KFC-ын зарим салбарын ундааны концентрацийн хугацаа дууссан байжээ


2019-03-19 13:17:41

Хан-Уул дүүрэг дэхь Зайсан дахь KFC түргэн хоолны газарт хоолны хордлого гарч, олон хүн өвдөж, эмчилгээ хийлгэсэн. Тэгвэл хордлого юунаас болж гарсан талаарх шалгалтын дүн эцэслэн гарчээ. Энэ талаар НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш мэдээлэл өглөө.

Тэрбээр, “Нийслэлд нийтдээ KFC-гийн12 салбар үйл ажиллагаа явуулдаг. Зайсан KFC салбараас гадна бусад 11 салбар дээр хяналт, шалгалт явууллаа. Хяналт, шалгалтын явцад хэд хэдэн зөрчил дутагдал илэрсэн. Зарим салбар дээр ашиглаж байгаа ундааны концентрацийн хугацаа дууссан. KFC хоолны газрын нийт 410 хүн Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах ёстой. Гэтэл 9 хүн Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаагүй байна гэх мэт 64 зөрчлийг илрүүлж, тухайн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авсан.

"Зайсан KFC" салбарын үйл ажиллагааг прокурорын зөвшөөрөлтэйгөөр түр хугацаагаар зогсоосон. Мөн Зөрчлийн тухай хуулийн Зургадугаар бүлгийн 14.4 дүгээр зүйл, 15.3.1 дүгээр зүйл, 15.2 дугаар заалтуудыг үндэслээд 14 сая төгрөгийн торгууль ногдуулсан. Мөн 8.5 сая төгрөгийн хууль бус орлогыг хураасан” гэв.

Мөн KFC-гээр үйлчлүүлсэн иргэдийн эрүүл мэндийн үзлэг, эм, эмнэлгийн үйлчилгээний төлбөр болох 49 сая 407 мянган төгрөгийг нөхөн төлүүлж ажилласан байна. Харин эмнэлгийн үзлэгт ороогүй есөн хүнийг Хан-Уул дүүргийн эмнэлэгт үзлэгт хамруулжээ.

Түүнчлэн KFC-ийн усан хангамжийг нийлүүлэгч "Си си эс эм жи" компанийн үйл ажиллагааг шалгасан. Зохих гэрээ зөвшөөрөлгүй, ус түгээч байсан. Зөрчлийн хэрэг нээж, 5 сая төгрөгийн торгууль ногдуулж, 15 сая төгрөгийн нөхөн төлбөр оногдуулсан байна.

Тухайн худгийн үйл ажиллагааг түр зогсоогоод байна. Мэргэжлийн хяналтын байгууллагын шинжилгээ, ХӨСҮТ-ийн шинжилгээний дүн, үйлчлүүлэгч, хохирогчдын мэдүүлэг зэрэг нь тохирч байгаа. Халдварт өвчний дэгдэлт, шигэлийн үүсгэгч болох нь тогтоогджээ.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү