Осолд орсон хоёр зорчигчийн биеийн байдал хүнд байна


2019-01-09 10:29:37

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Борхойн багийн нутаг автозамын зорчих хэсэг /Сумын төвөөс хойд зүгт 10 км-т/ Улаанбаатар хотоос Замын-Үүд сумын чиглэлд зорчиж явсан 45 зорчигчтой  “Юниверс” загварын хүн тээврийн автобус осолдсон.

Аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь Онцгой байдлын хэлтсийн 12 алба хаагч, Цагдаагийн хэлтсийн 12 алба хаагч, АТҮТ-ийн 15 ажилтан, сумын нэгдсэн эмнэлгийн 10 ажилтан, аймгийн Нэгдсэн эмнэлгийн 5 эмч, сувилагч, нийт 54 хүн, 13 автомашинтай ажиллаж Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны оршин суугч иргэн Я /60 настай, эмэгтэй/, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооллын оршин суугч, тухайн автомашины туслах жолооч Б /30 настай, эрэгтэй/ нар автомашины төмөр хийцэд хавчуулагдаж нас барсан байсныг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ. 

Тухайн автобусанд зорчиж явсан 45 зорчигчийг тус сумын Нэгдсэн эмнэлэгт тээвэрлэн авчирч эмнэлгийн үйлчилгээнд хамруулсан байна. Өчигдрийн байдлаар биеийн байдал хэвийн 6 иргэн эмнэлгээс гаргаж, 2 иргэний биеийн байдал хүнд, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Хөнгөн гэмтэлтэй 37 иргэнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэн мөн өдрийн Замын-Үүд сумаас Улаанбаатар хотын чиглэлийн 18:05 цагийн 275 дугаар галт тэргээр /аймгийн нэгдсэн эмнэлгийн 3 эмч, 3 сувилагч нар АТҮТ-ийн 2 ажилтан, ар гэрийн 7 хүн, нийт 15 хүн нэмэлт 2 вагонд хамт явж байна/ тээвэрлэж, Улаанбаатар хотод авчирчээ. 

Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэлээр ахлуулсан ОБЕГ-ын 2 алба хаагч, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 2 их эмч, 1 сувилагч, Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн нисэх багийн бүрэлдэхүүний 4 алба хаагч, нийт 9 хүний бүрэлдэхүүнтэй Шуурхай ажлын хэсэг биеийн байдал хүнд 2 иргэнд төрөлжсөн нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, оношилгоо, эмчилгээ хийх, Улаанбаатар хотод тээвэрлэн авчрах зорилгоор Зэвсэг хүчний 303 дугаар ангийн МИ-171Е загварын нисдэг тэргээр 01.09-ний өдрийн 06:11 цагт тус аймгийн Замын-Үүд сумын чиглэлд нислэг үйлдсэн. Нисдэг тэрэг 3 цаг орчим нисээд Дорноговь аймгийн Замын-Үүд суманд 09:10 цагт хүрэлцэн очно гэж Зэвсэгт хүчний 303 дугаар ангиас мэдэгдсэн аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү