“Улаанбаатар смарт карт” компани мөнгө угаах “машин” уу


2019-04-09 09:38:38

Ухаалаг системийн уршгаар нийтийн тээврийн компаниудыг модоо барихад хүргээд байгаа билээ. Автобус компаниудыг хаалгаа барихад хүргээд байгаа “Улаанбаатар смарт карт” компани хэрхэн байгуулагдсан талаар өмнөх нийтлэлдээ мэдээлсэн билээ. Тус компанийн Монгол талын захирал нь Б.Мөнхболор гэж бий. Өдгөө "Улаанбаатар смарт"-ын ТУЗ-ийн дарга хэмээх албан тушаалтан болсон.  “Тоб групп”-ийн захирал хэмээх энэ залууг АН-ын хүн гэдгээр нь улс төрийн хүрээнийхэн гадарлана. Сонгууль бүрээр сортолзож, Дундговь аймаг руу гүйдэлтэй болдог нэгэн. Түүнтэй дөрөө харшиулан яваа нөхөр нь Р.Ган-Эрдэнэ. “Улаанбаатар смарт карт” компанийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал хэмээх сэтэртэй. Тэрбээр “Датакарт сервис”-ийн эзэн. Эл залуу 10-аад жилийн өмнөөс смарт карт нэвтрүүлэх тухай ярьж, солонгосчуудтай хамтрах санал гаргаж байжээ. Солонгост нэгэн үе ажиллаж, амьдарч байсан тэрбээр тэрхүү санаагаа уйгагүй зүтгүүлсээр санасандаа хүрсэн нь энэ.

Харин Солонгос талын захирал нь эхэндээ Со Сонь Ү гэж байсан бол өдгөө Шин Дун Ү гэж бий. Хамгийн гол нь консерциум байгуулагдахаас эхлэн Солонгос талын төлөөлөгчийн нэр хэдэнтээ солигдсон байдаг. Эхлээд консерциумд багтсан компанид “Зэт И Юу Эс” ХХК-ийн захирал Lee Min Woo гэж байсан бол хуулийн этгээдэд И Мин У, харин “Улаанбаатар смарт карт” компанийн захирал Со Сонь Ү гэхчлэн төөрөгдүүлнэ.

Энэ бүхнээс илүүтэй “Улаанбаатар смарт карт” компани нийтийн тээвэрт 4400 ам.долларын өртөг бүхий төхөөрөмж суурилуулсан гэдэг. Гэтэл тэрхүү төхөөрөмж Хятадад хамгийн үнэтэй нь 2360 ам.долларын өртөгтэй байдгийг учир мэдэх хүмүүс хэлэх нь бий.

“Улаанбаатар смарт карт” компани сонгон шалгаруулалтад оролцолгүйгээр хотын удирдлагуудын хормойн дороос мэндэлсэн. Энэ талаар компанийн танилцуулгад нь ч бичсэн байдаг. Тодруулбал, “Улаанбаатар Смарт Карт” ХХК нь 2014 онд Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчтай төсөл хэрэгжүүлэх “Мастер гэрээ” байгуулсан бөгөөд түүний дагуу “Хамтарсан компани байгуулах тухай” НИТХ-ийн тэргүүлэгчдийн тогтоолоор 2014 оны 10 сард албан ёсоор байгуулагдсан юм.

Дээр нь төсөл хэрэгжүүлэгч давуу эрхтэй байхыг НИТХ-ын тэргүүлэгчид тогтоол гаргаад батлаад өгчихсөн.  Тодруулбал, 2014 оны аравдугаар сарын 22-нд хамтарсан компани байгуулах тухай НИТХ-ын тэргүүлэгчдийн 185 дугаар тогтоол бий. Тогтоолд “Нийслэлийн өмчийн оролцоотой байгуулагдах Хувь нийлүүлсэн хуулийн этгээдийн нийслэлийн оролцоог төсөл хэрэгжүүлэгчид давуу эрх олгосны үнэ болгон энгийн хувьцааны 24 хувиар тогтоосугай” гэжээ. Энэ нь авлига, албан тушаалтай холбоотой байж болзошгүй байгаа юм. Учир нь аж ахуйн нэгжид давуу эрх олгох нь Өрсөлдөөний тухай хууль болон Авлигын эсрэг хуулиар хориотой. Өөрөөр хэлбэл, энэ нь хууль зөрчсөн үйлдэл юм.

Мөн дөрвөн жилийн турш автобус компаниудын орлогоос 10 хувийг нь “Улаанбаатар смарт карт” халааслах гэрээтэй. Өдгөө эл гэрээ хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Энэ нь төхөөрөмж суурилуулсаны төлбөр юм байх. Уг нь гэрээний 6.3-т “Төсөл хэрэгжүүлэгчид ажил, үйлчилгээ эрхэлсний шимтгэл олгоно. Энэ шимтгэл нь хөрөнгө оруулалтын хэмжээ болон нийтийн тээврийн тасалбарын үнийн харилцан хамаарлыг харгалзан үзэж, нийтийн тээврийн салбарын үнийн 10 хүртлэх хувь байх бөгөөд түүний хэмжээг талууд судалгаанд тулгуурлан тохиролцож тогтооно” гэсэн байна. Өөрөөр хэлбэл, яг 10 хувь гэж хэн ч заагаагүй. Гагцхүү 10 хүртэл хувийг талууд тохиролцох тухай бий.

Түүнчлэн нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч компаниудтай шимтгэл авах тухай үзэглэсэн гэрээ ч байхгүй. Харин “Улаанбаатар смарт карт” компанийн захирал Со Сонь Ү-гийн гарын үсэгтэй албан бичигт Нийслэлийн Засаг даргатай хийсэн мастер гэрээг үндэслэн нийтийн тээврийн газартай хийсэн гэрээнд цахим төлбөрийн систем нэвтрүүлж үйл ажиллагаа эрхлэх үйлчилгээний хөлс болох 10 хувийн шимтгэлийг хөрөнгө оруулалтын үнийг нөхтөл суутгаж, цаашид бууруулах болно гэж тусгагдсан тухай бий. Уг нь сонгон шалгаруулалтад оролцсон “Дата карт консерциум” өөр шалгуур үзүүлэлтээр ялсан байдаг. Гэвч “Консерциум гэж одоо байхгүй, харин “Улаанбаатар смарт карт” гэж компани байгаа” хэмээн тухайн үеийн хотын удирдлагууд пээдэлзэж байв.

Ямартаа л төсөл хэрэгжээд сар болоход дээрх компани тэрбумын ашигтай ажилласан гэх яриа жолооч нарын дунд тарж байлаа. Олны үг ортой байж ч мэднэ. Автобус компаниуд өдрийн орлогоо банкинд тушаадаг боловч орлого хуваарилагдан ирэхэд хураалгасан мөнгөнөөс нь их хэмжээгээр дутдаг. Энэ талаар Нийслэлийн тээврийн газрын орлогч дарга асан О.Түшиг “Смарт карт нэвтрүүлж байхад нийтийн тээврийн салбар оргил ачааллын үедээ байсан. Өөрөөр хэлбэл орон нутгаас оюутан ирэх зэргээр хөл хөдөлгөөн нэмэгдэх үеэр нийтийн тээврийн орлого өсдөг. Есдүгээр сарын байдлаар нийтийн тээврийн орлого өдөрт ойролцоогоор өдөрт 250 сая төгрөг хүрдэг байсан бол аажмаар багасч одоо өдөрт 135 сая орчим төгрөгийн орлоготой ажиллаж байна. Цахим төлбөрт шилжсэн ч бид орлогыг 100 хувь хянаж чадахгүй байгаа” хэмээж байв.

Тийм атал  аж ахуйн нэгжийн орлогоос 10 хувийн шимтгэл авна. Түүнчлэн иргэдийн карт цэнэглэх мөнгө ч тус компанийн данс руу ордог. Эцэстээ бүр хотын удирдлагууд тэр мөнгө гадны дансанд орж байна уу, эсвэл Монголынх уу гэдгийн учрыг ч ойлгохоо больсон гэнэ билээ. Гол нь иргэдийн карт цэнэглэх мөнгийг хянах ямар ч боломж одоогоор байхгүй. Энэ талаар ч “Улаанбаатар смарт” компанийн удирдлагууд шууд хэлдэг.

Иймээс хэдэн төгрөг тэр дансанд төвлөрч байгааг хянах бололцоогүй гэсэн үг. Дээр нь ямар ч нууцлалгүй смарт картыг 3600 төгрөгөөр иргэд худалдан авч байгаа. Ингэснээр картаар тус компани мөнгө угааж байгаа гэхэд ч хилсдэхгүй. Уг нь сонгон шалгаруулалтад оролцсон монгол инженерүүд иймэрхүү картыг ямар ч үнэ төлбөргүйгээр өгөхөөр төсөлдөө тусгасан байдаг. Харамсалтай нь, харалган дарга нар үүнийг ойшоогоогүй. Хэдийгээр үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ гэж хотын удирдлагууд амныхаа зоргоор чалчдаг ч үнэн хэрэгтээ хөшигний ард гадны хөрөнгө оруулалтыг илүүд үзэж, тахин шүтэж, эцэст нь ар хударгаараа тавиулдаг нь энэ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү