"Эко алтан Заамар" компанийн лицензийг цуцлахаар болсон талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны уламжлал мэдээллийн үеэр салбарын сайд мэдэгдлээ. Тодруулбал, тэрбээр "Эко Алтан Заамар" ХХК-иас болж дөрвөн хүн нас барсан эмгэнэлтэй явдал болсон. Салбарын сайдын хувьд ийм осол гарсанд маш их эмзэглэж байгаа. Одоо газар гэсч байна. Уул уурхайн буруу төлөвлөлт, мэргэжлийн бус хүмүүс өнөөдөр мэргэжлийн инженерүүдийн үгийг сонсохгүй дархан эрхтэй эздийн гайгаар өнөөдөр хүний амь нас эрсдэж байна. Зөвхөн олзны хойноос буюу сорчилж орж байгаагийн гайг өнөөдөр хүний амь насаар төлж байна. Тиймээс дээрх компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах ёстой. Тодорхой шийдвэр чиглэлүүдийг өгсөн. Мөн "Эко Алтан Заамар" ХХК-ийн үйл ажиллагаа явуулбал бүх лицензийг нь цуцална. Одоо МХЕГ-аас дүгнэлтээ оруулаад ирвэл манай яам тус компанийн тусгай зөвшөөрлийг цуцлахад бэлэн байна. Осол гарахаас нэг хоногийн өмнө БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат тус компанитай холбоотой асуудалтай танилцаад зарим лицензийг нь цуцлах саналаа оруулж байсан. Харамсалтай нь би 28-нд айлчлалаар явж байсан. Гэтэл ийм харамсалтай осол гарчихсан байсан" гэв. 

Түүнчлэн энэ үеэр тус компанийн нэр дээр дөрвөн лиценз байдаг гэдгийг дуулгасан бөгөөд Туул голын голдрилыг өөрчлөөд явж байгаа компанийг УУХЯ дэмжихгүй гэдгийг ч хэлж байсан.

Дахин сануулахад, Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн нутаг дэвсгэр Баянголын ам гэх газар үйл ажиллагаа явуулдаг "Эко-Алтан Заамар" ХХК-ийн ил уурхайд өнгөрсөн хоёрдугаар сарын 28-ны өдрийн 16:20 цаг орчимд нуранги үүсч хоёр техник, зургаан иргэн дарагдсан ноцтой осол гарсан. Ослоос хоёр хүнийг эсэн мэнд аварч чадсан ч дөрвөн хүнийг нь аварч чадаагүй юм.

Онцгой байдлын Ерөнхий газрын албан хаагчид ес хоногийн турш хүнд нөхцөлд ажиллаж, осолдсон дөрвөн иргэний цогцсыг гарган авсан. Тодруулбал,  гуравдугаар сарын 1-ний өдөр таван метрийн гүнд найман удаагийн шумбалт хийж, 19.04 цагт нэг иргэний цогцсыг, 3-ны өдрийн 13.32 цагт дахин нэг иргэний цогцсыг, 6-ны өдрийн 12.55 цагт гурав дахь иргэний цогцсыг гаргасан юм. 9-ний өдрийн 08.56 цагт дөрөв дэх иргэний цогцсыг гаргасан юм.