Эзэнгүй яамны эмгэнэл ба адууны махны эрэлд “хатсан” нийслэлчүүд


2019-01-07 09:03:16

“Адууны мах ховор байна. Ханиад томууны улиралд хомсдол үүслээ” гэх яриа нийгэмд тархаад удаж байна. Үнэхээр адууны мах ховордсон уу. Хомсдол үүссэн бол юунаас шалтгаалав. Энэ асуултын хариултыг олох зорилгоор “Хүчит шонхор”, “Хархорин” худалдааны төвийн махны тасгийн үүдийг татлаа. Сар шинэ дөхсөн болоод ч тэр үү, аль аль худалдааны төвийн хашаагаар ороход үүднээс эхлээд хонины ууц, үхэрийн өвчүү зарж байгаа худалдаачид элбэг байв. Харин махны тасаг руу ороход өнөөх адууны мах тун ховор харагдана.

Нийгэмд тархсан “Адууны мах олдохгүй хэцүү байна” гэх яриа үнэн бололтой. Учир нь “Хүчит шонхор” худалдааны төвд энэ төрлийн мах зарагдахаа болиод удаж байгаа гэнэ. Улмаар хонь, үхэрийн махны үнэ долоо хоногийн дотор 1000 төгрөгөөр нэмэгджээ. Цаашид ч нэмэгдэх хандлагатай байгааг “Хүчит шонхор” худалдааны төвийн махны худалдагч нар хэлж байв. Нэгэнт зах зээлийн өрсөлдөөн гэж үзээд түр үнийг хойш тавъя.

Гэтэл тус худалдааны төвүүдийн ихэнх лангуу хоосон. Хаа нэг хонины өрөөл мах лангуун дээр харагдана. Баярын дараахан очсон болохоор ийн эл хуль байгаа юм болов уу гэж бодтол үгүй байж. Махны хомсдол аль аль захад нүүрлэжээ. Тэр дундаа ямаа, адууны мах нүдний гэм болсон тухай худалдагч нар ам уралдан ярьж байна.  

Ханиад, томууны өвчлөл элбэг байгаа энэ үед адууны мах асууж, сурагласан хүн олон  байлаа. Яагаад адуу, ямааны мах ховордсон талаар “Хүчит шонхор” захын  махны худалдагчаас тодруулахад “Өнөөдрийн байдлаар зургаан автомашин мах захын хашаанд орж ирсэн. Төд удалгүй дууссан. Ямааны цул мах гэхэд 7000, хониных 7800 төгрөг байна. Хэнтий, Дорнодоос мах авчирч зарж байгаа ч хомсдол их байна. Үүнээс үүдэж махны үнэ өсч байгаа” хэмээв.

Малын тоо толгойтой харьцуулахад өнөөдрийн махны ханш хэтийдсэн нь нэгэнт ойлгомжтой болжээ. 2014 онд улсын хэмжээнд 51 сая гаруй толгой мал тоолуулж байв. Энэ тоо өнөө жил 66 сая хол давсан. Ийн малын тоо толгой өссөн хэдий ч нийслэлчүүд махны эрэлд хатаж, үнэнд дарлуулж сууна.

Урд хөрш махыг их хэмжээгээ худалдан авч, зориуд хомсдол үүсгэж, үнэ хөөрөгдөж байгаа гэх мэдээлэл бий. Бидний орсон хоёр худалдааны төвд адууны мах огт харагдсангүй. Аль аль худалдааны төвд нэг, нэг адуу, ямааны мах зарж байгаа лангуу харагдав. Тэд адууны махыг нэг килограммыг 7300, ямааныхыг 7000 төгрөгөөр зарж байлаа. Өмнө нь адууны мах худалдаалдаг байсан худалдагч “Монгол Улс 60 сая гаруй малтай хэр нь махны үнэ ийм байгаа нь экспортын ямар ч зохицуулалтгүйтэй холбоотой. Монголчууд өөрсдөө боловсруулаад Хятадад гаргаж болох байтал хэн нэгэн хятад хүн нь дуртай үнээ хэлээд хамаг махыг хамж авч болж байна. Би гэхэд адууны мах байнга худалдаалдаг байсан. Өөрийн гэсэн үйлчлүүлэгчтэй байлаа. Гэтэл энэ төрлийн мах өнөөдөр худалдааны төвийн хаалгаар орж ирэхгүй удлаа. Шалтгаан нь Эмээлт дээрээс хятадууд үнэ цохиж авч байгаа. Бид тэдэнтэй адил үнэ цохиод авч ирж борлуулж болно. Тэр үнэтэй махыг хэн авах юм бэ” гэв.

Өөр нэг худалдагч “Өглөө эрт мах ачсан машинууд ирдэг. Гэтэл хятадуудын гар хөл болсон монгол хүмүүс "Манайх худалдаад авчихсан" гээд өгдөггүй. Эмээлт, 22-ын товчоо орчмоор Хятадын махны үйлдвэрүүд олон болсон. Тэдэнд аваачиж өгөхөөр хятадууд өөрсдөө боловсруулаад хилээр гаргана. Энэ бол монголчуудад ямар ч наалдацгүй. Хий дэмий л махны үнийг хөөрөгдөөд, дунд нь иргэд хохирч байна” хэмээн бухимдаж байлаа.

Үнэхээр ч Эмээлтэд мах худалдан авдаг 3-4 үйлдвэр ажилладаг байсан үе улиг болж өдгөө 30-40 болтлоо өргөжсөн гэнэ. Гэхдээ тэдний олонх нь урд хөршийн санхүүжилттэй. Хятадууд адуу, ямааны махыг зөөдөг гэх асуудал 2007 оноос улбаатай. Тухайн үед  хятадууд хонь, үхрийн махыг их авсан. Төв удалгүй адууны мах их хэмжээгээр авч эхэлсэн байдаг.

Яг энэ үзэгдэл өнөө жил давтагдаж байна. Байдал газар дээрээ ийм байхад салбарын яам эзэнгүй шахуу байгаа. Гэхдээ тус яамнаас  махны үнийн өсөлтийн эсрэг авч хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээний талаар судлах ажлын хэсэг гарган ажиллаж байгаа гэнэ. Мөн Улаанбаатар болон Дархан-Уул аймгийн иргэдийн хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан арилжааны банкны эх үүсвэрээр мал, мах бэлтгэгчдэд хүүгийн хөнгөлөлт үзүүлэх замаар нөөц бүрдүүлэх арга хэмжээг ойрын жилүүдэд зохион байгуулж байгаа аж. Ингэснээр махны хомсдол үүсдэг хаврын улиралд нийлүүлэлтийг харьцангуй тогтворжуулах, үнийн хэт өсөлтөөс сэргийлэх нэг арга гэж үзэж байгаа гэнэ. ХХААХҮЯ-наас өгч буй тоон мэдээллээр жилд экспортлох махны тоо хязгаартай. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн баталсаны дагуу жилд хонь 3.412.400 толгой буюу маханд шилжүүлсэнээр 61.4, ямаа 3.132.900 толгой буюу маханд шилжүүлсэнээр 47.0, үхэр 214.200 толгой буюу маханд шилжүүлсэнээр 27.9, адуу 291.000 толгой буюу маханд шилжүүлсэнээр 43.6 мян.тонныг тус тус экспортонд гаргах аж.

Үндэсний статистикийн хорооны судалгаанаас харахад өнгөрсөн аравдугаар сард  хонины ястай махны үнэ өмнөх сараас 5.7, үхрийн ястай махны үнэ 3.3 хувь, ямааны ястай махны үнэ 8.5 хувиар өссөн үзүүлэлттэй байж. Харин үхрийн цул махны үнэ 0.5 хувь, адууны ястай махны үнэ 3.8 хувиар буурсан байна. Гэтэл өнөөдөр хонины ястай махны үнэ өмнөх сараас 3.9, үхрийн ястай махны үнэ 3.4 хувь, үхрийн цул махны үнэ 3.0 хувь, ямааны ястай махны үнэ 6.2 хувь, адууны ястай махны үнэ 2.3 хувиар өссөн байна. Хонины /ястай/ мах дунджаар 6955 төгрөг, үхрийн /ястай/ мах 8580 төгрөг, үхэрийн цул мах 10300 төгрөг, адууны /ястай/  мах 6525 төгрөг, ямааны /ястай/ мах 5650 төгрөгийн үнэтэй байв. Харин бидний очсон худалдааны төвүүдэд өчигдрийн байдлаар үхэрийн ястай мах 9000, цул нь 10.000 төгрөгийн үнэтэй байна. Харин өвчүү авахад нэг килограммын үнийг 8500 төгрөгөөр тооцож байгаа бөгөөд 160-400 орчим мянган төгрөгийн ханштай байлаа. Харин хонины ууцны ханш 150.000 төгрөгөөс эхэлж байв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү