Ж.Мөнхбат: 20 дугаар зууны дэлхийн түүхэн хүн Ю.Цэдэнбалын тухай кино хийнэ


2019-03-22 16:15:40

Монгол Улсын түүхийн хоёрдугаар хагасыг бүтээлцсэн, Монгол Улсын түүхэн сэргэн мандалтыг гардан гүйцэтгэсэн хэмээн нэрлэгддэг их удирдагч Маршал Ю.Цэдэнбалын амьдралаар кино бүтээхээр болжээ. Энэ тухай УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат кино багийнхаа уран бүтээлчидтэй хамтран өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр энэ тухайгаа “Би өмнө нь “Хүмүүн” фильмтэй хамтран “Долоон бурхан харвадаггүй”, “Бүү март” гэсэн түүхэн хоёр кино бүтээсэн. Харин энэ удаад бид хамтарч Монгол Улсын 20 дугаар зууны түүхийн хоёрдугаар хагасыг бүтээлцсэн тодруулж хэлбэл Монголын өнөөдрийн бүтээн байгуулалт, хөгжил дэвшил, сэргэн мандалтыг бүтээсэн түүхэн удирдагч Юмжаагийн Цэдэнбал даргын тухай “Түүх мартахгүй” гэдэг киног хийхээр боллоо” хэмээн тодотгосон юм.  

Түүний өгүүлснээр "Түүх мартахгүй" уран сайхны киноны онцлог нь Ю.Цэдэнбалыг 20 дугаар зуунд амьдарч байсан дэлхийн хүн гэдгийг тодотгож харуулах зорилготой ажээ. Энэ ч утгаараа 20 дугаар зууны дэлхийн том улстөрчдийн дүр төрхийг харуулна гэж байлаа. Товчхондоо Монгол Улсын тусгаар тогнолын гол гол үйл явдлууд Ю.Цэдэнбал гэдэг хүнтэй холбоотой байдаг. 1939, 1940 оноос эхэлсэн энэ хүний түүх бол дэлхийн хоёрдугаар дайнд оролцсон монголчуудын оролцоо , 1945 оны аравдугаар сарын 25-ны тусгаар тогтнолыг баталгаажуулах бүх ард түмний санал асуулга, 1945 оны чөлөөлөх дайн, НҮБ-д Монгол Улс элсэх, хүн амаа эрүүлжүүлэх, соёлжуулах, бүтээн байгуулалтыг өрнүүлсэн, соёлын дотволгоог хийсэн мөн энэ улсын бүх сургууль цэцэрлэг, театр, соёл урлагийн байгууллагууд энэ хүний үед боссон. Үүнээс гадна олон үйлдвэр, уурхай Дархан, Эрдэнэт зэрэг шинэ хотуудаас эхлээд 21 аймаг 300 гаруй сум болон 1000 гаруй багийг барьж босгох,  төмөр зам, агаарын зам хүнд аж үйлдвэрийн төвүүдийг барих гэх мэтчилэн энэ бүх бүтээн байгуулалт мөн л Ю.Цэдэнбал даргын  үед хийгдсэн. Иймээс энэ хүний түүхийг хойч үедээ үнэн зөвөөр нь үлдээх ёстой гэсэн үүднээс түүхэн уран сайхны киног хийж байгааг хэлье гэж байсан юм. 

Түүнчлэн энэ киног бүтээх баг нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй ажээ. Тодруулбал, “Түүх мартахгүй” киноны ерөнхий найруулагчаар “Долоон бурхан харвадаггүй”, “Бүү март” гээд олон киноны ерөнхий найруулагчаар ажилласан “Хүмүүн фильм” уран бүтээлийн нэгдлийн ерөнхий найруулагч А.Мөнхсүх ажиллаж байгаа ажээ. Мөн түүхэн кино гэдэг утгаараа түүх болон зохиол талаасаа зөвлөхүүд авч ажиллаж байгаа хэмээсэн. Тухайлбал, зохиол талаасаа Монгол Улсын Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Болор цомын эзэн Монголын түүхэнд 12 түүхэн романыг арван хоёр жилээр нэрлэж бичсэн, “Маршлын нууц товчоо” гээд гурван маршлын тухай таван боть түүхэн романыг бичсэн Дамбын Төрбат ажиллаж байгаа аж. Харин түүхэн зөвлөхөөр Төрийн соёрхолт түүхч Л.Өлзийбаатар болон түүхийн ухааны доктор Жамбалсүрэн нар ажиллаж байгаа ажээ. Үүнээс гадна Шинжлэх ухааны түүх архелогийн хүрээлэнгийн эрдэмтэд буюу яг 20 дугаар зууныг судалдаг түүхчид кино багт орж зөвлөхөөр ажиллаж байгаа аж. Мөн Ю.Цэдэнбал академийн Ерөнхий нарийн бичгийн дарга, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан М.Даваасүрэн  хуралд хүрэлцэн ирсэн байсан. Үүнээс гадна олон сайхан дүрээрээ түмэнд танигдсан жүжигчин Д.Бямбацогт киноны дүрийн сонголт дээр ажиллаж байгаа бөгөөд кинонд тоглох хүсэлтэй хүн бүрт “Түүх мартахгүй” уран сайхны киноны үүд хаалга нээлттэй аж.

Дашрамд мэдээлэхэд, киноны дүрүүдийг сонгож байгаа бөгөөд өмнөх уран бүтээлүүд дээр хамтран ажилласан найруулагч, продюсерүүд ажиллах ажээ. Мөн Монголын хоёрдугаар зууны түүх хойд хөрштэй салшгүй холбоотой байдаг учир энэ киноны  зураг авалтын 40 орчим хувь нь ОХУ-д хийгдэнэ. Киноны зураг авалтын үндсэн ажил гуравдугаар сараас эхлэх бөгөөд энэ оны сүүлч гэхэд дэлгэцнээ амилуулна хэмээн төлөвлөж байгаа ажээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү