Монгол бахархлын өдөр тохиож байна


2020-11-16 11:34:47

Өнөөдөр Их эзэн богд Чингис хааны мэндэлсний 858 жилийн ой, "Монгол бахархлын өдөр" өдөр тохиож байна. Ерөнхийлөгчийн 2012.01.09-ний өдрийн 4 тоот зарлигаар Эзэн богд Чингис хааны мэндэлсэн огноог холбогдох Ажлын хэсгийн дүгнэлт болон ШУА-ын саналд үндэслэн албан ёсны болгож, билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн хэмээн тогтоон, уг өдрийг "Монгол бахархлын өдөр" болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар тогтсон юм. Энэ өдрийг тохиолдуулан жил бүр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай.

Монгол бахархлын өдрөөр Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан тугийг цэнгүүлэх ёслол болж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэн, чансаа өндөр хүчит бөхийн барилдаан болдог.

Гэвч энэ удаад дотооддоо коронавирусийн халдвар илэрч, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжин, хатуу хөл хорио тогтоосон тул дээрх арга хэмжээнүүд цуцлагдсан юм.

“Чингис хаан” одонгоор шагнагдсан Монгол Улсын иргэн нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад улсад хийх албан ёсны айлчлалын бүрэлдэхүүнд багтах эрхтэй байдаг. 2005 оноос хойш "Чингис хаан" одонг 11 эрхэм, нэг хамтлаг хүртжээ. Тухайлбал,

  • Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат /2005 он/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2005 оны зургаадугаар сарын 24-ний зарлигаар, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатад анх "Чингис хаан" одон гардуулж байв.
  • Хөгжмийн зохиолч, УГЗ, Хөдөлмөрийн баатар Б.Шарав 2006 онд энэ шагналыг хүртэж байв.  Тэрбээр 1983 онд ОХУ-ын Свердловск хотын Уралын хөгжмийн их сургуулийг хөгжмийн зохиолч мэргэжлээр төгсөж, амьдралынхаа бүх цаг хугацаанд ард түмний сэтгэлд хоногшсон 70 гаруй бүтээл, 300 гаруй дуу, романс туурвихын сацуу 20 орчим уран сайхны кинонд хөгжмийн найруулагч, зохиолчоор ажилласан байна.
  • Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн 2009 онд энэ одонгоор энгэрээ цоолов. Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлэх, эх орондоо хүмүүнлэг, ардчилсан, иргэний нийгэм байгуулахад оруулсан жинтэй хувь нэмэр, түүхэн гавьяаг нь үнэлсэн тухай зарлигт дурьдсан байдаг.
  • Төр, нийгмийн зүтгэлтэн Р.Гончигдорж 2010 онд хүртэв. Монгол оронд өрнөсөн ардчилсан хувьсгалын ололт амжилтыг бататгах, анхны ардчилсан парламентыг байгуулж төлөвшүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, улсын баяр наадмыг тохиолдуулан өгч байлаа.
  • Ерөнхийлөгч асан Н.Багабанди 2011 онд "Чингис хаан" одонгоор шагнуулав. Монгол түмний түүхэн сонголтыг бэхжүүлж, эрх зүйт нийгмийг бүрдүүлж, Монголын төрт ёсны түүхэн уламжлалыг сэргээн баталгаажуулахад оруулсан онцгой гавьяа зүтгэлийг нь үнэлсэн байна.
  • УИХ-ын гишүүн асан Д.Дэмбэрэл 2012 онд одонг хүртэв. Монгол Улсад парламентат ёсыг бэхжүүлэх эрхэм үйлсэд олон жилийн нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлээ зориулж, онцгой хувь нэмэр оруулсныг нь үнэлсэн юм.
  • Ерөнхий сайд асан Д.Содном 2013 онд энэ одонгийн эзэн болов. Тэрбээр  Маршал Х.Чойбалсангаас хойших манай төр, нийгмийн бүх удирдлагатай хамтран зүтгэж, Монгол Улсын хөгжил дэвшилд онцгой хувь нэмэр оруулсан нэгэн юм.
  • Эрдэмтэн, физикч Х.Намсрай 2014 онд энэ шагналыг хүртлээ. Шинжлэх ухааны салбараас хамгийн анх Чингис хааны одон хүртсэн эрхэм юм.
  • Зохиолч, яруу найрагч, СГЗ Г.Мэнд-Ооёо 2015 онд энэ одонгийн эзэн болж байлаа. Түүний яруу найраг, хүүрнэл зохиол, бодрол бясалгал, нийтлэл судлалын 30 гаруй ном хэвлүүлсний зэрэгцээ түүний уран бүтээл англи, япон, хятад, бенгаал, македон хэлнээ хөрвүүлэгдсэн, дэлхийд Монголыг төлөөлж байгаа цөөхөн яруу найрагчдын нэг юм.
  • Дуурийн дуулаач МУГЖ Г.Ариунбаатар 2016 оны "Чингис хаан" одонгийн эзэн. Оросын нэрт хөгжмийн зохиолч М.И.Глинкийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд түрүүлсэн Г.Ариунбаатар нь 23 насандаа Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртсэн билээ.
  • Монгол Улсын гавьяат тамирчин Н.Түвшинбаяр 2017 онд энэхүү одонгийн эзэн болов. 2008 оны Бээжингийн зуны олимпын Жүдо бөхийн төрлөөс эх орондоо олимпын наадмын анхны алтан медалийг авчирсан юм.
  • Хамгийн сүүлд буюу өнгөрсөн "The Hu" хамтлаг энэ одонгоор шагнуулав. Монголын язгуур хөгжим морин хуур, цуур, хэл хуур, товшуур зэргийг метал хөгжимтэй хослуулж, хөөмийн аялгуугаар чимж, түүнийгээ "Хүннү рок" гэж тунхагласан нь хэдийн дэлхийн өнцөг булан бүр дэх рок сонирхогчдын сонорт хүрсэн.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү