Г.Ундармаа: Энэ ангид ганц бие Ариунсанаагийн хайр дурлалын тухай өгүүлнэ


2020-09-29 16:25:03

Ганц бие бүсгүйчүүдийн амьдралын хэв маяг, баяр жаргал, уйтгар ганцаардлын талаар өгүүлөх Single ladies цуврал киноны сүүлийн анги ирэх сарын 1-ны өдөр нээлтээ хийхээр болжээ. Энэ кино өмнөх цуврал ангиудыг бодвол огт өөрөөр гарч байгаа юм байна. Single ladies 4 киноны талаар U Film кино компанийн захирал, жүжигчин Г.Ундармаатай ярилцлаа.

–Single ladies 4 тун удахгүй нээлтээ хийх гэж байна. Кино өмнөх цувралуудаас юугаараа онцлог вэ?

-Кинонд юу өгүүлэх гэж байгааг хүмүүс бараг урьдчилаад мэдсэн юм шиг байна. Түүхэн сэдэв хөндөж гаргасан бөгөөд төрөл жанр, хийц, тоног төхөөрөмж, эд хэрэгсэл зэрэгт маш их ач холбогдол өгсөн. Харин 3 шинэ дүр орж ирж байгаа. Бид энэ анги дээр маш олон хүний бүрэлдэхүүнтэй, том багаар ажилласан. Ойролцоогоор 220 орчим хүний хүч хөдөлмөр шингэсэн байна. Мөн зураг авалт болон киноны бэлтгэл ажлыг өмнөх уран бүтээлүүдтэй харьцуулахад хамгийн урт хугацаанд хийсэн.

–Түүхэн сэдэвтэй гэхээр эрхгүй сонирхол татаж байна. Өмнөх ангиуд дан инээдмийн төрөлтэй байсан шүү дээ?

– Ганц бие эмэгтэйчүүдийн амьдралаар түүхэн сэдэвтэй кино хийнэ гэхээр хэний ч санаанд буухгүй байгаа л даа. Гэхдээ дэлгэцэн дээр буучихсан. Сүүлийн ангийн яагаад түүхэн сэдэвтэй хийх болсон нь сонин санагдаж байгаа байх. Манай улсад түүхэнд нэрээ мөнхөлсөн манлайлагч, удирдагч хатан цөөнгүй бий. Улс орны хөгжил, ирээдүйд хүч нэмэр оруулсан тэдгээр эмэгтэйг эх орныхоо үзэгчдэд мэдрүүлж, таниулахыг хүссэн. Тийм учраас бодит түүхэн дүрийн талаар судалсан. Энэ үед манай гэрээт ажилчин Золбоо маань нэгэн залуу хатны түүх ярьж өгсөн. Би ч бас өмнө нь Өлзий гуайн сонсдог түүхэн номноос сонссон байсан. Тэгээд энэ түүх бол жинхэнэ манай түүх юм байна гээд Эмүжин зохиолчдоо санал болгосон. Ер нь энэ анги маань дан түүхэн сэдэв хөндсөн.

-Киноны гол дүрүүд болох Сарангуа эхний анги дээр, харин Гэрлээ дараагийн анги дээр хайр дурлалтайгаа учирсан. Харин энэ анги дээр Ариунсанаа нөхөртэй болох болов уу?

– Тийм ээ. Анх ганц бие гурван бүсгүйн амьдралын талаар өгүүлж байсан бол эхний ангид Сарангуа нөхөрт гардаг. Харин гуравдугаар ангид Гэрэлээ хайр дурлалтайгаа учирдаг. Тэгвэл энэ ангид хамгийн ахмад настай ганц бие Ариунсанаагийн хайр дурлалын тухай өгүүлнэ. Гэхдээ нөхөрт гарах эсэхийг нь хэлмээргүй байна. Үзэгчдэд хүрч эхлэх үед бүх зангилаа тайлагдах байх.

-Кино зураг авалтыг хаана хийсэн бэ?

– Кино зураг авалтыг Дундговь, Төв зэрэг аймгуудад хийсэн. Зураг авалт хийсэн газарт ер бороо ордоггүй байсан мөртлөө кино зургийн үед маш их бороо орсон. Бид ажилчдаа олон цагаар ажиллуулахгүй сайн амрааж байсан.

-Таны бүтээсэн дүр таны амьдралд хэр ойрхон байсан бэ?

-Ер нь нэг хүн л гаргаж байгаа болохоор уялдаа холбоо сайтай байдаг. Би өөр болгох гэж байна гээд худлаа жүжиглэлт хийхийг хүсдэггүй.

-Single ladies цуврал киноны хувцаслалтууд үнэхээр охид бүсгүйчүүдийг гайхшруулдаг л даа. Загварын шинэ хандлагыг гаргадаг гэхэд хилсдэхгүй. Кинон дээр ямар дизайнер ажилладаг вэ?

-Single ladies-1 дээр Хайрын орны Ууганцэцэг, Single ladies-2 дээр бол дуучин Энхзул, дизайнер Номуунаа, Халиун ажиллаж байсан. Ер нь дизайнерууд бид 3-ын нас насны ангилал дээр өөр өөр төрх өнгө гаргасан. Single ladies-3 дээр болохоор Bunny ажилласан. Single ladies-4 дээр Ариунаа Сури ажиллалаа. Кинонд ашиглах хувцас, хэрэгслийг шинээр захиалж хийлгэсэн. Ер нь жижиг хэсэг бүхэн дээр анхаарч ажилласан.

-Та одоо ямар ямар уран бүтээл дээр ажиллаж байгаа вэ?

-Эмнэлгийн 20 ангит сериал дээр ажиллаж байна. Мөн бодит эмэгтэйн киноны судалгааны ажлыг хийгээд явж байна.

Эх сурвалж: www.newslife.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү