“Токио-2020” зуны олимпыг жилээр хойшлууллаа


2020-03-25 09:15:59

Коронавирусийн халдвартай холбоотойгоор "Токио-2020” зуны олимпын наадмыг 2021 оны зунаас хэтрүүлэхгүй зохион байгуулахаар болсон тухай Япон улсын Ерөнхий сайд Абэ Шинзо мэдэгджээ. Тэрбээр “Наадмыг нэг жилээр хойшлуулах миний саналыг Олон Улсын Олимпийн Хорооны ерөнхийлөгч Томас Бах 100 хувь дэмжлээ” хэмээсэн аж. 

Хэдийгээр хугацаа нь нэг жилээр хойшилж байгаа ч наадмын нэр “Токио 2020” хэвээр байх гэнэ. Олимпийн 124 жилийн түүхэнд наадам хойшилж байсан ганц ч тохиолдол байдаггүй аж. 1916, 1940, 1944 онуудын олимпийн наадмууд дэлхийн нэг, хоёрдугаар дайны улмаас бүрэн цуцлагдаж байжээ.

Хүйтэн дайны үед 1980, 1984 оны Москва, Лос Анжелесийн олимпийн наадмуудыг капиталист, социалист системийн орнууд харилцан бойкотлож байсан юм. Эдгээрээс бусад бүх тохиолдолд хүн төрөлхтний спортын их баяр наадам цаг хугацаандаа хэвийн зохион байгуулагдаж байжээ.

“Токио-2020” олимпын наадмын гэрээг 2013 онд Зохион байгуулагч тал, ОУОХ-той байгуулсан. ОУОХ-ноос олимп зохион байгуулах улсад дайн болон иргэний үймээн самуун гарах зэрэг таван заалтыг зөрчсөн тохиолдолд гэрээг ОУОХ дангаараа цуцлах эрхтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү