85009 орц, гарц дээр урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, санамж бүхий стикер, наалт байршуулж эхэллээ


2019-02-01 17:39:12

Нийслэлийн Онцгой байдлын газраас Сар шинийн баяр амралтын өдрүүдээр болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл хийлээ. 

Нийслэлд төрийн болон төрийн бус, аж ахуй нэгж, боловсрол, эрүүл мэнд, худалдаа үйлчилгээний байгууллагын болон нийтийн орон сууцны 37783 барилгын 85009 орц байна гэсэн судалгаагаар 2018 оны эцсээр тус газраас гаргасан. Судалгааг үндэслэн цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан гамшиг, осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, сурталчилгааг шинэлэг хэлбэрээр явуулахаар төлөвлөсний дагуу “Дэлхийн зөн” Монгол олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй “Гамшигт тэсвэртэй хотууд” төслийн дэмжлэгтэйгээр барилгуудын 85009 орц, гарц дээр урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, санамж бүхий стикер, наалт байршуулна.

Наалтыг 2019.09.01-ний өдөр гэхэд байршуулж дуусгах юм. Тухайлбал 1-р улиралд 32000 ширхгийг, 2-р улиралд 27000 ширхэг, 3-р улиралд 26000 ширхгийг тус тус хэвлүүлж байршуулахаар төлөвлөсөн. Энэ ажил өчигдрөөс буюу нэгдүгээр сарын 31-ний өдрөөс эхний ээлжинд хэвлэгдэж бэлэн болсон 5000 ширхэг наалтыг байршуулах нэгдсэн арга хэмжээгээр эхэлсэн. Энэ нэгдсэн арга хэмжээ хоёрдугаар сарын 4-ний өдрийг дуустал 5 хоног явагдана. Энэ ажлын хүрээнд НОБГ-ын алба хаагчид сар шинийн баярын өдрүүдэд тохиолдож болзошгүй цаг агаарын аюулт үзэгдэл, ахуйн болон техникийн холбогдолтой осол, обьектийн гал түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр байгууллага, аж ахуйн нэгжийн ажилтан албан хаагчид, айл өрх, иргэдэд сэрэмжлүүлэг зөвлөмж өгч, яриа таниулга хийн, сэрэмжлүүлэн ажиллаж байна.

Удахгүй болох Монгол түмний маань уламжлалт сар шинийн баярын амралт олон хоног үргэлжлэхтэй холбогдуулан иргэддээ болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр дараах сэрэмжлүүлгийг өгч байна. Үүнд:

Эвдрэл гэмтэлтэй цахилгаан хэрэгсэл ашиглахгүй байх, эвдрэл гарсан тохиолдолд яаралтай засварлах, цахилгааны холболт, засвар үйлчилгээг зөвхөн мэргэжлийн хүнээр хийлгэх, ус буцалгагч, халаагуур, богино долгионы зуух зэрэг цахилгаан хэрэгслийг залгаатай нь хараа хяналтгүй орхихгүй байх, цахилгааны ачааллыг хэтрүүлэхгүй байх зэргээр цахилгаанаас үүдэлтэй гал гарахаас сэргийлэх.

Пийшин зуухны эвдрэл гэмтлийг засварлах, зөв галлах, яндангийн залгаасыг дээрээс доош зөв угсрах, пийшин зуухны өмнө төмөр буюу шатдаггүй материалаар хамгаалалт хийж хамгаалах, яндангийн цоонолтоос хамгаалж үл шатах материал, төмрөөр хамгаалалт хийж галлагаанаас үүдэлтэй галын аюулаас сэргийлэх.

Үнс, нурмыг ил задгай асгахгүй байх, татсан тамхи, шүдэнзнийхээ галыг унтрааж байх зэргээр ил задгай галаас үүдэлтэй галын аюулаас урьдчилан сэргийлэх.

Бага насны хүүхдийг гэртээ харгалзах хүнгүйгээр цоожилж орхихгүй байх, хүүхдийг болзошгүй осол гэмтлээс хамгаалах.

Мөн авто машиныхаа эвдрэл гэмтлийг шалгаж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж байж хол замд зорчих, хурд хэтрүүлэхгүй, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ авто машин жолоодохгүй байр зэргээр болзошгүй ослоос урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.

Хөдөө гадагшаа олон хонгоор явах үедээ ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагын дарга, удирдлагууд цахилгаан хэрэгсэл, ус дулаан дамжуулах шугам сүлжээгээ сайтар шалгах хэрэгтэй. Зарим дүүргийн нутаг дэвсгэрт мал амьтны гоц халдварт өвчний улмаас хорио цээрийн дэглэм тогтоон ажиллаж байгаа бөгөөд баярын өдрүүдэд иргэдийн шилжилт хөдөлгөөн, тээврийн хэрэгслээр уг өвчин дамжин тархах эрсдэл өндөр байгаа тул иргэд тухайн голомтын бүсэд байгаа мэргэжлийн байгууллагуудын тавьсан шаардлагыг биелүүлэх, хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх шаардлагатай гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү