Хоол биш хороор үйлчилж байгаа газарт төрийн төмөр нударга хэрэгтэй байна


2019-04-09 12:30:04

Манай улсад хүнсний аюулгүй байдал хэдийнэ алдагдсан гэдгийн баталгаа сүүлийн хэдэн сард гарсан хоолны хордлогын жишээ харуулж байна. Хамгийн сүүлд гэхэд “Singapore school of Mongolia” сургуулийн хүүхэд, багш ажилтнууд сургуулийнхаа цайны газраас хоолны хордлого авсан.  Энэ талаар Эрүүл мэндийн яамны албан ёсны сайтад тус сургуулийн  73 хүнд лабораторийн шинжилгээ хийснээс 30 хүнд  цусан суулгын нян илэрсэн хэмээн мэдээлэв. Хоолны хордлого авсан хүүхдүүдийн дийлэнх нь тахианы бүрмэл шницель, кимбаб, алим, шарсан төмс идсэн байсан бөгөөд хордлого дэгдээсэн хоолны хамаарлын урьдчилсан судалгаагаар ч дээрх хоолнууд нь харьцангуй өндөр эрсдэлтэй гарсан гэнэ. Хүүхэд, багш ажилчдын биеийн байдал сайжирч байгаа бөгөөд хоол, хүнсний шинжилгээг Мэргэжлийн хяналтын лабораторид хийж байгаа.

Урьдчилсан байдлаар цусан суулга өвчний нян илрээд байгаа. Энэ талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар /НМХГ/-ын Эрүүл мэнд, боловсрол, соёл, хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюушаас тодрууллаа. Тэрбээр “Манай байгууллагаас "Үдийн цай" хөтөлбөрийн хяналт дээр төлөвлөгөөт болон урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийдэг. “Singapore school of Mongolia” сургуульд манайхаас “Үдийн цай" хөтөлбөр хэрэгжүүлэх дотоод хяналт тавьж ажиллах талаар мэдэгдэл хүргүүлсэн. Сургуульд гарсан хордлого тахианы махнаас болсон уу, уснаас болсон уу гэдгийг лабораторийн шинжилгээгээр тогтооно.

Манай байгууллагаас сургуулийн үйл ажиллагааг түр зогсоосон. Гал тогоонд хэрэглэж байсан уснаас гурван дээж, хоолны 12 бүтээгдэхүүнээс 10, арчдас ес, агаар нэг, тахианы махнаас найман дээж, нийт 43 дээж авч, Улсын мэргэжлийн хяналтын төв лаборатори болон Улсын мал эмнэлэг, ариун цэврийн лабораторид шинжилгээ хийлгүүлэхээр хүргүүлсэн. Одоогоор шинжилгээний хариу хараахан гараагүй байна. "Үдийн цай" хөтөлбөрийн санхүүжилт 600 төгрөг хэвээрээ байгаа. Хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүд ашиг хараад, хямд түүхий эдээр хоол хийж бэлтгэдэг. Бид хэдий хяналт тавилаа ч байнгын хяналт гэж байхгүй. Иймд аж ахуйн нэгж байгууллага сургуулийн удирдлага дотоод хяналтыг өдөр тутам хийж байх ёстой” гэв.

Бас нэг жишээ татвал, өнгөрсөн арванхоёрдугаар сарын 7-ны өдөр “НВЦ” компанийн 100 гаруй ажилтан “Оюуны ундраа” группийн “Зайсан хилл” цогцолборын “Эвейнт холл”-оор үйлчлүүлж хоолны хордлогод “өртсөн”. Улмаар тус газарт зөрчлийн хэрэг нээсэн байдаг.

Дахиад л хоолны хордлого. Энэ бол өнөөх алдарт “KFC”. Хүүхэд бүрийн амтархан идэх дуртай “KFC” яагаад үй олноор нь иргэдийг хордуулах болов. Хан-Уул дүүрэгт байрлах түргэн хоолны “KFC” сүлжээний Зайсан дахь салбараар үйлчлүүлсэн олон иргэн гэр бүлээрээ хоолны хордлогод орсон. Тодруулбал, “KFC” сүлжээ­ний “Зайсан” салбараар үйлчлүүлсэн, хоол захиалж идсэн гэх халуурах, бөөлжих, суулгах зовиуртай 80 гаруй хүн Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-д хандав. Харин тэднээс 37 хүн хэвтэн эмчлүүлсэн байдаг.  

Түүнчлэн уг асуудалтай холбоотойгоор салбар яамнаас тандалт судалгаа хийхэд, хоёрдугаар сарын 9, 10, 11-нд Зайсан дахь “KFC” сүлжээ ресторанаар үйлчлүүлсэн хүмүүст хордлогын шинж тэмдэг илэрсэн нь тогтоогдсон. Мөн ЭМЯ-наас мэдээлснээр хордлого авсан иргэдийн дийлэнх нь “Найзууд” багц захиалан идсэн ба тухайн өдөр 300 гаруй багц худалдаанд гаргасан гэх мэдээлэл ч гарсан. Иймд, хоёрдугаар сарын 9, 10, 11-нд Зайсан дахь “KFC” салбараар үйлчлүүлсэн хүмүүс харьяа дүүргийн эрүүл мэндийн төв болон ХӨСҮТ-д яаралтай үзүүлэхийг албаныхан зөвлөж байв. Энэ талаар НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш “KFC-гийн Зайсан дахь салбараар  хоёрдугаар сарын 8,9,10 өдрүүдэд үйлчлүүлсэн хүмүүс ХӨСҮТ-д  эмчилж байгааг тус байгууллагаас 12-нд нь анх мэдээлсэн.

Мэдээллийн мөрөөр тус салбарт Хан-Уул дүүргийн мэргэжлийн хяналтын байцаагч нар томилогдон ажилласан. Ажиллах хугацаанд тоног төхөөрөмжөөс нь арчдас, хоолны дээж, ундны уснаас нь дээж авч шинжлүүлсэн. Мөн “KFC”-гийн Зайсан дахь салбарт ажилладаг 28 хүнээс нян тээгч илрүүлэх шинжилгээ авсан. Үүссэн асуудалтай холбоотой Зөрчлийн хэрэг нээж, прокурорын зөвшөөрлөөр тухайн газрын үйл ажиллагааг хоёрдугаар сарын 13-ны өдрөөс түр зогсоосон.  Үүнээс гадна “KFC”-гийн Зайсан дахь салбарын ажилтнуудад шинжилгээ хийж, эрүүл мэндийн төвүүдэд шалгалт хийж, хордлого юунаас болсныг нарийн шалгасан” гэв. Улмаар шинжилгээний хариу гарч өнөөх хэргийн эзнээр хоёр ажилтан нь тодорч, тухайн компани иргэдийн эмчилгээний зардалд нөхөн төлбөр төлсөнөөр асуудлын чимээ алдарсан.

Гэвч дахин “KFC” хэрэг тарив. Тодруулбал, өнгөрсөн сарын 19-ний өдөр “KFC”-ээр үйлчлүүлсэн хүүхэд хордлого өгч, ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа тухай мэдээлэл цацагдлаа. Энэ талаар хүүгийн аав “Асуудалгүй болсон хариуцлагатай хандах байх гээд итгээд идсэн. Миний буруу. Миний өөрийн биеийн байдал гайгүй. Харин хүүхдэд л дэмий юм боллоо. Тухайн өдрийн 19.00 цагийн үед үйлчлүүлээд хоёр цагийн дараанаас дотор нь муухайраад бөөлжөөд, гэдэс нь өвдөж эхэлсэн. 103-т дуудлага өгөх гэсэн боловч холбогдож чадаагүй тул ХӨСҮТ-д өөрийн унаагаар яаралтай очсон” гэв. Тухайн үед тэрбээр  хүүгийн хамт “Curry”-тай багц худалдан авч үйлчлүүлсэн байдаг.

Энэ мэт олон жишээ татаж болохоор байна. Тиймээс Мэргэжлийн хяналтын байгууллага, тухайн аж ахуйн нэгж өөрт ногдсон үүргээ ухамсарлаж ажиллахгүй бол таны бидний ирээдүй хоолны хордлого гэх мөнхийн өвчинтэй нүүр тулах нь. Тиймээс өнөөдрөөс эхэлж хоол биш хор борлуулж байгаа үйлчилгээний байгууллагад тавих хяналтаа шалгах ёстой байгууллага чангатгах хэрэгтэй байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү