С.Очирбат: Ипотекийн зээлийн урьдчилгаанд батлан даалт гаргадаг болно


2014-12-17 09:51:45

Нийслэлийн удирдлагууд гэр хорооллыг дахин төлөвлөж орон сууцжуулах төслийг санаачлан хэрэгжүүлж байгаа билээ. Дахин төлөвлөлтийн орон сууцыг банкны зээлээр авах боломжоор хангахаар хотын захиргаанаас өнгөрсөн баасан гаригт Монголын банкуудын холбоотой санамж бичиг байгуулжээ. Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатаас зарим зүйлийг тодрууллаа.

-Гэр хорооллыг орон сууцжуулах төслийн гүйцэтгэгчдийн ажил амжилттай урагшилж байгаа. Эхний орон сууцууд ашиглалтад орчихсон. Байр захиалах сонирхолтой иргэд банкны зээлд хамрагдах боломжтой болжээ. Энэ саналыг иргэд гаргав уу?

-Гэр хорооллын дахин төлөвлөлт, нийслэлийг орон сууцжуулах ажлыг эхлүүлээд багагүй хугацаа өнгөрлөө. Өнгөрсөн есдүгээр сард бид дахин төлөвлөлтийн ажилтай танилцах төсөл хэрэгжүүлэгчид нэг санал тавьсан юм. Тэр нь энэ хямралтай үед биднийг дэмжээд өгөөч гэсэн санал. Тиймээс ИТХ-аас миний биеэр ахлуулан ажлын хэсэг гарч ажилласан. Хотын төсөвт 10 гаруй тэрбум төгрөгийн багахан эх үүсвэр байсан. Тэр мөнгөөр одоо ашиглалтад орж байгаа орон сууц худалдаад авъя гэхээр 200 гаруй айлыг л байртай болгох боломж байсан. Төсөл хэрэгжүүлэгчдэд 10 гаруй тэрбум төгрөгөө хуваагаад өгөхөд алинд нь ч хүрэлцэхгүй. Ажлын хэсэг хоёр сар гаруй ярилцсан. Банктай хэрхэн хамтарч ажиллаж болох талаар санал солилцсон.

-Тэгээд ямар шийдэлд хүрэв?

-Нийслэлд 204 мянган айлыг орон сууцжуулах хэрэгтэй гэсэн судалгааг хөндлөнгийн байгууллага гаргасан байсан. Үүнээс 64 мянга гаруй нь 30 хувийн урьдчилгааг төлж чадна. Тэднээс банкны шалгуур давах нь 27 мянга байсан юм. Энэ тооцоо судалгаанд тулгуурлаад мэргэжлийн хүмүүстэй зөвлөлдөж эцэст нь 30 хувийг нь хотод байгаа эх үүсвэрээс гаргаж, 70 хувийг нь банкинд даатгах шийдвэрт хүрсэн. Ингэвэл 2000 орчим айлын орон сууцны асуудлыг шийдэх боломжтой. Нөгөө талаар төсөл хэрэгжүүлэгчдийн дансанд орох мөнгө нэмэгдэж 40-90 тэрбум төгрөг орох боломж нээгдсэн. Үүнийг банкны холбооныхон дэмжиж санамж бичиг байгууллаа.

-Энэ ажлыг хэн хариуцаж хэрэгжүүлэх вэ. Хотын захиргаа юу?

-Дахин төлөвлөлтийн орон сууцыг зээлд хамруулах урт хугацаандаа зээлийн батлан даалтын сан болгож хэрэгжүүлнэ. Ингэхийн тулд хувийн хэвшил, банкууд хөрөнгөө нийлүүлсэн Улаанбаатар орон сууцны сан байгуулья гэж ярилцсан.

-Сүүлийн үед улс орны хямралыг дагаад банкны зээлийн үйлчилгээ иргэн бүрт хүрэхээ больсон. Банк зээл олгохдоо хойрго байгаа. Ийм үед танай энэ ажлын явц үр дүнд хүрэх болов уу?

-Би банкны хүн биш. Бидэнд төлөвлөлт хийчихсэн, дүрэм нь журам бэлэн байгаа, иргэдийнхээ оролцоо, хувийн хэвшлийн дэмжлэгтэйгээр хотоос бодлого гаргаад үр дүнтэй хэрэгжүүлж чадсан ажил нь байна. Үүнийг үргэлжлүүлээч гэсэн иргэдийн маш их хүсэл, шаардлага байгаа төслүүдээ гаргачихлаа. Банкууд асуудалгүй гэсэн.

-Иргэдэд ямар шаардлага тавих бол. Төрийн албан хаагчид байна гэсэн. Үнэн үү?

-Нийслэлийг орон сууцжуулах бодлого дунд буюу түүнээс доош орлоготой иргэдэд чиглэсэн. Тиймээс үүний дагуу л хэрэгжинэ. Хот 30 хувийг зүгээр өгөөд туучихгүй нь тодорхой. Цалингийнхаа тодорхой хувиар хүүг нь төлөх боломжтой иргэд буюу төрийн үйлчилгээнд ажиллаж байгаа хүмүүс бэлэн байна. Иргэдээс бид 30 хувиа яаж олж авах талаар ИТХ-аар нарийвчилсан журам гаргуулчихна. Өөрөөр хэлбэл, иргэн Дорж 10 хувийг өөрөөсөө гаргаад 20 хувийг хотоос, 70 хувийг банкнаас дэмж­лэг аваад тохилог орон сууцанд орчихно. Орон сууц нь барьцаа нь бол­чихно. Урт хугацаанд тэр хүн орлогоороо төлөх юм.

-Зээлийн үйлчилгээ хэзээнээс эхлэх вэ?

-2015 оныг хүлээх шаардлагагүй. Өнөө маргаашгүй цаг алдахгүйгээр дүрэм журмаа гаргана. Дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлж байгаа аж ахуйн нэгжүүдээс ямар өртөгтэй орон сууц санал болгохыг нь сонсоно. Түүнээс он дуусахаас өмнө ашиглалтад орох орон сууц хэр байна, ирэх оны эхний улиралд ашиглалтад орох орон сууц байвал шууд эхэлнэ.

Ярилцсан: Б.ЗАЯА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү