээс үүнийг соргогоор мэдэрч, манай холбоотой хамтран ажиллаж хоёр тамирчинг маань ивээн тэтгэж байгаа Төрийн банкныхандаа дахин дахин баярлалаа гэж хэлье. 

Мэргэжлийн нум дунджаар 5000 ам.доллараас доошгүй үнэтэй. Ингээд бодохоор техник хэрэгсэл өртөг өндөртэй бйадаг. Хоёрдугаарт тамирчдын цалин тийм ч хангалттай биш. Тиймээс ахуй амьдрал талаасаа ч олон зээл төлдөг байх жишээтэй. Ийм байхад  тамирчин хүн 100 хувь төвлөрөөд бэлтгэл сургуулилалтаа хийнэ гэдэг хэцүү. Тиймээс энэ мэт асуудлуудыг нь дэмжин ажиллах байх. 

Энэ хоёр тамирчнаа хараад дараа дараагийн тамирчид нь хичээвэл болох юм байна гэдгийг мэдэрч маш их урам авч байгаа байх. Тэгэхээр энэ удаагийн Төрийн банкны дэмжлэг ганц энэ хоёр тамирчинд маань гэлтгүй олон олон байтын тамирчдад боломж байгааг мэдрүүлж, урам зориг өгч байгаа байх.

Төрийн банк манай холбоотой хамтран ажиллаж байгаа нь ганц удаагийнх биш. Гурван ч удаа томоохон дэмжлэг үзүүлж хамтран ажиллаж байна. Цаашид ч урт удаан хугацаанд, олон олон жил хамтран ажиллах байх гэж итгэл байна.

Эцэст нь хоёр тамирчиндаа олимпдоо амжилттай оролцож, бахдам амжилт үзүүлэхийг хүсье.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү