А.Туяа: Өөрийгөө өөр талаас нь харуулж байгаадаа баяртай байгаа


2020-09-30 16:05:09

“Single ladies-4″ уран сайхны кино хэдхэн хоногийн дараа нээлтээ хийнэ. Бид киноны гол дүрийн жүжигчин А.Туяатай цөөн хором ярилцлаа.

Сайн байна уу? “Single ladies-4” кино тун удахгүй нээлтээ хийх гэж байна. Киноныхоо талаар ярьж өгөөч. Өмнөх цувралуудаас юугаараа ялгаатай вэ?

-Үзэгчидтэйгээ хамтдаа киноныхоо нээлтийг догдлол дүүрэн хүлээж байна. Киногоо хар монтаж хэлбэрээр нь үздэг. Харин энэ удаагийн ангийг нэг ч удаа үзээгүй. Тэгэхээр үзэгчидтэйгээ хамтдаа сэтгэл догдлолтой үзэх байх. Уг нь “Single ladies-4″ киног 2 дугаар сард нээх ёстой байсан ч өндөржүүлсэн бэлэн байдлаас болоод жил шахуу хүлээсний эцэст нээгдэх гэж байна.

-Киноны трэйлэрээс харахад таны энэ удаагийн гаргах гэж байгаа дүр өмнөх ангиудаас арай ялгаатай байх шиг харагдана?

-Эхлээд киноныхоо зохиолыг уншаад шоконд орсон. Энэ дүр маань өмнөх дүрүүдээс 360 градус эргэнэ гэж ерөөсөө бодоогүй. Зарим үйл явдлыг нь ч ойлгохгүй байсан. Миний хувьд урд нь эсрэг дүрд тоглож байгаагүй. Энэ удаад эсрэг нэг тийм зэвүүн дүр бүтээсэн байгаа.

Огт өөр дүр гаргана гэхээр маш их сонирхол төрж байна л даа. Нууц биш бол дүрийнхээ талаар дэлгэрэнгүй танилцуулж болох уу?

-Ямар ч байсан өмнөх Сарангуагаас огт өөр дүр. Тэгэхээр үзэгчид үзээд л мэдвэл дээр байх. Түүнээс бус түрүүлээд мэдээлчихвэл утгагүй шүү дээ.

Ер нь Сарангуа таны бодит байдалтай хэр нийцдэг вэ. Зан чанарын хувьд ижил төстэй тал байна уу?

-Энэ удаагийн дүр маань миний амьдралаас тэс өөр дүр. Үнэндээ надаас гардаггүй зан чанар энэ кинонд гардаг. Ер нь миний тоглож байсан дүрүүд эерэг, сайн талын дүр байдаг. Би амьдралдаа эсрэг ч юм уу, хатуу дүрд тоглож үзээгүй. Тиймээс энэ кинонд тоглосондоо маш их баяртай байгаа. Киноны дараа эсрэг дүрд тоглох сонирхолтой болсон. Урам зориг өгсөн. Өөрийгөө өөр талаас нь харуулж байгаадаа баяртай байна.

-Кино зураг авалт хаана хийгдсэн бэ. Сурталчилгаанаас харахад байгалийн үзэсгэлэнтэй түүхэн газар харагдаад байгаа?

-Кино зураг авалт Дундговь аймагт хийгдсэн.

-Говьд зураг авалтад ороход бэрхшээлтэй тал байсан уу?

-Байлгүй яахав. Би говьд удаан хугацаагаар анх удаа л байсан. Өмнө нь аймгийн төвөөр дайраад л гарч байсан. Говийн элсэн цөлд 2 сар байна гэдэг чанга шүү дээ. Гэхдээ сонирхолтой, хөгжилтэй зүйл их байсан. Говьд сайхан хүүхэн байна гэдэг хэцүү юм билээ. Өдөр бүр халуун нар шараад, салхи байхгүй, агаар бүгчим байна гэдэг хэцүү. Шөнө нь болохоор газраасаа маш их хүйтэн жиндүү болдог. Байгалийн өвөрмөц тогтолцоотой газар 2 сар болоод ирлээ. Хамгийн гол нь гоё хамт олонтойгоо, санаа сэтгэл нийлж явсан болохоор сайхан байсан.

-Таны бүтээсэн дүр хэдийгээр эсрэг дүр гэсэн ч нийгэмд ямар нэгэн зүйл өгүүлж байгаа байх. Энэ дүрээр нийгэмд юу хэлэх гэсэн юм бол?

-Ер нь киноны дүрүүд маань сингл хүмүүс байгаа. Сингл ээжүүд хүчтэй байх ёстой, шантарахгүй, юунд ч бууж өгөхгүй байх хэрэгтэйг харуулж байгаа юм. Эмэгтэй хүн хэн нэгний гарыг хараад байхгүй, өөрөө сонголтоо хийж сурах хэрэгтэй.

 -Таны хувьд тэр бүр санал тавьсан уран бүтээлүүд дээр ажилладаггүй юм шиг санагддаг?

-Тийм ээ. Хувь уран бүтээлчийнхээ хувьд санал тавьсан уран бүтээл бүр дээр ажилладаггүй. Нэлээн цензур тавьдаг. Даацтай сайн бүтээлүүд дээр ажилладаг. Би олны танил гээд бүх газар яваад байхыг хүсдэггүй. Өөрт маань таалагдсан бүтээл байвал шууд л ордог, харин ормооргүй санагдвал юу ч амласан тоглодоггүй, тийм эрс өөрийнхөөрөө зантай. Х түц продакшны надад суулгаж өгсөн төлөвшил юм даа. “U Flim* буюу Ундармаа эгчтэй хамтарч ажиллаад долоон жил болж байна. Долоон жил гэдэг чинь урт хугацаа шүү дээ. Надад яг одоо их сургуулиа төгсөж байгаа юм шиг мэдрэмж төрж байна. Догдлол, баяр баясгалан, жоохон гуниг гээд л.

Та мөн тайзны уран бүтээлээс хөндийрөөд байх шиг?

-2016 оноос хойш буюу 4 жил тайзан дээр гарахгүй байж байгаад саяхан “Мөрөөдлийн театр”-ын хамт олны тавьсан “Дундын бүсгүй” шоу драмын хоёр жүжгийн гол дүрд тоглолоо. Үнэхээр сайхан байсан. Энэхүү жүжиг маань бүтэн жил дамнан тоглогдож, Монголоо тойроод зогсохгүй БНСУ-ын 11 хотод олны хүртээл болсон. Манай үзэгчид, ялангуяа залуучууд ийм төрлийн драмыг сайхан ойлгож, хүлээн авдаг болсон байна лээ. Дахиад нэг жүжигт тоглох урилга ирсэн. Саналыг хүлээж авсан. Тайз бол үнэхээр гайхалтай.

Таны хувцаслалт их өвөрмөц л дөө. Зарим нь хэт задгай хувцаслаж байна гэж дургүйцдэг бол зарим нь эмэгтэй хүн ийм л байх хэрэгтэй гэдэг дүгнэлтийг өгдөг. Таны хувьд хувцаслалт дээр тань зөвлөгөө өгдөг хүн байдаг уу?

-Хувцаслалтын тухайд стилист хөөгөөд байдаггүй ш дээ. Өөртөө таалагдсан хувцасаа өмсдөг. Түүнээс бус хэв маяг, стиль хөөдөггүй. Би өөрөө өөрийнхөө гоо үзэсгэлэнг харж, зөвхөн өөртөө таалагдсан хувцсаа өмсөөд явж яагаад болохгүй гэж. Би эмэгтэй хүн, залуу хүн. Магадгүй 40, 50 нас гарчхаад задгай хувцаслаад яваад байвал зохимжгүй байж таарна. 

Та Монголын сайхан бүсгүйчүүдийн нэг яах аргагүй мөн. Сайхан биетэй байхын нууц нь юу байна вэ?

-Баярлалаа. Янз бүрийн хоолны дэглэм барьдаггүй ш дээ. Дуртай зүйлээ идэж уугаад л явдаг. Гол нь хэмжээ дамжаагаа мэднэ. Өөртөө тааруулаад л, зохицуулаад хооллодог.

Үзэгчид “Single Ladies -4*-ийг үзэх шалтгаан байна уу?

Эмэгтэйчүүд яагаад сонголтыг хийж болдоггүй юм бэ. Эмэгтэйчүүд амьдрал дээр хайртай хүндээ сэтгэлээ нээж чаддаггүй шүү дээ. Хайртай хэрнээ хайраа илчилж, таалагддаг залуудаа чи гоё шүү, би чамайг крашладаг гээд сэтгэлээ нээгээд хэлж чаддаггүй. Эрчүүдийг л хүлээгээд байдаг. Харин тэгэхгүйгээр эмэгтэй хүн зоригтой байх хэрэгтэй. Энэ зөв болов уу гэсэн зүйлийнхээ төлөө өөрөө зүтгэвэл бүхнийг болгон. Гол нь эр хүнийг хараад суух хэрэггүй гэсэн санааг харуулахыг хүссэн. Манай кино эмэгтэйчүүдийнхээ тухай, зориг хүчийг харуулсан кино болж чадсан гэж бодож байна. Сингл эмэгтэйчүүдийн тухай хүчтэй, зоригтой харуулж чадсан бадрангуй кино.  

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү