Эмнэлгийн коридорт Монголын бүтэн нэг үе жагсаж байна


2019-01-10 16:56:46

Хүмүүс жагсаж байна. Гэхдээ Сүхбаатарын талбай дээр биш. Тэд үр хүүхдүүдийнхээ төлөө эмнэлгийн коридорт амь тэмцэн жагсаж байна. Гэтэл өөрсдийгөө ард түмний төлөөлөл хэмээн гоё үгээр халхавчилсан нөхөд Сүхбаатарын талбай дээр уухай хашгиран жагсаж байх юм. Тэнгэр газар шиг ялгаатай энэ хоёр зураглалаас харахад хэн нь юуны төлөө жагсаж байгаа нь илт. Эмнэлгийн коридорт хүүгээ, охиноо тэвэрсэн аав, ээж, эмээ, өвөө нар Монголын ирээдүйн төлөө, эрүүл саруул иргэнийг хойчдоо үлдээх гэж жагсаж байгаа бол төв талбайд жагсаж байгаа нөхөд нэг хүнийг унагаах, өвдөг шороодуулахын төлөө жагсаж байна.  Тэд М.Энхболд гэдэг хүнийг УИХ-ын даргын суудлаас буутал жагсана гэх.  Уг нь тэд ганц УИХ-ын даргатай зууралдах бус нийслэлийнхээ 1.4 сая иргэний төлөө жагсах ёстой байв. Засгийн газар, түүний “Эзэн” У.Хүрэлсүхэд сануулж, жагссан бол илүү шударга, утга учиртай харагдах байлаа.

Хүүхдийн эмнэлгийн үүдийг татаад үз. Үүднээс нь эхлээд уйлсан, ханиасан, уян зүү гар, хөлдөө тавиулсан хүүхдүүд л байна.  Уушгины хатгалгаа нь хүндэрсэн хүүхдүүд эмчлүүлж, эмч нар шөнө, өдрөө ч ялгахгүй болтлоо үхэлтэй тэмцэлдсээр… Монголын ирээдүй болсон бүхэл бүтэн нэг үе өнөөдөр эмнэлэгт байна. Энэ асуудал биш үү эрх баригчид аа. Сандал ширээний төлөө үхэн хатан зүтгэдэг шигээ яагаад агаарын бохирдлын эсрэг тэмцэхгүй, жагсахгүй байгаа юм бэ. Яагаад үр хүүхдийнхээ эрүүл мэндийн төлөө жагсахгүй байгаа юм бэ. Яагаад Засгийн газар юу ч санаж сэрж, хийхгүй суугаад байгаа юм бэ. Үхлээс ч айхгүй тэмцэхээ илэрхийлсэн Ерөнхий сайд яагаад эмнэлгийн коридорт өвчинтэйгөө тэмцэж байгаа балчир үрсийнхээ төлөө юу ч ярьсангүй вэ. Юу ч хийхгүй, юу ч ярихгүй байгаа энэ үйлдэл нь утааны улирал дуустал тэсэх нь тэсэг, тэсэхгүй нь үх гэж байгаагаас ялгаагүй сонсогдох боллоо. Хэдий болтол нийслэлчүүд тэсч, амь насаараа дэнчин тавих вэ. Үүний төлөө жагсаал зохион байгуулагчид тэмцэх ёстой юм биш үү.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү