Зэвсэгт хүчний ойн өдрөөр цэрэг хүүгийнхээ амийг нэхэв


2019-03-18 11:54:04

Өнөөдөр Монгол цэргийн өдөр-Зэвсэгт хүчний 98 жилийн ойн баяр тохиож байна. Эл өдрийг “Монгол цэргийн өдөр” болгож, нийтээр тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн билээ.

Харамсалтай нь дайн дажингүй энхийн цагт эх орноо хамгаалах тангараг өргөөд эр цэргийн албанд мордсон хөвгүүд амь насаа алдсан нэлээн хэдэн тохиолдол гарлаа. Өнөөдөр Батлан хамгаалах яамны гадаа Дорноговь аймгийн Зүүнбаянгийн 336 дугаар ангид алба хааж байгаад амь насаа алдсан цэргийн гэр бүлийнхэн суулт хийж байна. Тэд хүүгээ энхийн цагт эр цэргийн албанд явуулаад амь насыг нь алдуулсандаа тун ч ихээр харамсаж байгаа юм.

Эх орондоо үнэнч байхаа тангарагласан хүү эх орныхоо төлөө тэмцэж яваад бус зүгээр л ангийн захирагч дарга нарынхаа дэглэлтээс  болоод нас барсан. Гэвч түүнийг гадны ямар ч нөлөөгүй гэсэн шүүхийн шийдвэр гарсанд ар гэрийнхэн нь гомдож байна. Хоёр ч удаагийн шүүх шинжилгээний дүгнэлтээр талийгаачийг “өвчний улмаас амиа алдсан” гэсэн дүгнэлт гаргасныг ар гэрийнхэн нь эсэргүүцэж, өнөөдөр БХЯ-ны гадаа суулт зарлаж, хүүгийнхээ амийг нэхэв.

 Талийгаачийн зодуур амсаж байсныг илтгэх гэрэл зургийг ар гэрийнхэн нь дэлгэж хууль, шүүхийн байгууллага үнэн мөнийг тогтооно гэдэгт итгэж буйгаа хэлсэн. Тэд хэргийг үнэн зөвөөр шийдүүлэхийг хүсэж байна.

Өнөөдөр хүү нь цэргээс халагдаж ирээд, баярлаж байх байтал хорвоо дээр алга. Талийгаачийн ээж хүүдээ зориулаад “Сүүгээ өргөе дөө” гэсэн шүлэг бичжээ. Шүлгээр ч болтугай сэтгэлээ тайтгаруулах гэсэн ээжийг Батлан хамгаалахын сайд Н.Энхболд хүлээж авах нь байтугай, яамны хашаа руу ч оруулаагүй байна.

Энэ салбарт хариуцлагагүйн тогтолцоо хавтгайрч, эрдэнэт хүний амь эрсэддэг байдал энгийн хэрэг мэт болох вий. Зэвсэгт хүчинд алба хаасныхаа төлөө цаг бусаар хорвоог орхисон цэрэг эрсийн хойноос гашуудсан гашуудал өнөөдөр ч тайлагдаагүй.

Батлан хамгаалах сайд Н.Энхболд таныг энэ салбарыг удирдаж байх хугацаанд Зэвсэгт хүчний салбарт нэлээн олон зөрчил гарлаа. Гэтэл Зэвсэгт хүчний жанжин штабын даргыг чөлөөлөөд л болох уу. Сайдтан ч хариуцлагаа хүлээгээд огцрох ёстой.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү