Б.Янжмаа: Сөүл хотын шөний клубээс улбаатай халдварын тоо 102 боллоо


2020-05-13 12:15:32

Дэлхий дахинд нөхцөл байдал ямар байгаа талаар Эрүүл мэндийн яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Ковид-19 халдварын бүртгэгдсэн тохиолдлын тоогоор АНУ, ОХУ, Испани, Их Британи, Итали, Бразиль, Герман, Турк, Франц, Иран улс эхний 10-т эрэмбэлэгдэж байна. Өмнөх өдрөөс хойш гарсан өөрчлөлт гэвэл ОХУ-д дахин 11.000 гаруй тохиолдол нэмж бүртгэгдэн, нийт халдварын тоо 232.000 гаруй боллоо. Ингэснээр АНУ-ын ард хоёрдугаарт жагссан.

Бразиль улсад 9.200 гаруй тохиолдол бүртгэгдэн, нийт халдварын тоо 177.000 гаруй болсноор Германы өмнө эрэмбэлэгджээ. Мөн өдөр тус улсад нас баралт 881-ээр нэмэгджээ.

Номхон далайн баруун бүсэд Сингапур улсад мягмар гарагт 884 тохиолдол нэмж бүртгэгдэн, бүртгэгдсэн халдварын тоо 24.600 гаруй болжээ. Нийт халдварын тоогоор тус улс Номхон далайн баруун бүсэд Хятадын дараа орж байна.

Япон улсад өчигдөр халдварын шинэ тохиолдол 81, нас баралт 21 бүртгэгджээ.

БНСУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 26 тохиолдол бүртгэгдэж, нийт 10.962 болжээ. Сөүл хотын шөний клубээс улбаатай голомтод халдварын нийт тохиолдлын тоо 102 болж нэмэгдлээ. 73 нь шөнийн клубээр үйлчлүүлсэн иргэд бол 29 нь тэдгээрээс хоёрдогч байдлаар халдвар авсан хүмүүс байна.

Хятадад 82.000, Сингапур улсад 24.600, Японд 16.000, Филиппин улсад 11.000, БНСУ-д 10.962 тохиолдол бүртгэгджээ” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү