Нийслэлд хүчтэй газар хөдлөлт энэ сарын 25-нд"болно"


2019-04-13 11:15:15

Энэ сарын 25-нд бүхий л тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлана. Өөрөөр хэлбэл, 25-ны өглөө 07.00-09.30 цагийн хооронд нэг ч тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцохгүй. Улмаар энэ хугацаанд хотоос гарах болон орох хөдөлгөөнийг  мөн хориглох юм. Учир нь энэ өдөр нийслэлд хүчтэй газар хөдлөлт “болж”, онц байдал “тогтоох” гэнэ.

Сүүлийн үед газар хөдлөлтийн давтамж өндөр байгаа билээ. Тэр дундаа нийслэлчүүдийн хувьд “аюул” нүүрлэсэн гэхэд хилсдэхгүй. Хатуухан хэлэхэд чанаргүй барилга байгууламж олноор сүндэрлэж, иргэдийн аюулгүй байдалд өдөр бүр  заналхийлэх болсон.

Хэлж ирэхгүй, хийсч ирдэг гамшиг тохиовол хэрхэн биеэ хамгаалж, хохирол багатай даван туулах вэ. Иймээс “дайн”-д бэлэн байх бэлтгэлээ базаах гэж байгаа нь энэ. Тодруулбал, “Нийслэлийн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль”-ийг гурван өдөр зохион байгуулахаар төлөвлөөд байгаа билээ. Өмнө нь дуут дохио өгч, төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, сургууль, цэцэрлэгүүд дор бүрнээ гамшгаас хамгаалах бэлтгэл, сургуулилт хийдэг байсан. Гэвч сургуулилтад иргэд төдийлөн хамрагддаггүй, тэр бүр тоодоггүй байсан гэхэд хилсдэхгүй.

Харин энэ удаагийнх өмнөх сургуулилтуудаас хэд хэдэн зүйлээр онцлог. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг бүрэн хаахаас гадна энэ өдрийн ажлын цаг 10.00 эхэлнэ. Мөн нийслэл дэх яам, тамгын газар, цэргийн байгууллагын удирдах албан тушаалтнууд 72 цагийн турш “хуралдана”. Гамшгийн үеийг хэрхэн хохирол багатай даван туулах, иргэдийг нүүлгэн шилжүүлэх гээд гамшгийн үед авч хэрэгжүүлэх арга хэмжээг авах юм. Дасгал, сургуулилт тул ажлын цаг дууслаа гэртээ харилаа гэсэн ойлголт энэ 72 цагийн хугацаанд байхгүй. Цай, кофе ч эргүүлэх зав байхгүй гэдгийг ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр хэлсэн. Иймээс дарга нар тэсвэр, тэвчээртэй байхаас гадна зохион байгуулалтад орж, багаар ажиллах шаардлага үүсч байгаа юм. Зургаан дүүрэгт нүүлгэн шилжүүлэлт болно.

Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан тэргүүтэй хэдэн хэдэн удирдах албан тушаалтаныг 27-ны өдөр “сорих” гэнэ. Дарга нар хээрийн хувцас өмсөж, гамшгийн голомтод ажиллаж, иргэдээ авран хамгаална. Энэ сорил 4 км замын хугацаанд үргэлжилж, замдаа таарсан гамшгийг хэрхэн даван туулахыг “үзэж”, сонирхож болох аж.

ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр “Нийслэлд сүүлийн 30 жилд ийм том хэмжээний дадлага, сургуулилт зохион байгуулагдаагүй. Энэ сарын 24-нд сургуулийн үйл ажиллагаа эхэлнэ. Энэ өдөр олон нийт рүү хандсан арга хэмжээ зохион байгуулагдахгүй. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй төр захиргааны байгууллагуудаас авахуулаад олон улсын байгууллагуудын түвшинд явагдана. 25-ны өдөр олон нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулна. Өглөө 07:00-10:00 цагийн хооронд замын хөдөлгөөнийг түр хязгаарлана. Улаанбаатар хот руу орох болон гарах бүх хөдөлгөөний зогсооно. Энэ хугацаанд мөн төр захиргааны байгууллагын ажил түр зогсоно. Сургууль цэцэрлэг орохгүй. 08:00 цагт зарлан мэдээллийн дохио дуугарна. Нийслэлд дуут дохио өгөх 60 цамхаг бий. Үүний дараа орон байрнаас гарах дадлага сургуулийг хийнэ. Улаанбаатар хотод цугларах 111 цэг байгаа. Иргэд эдгээр цэгээс өөрт ойрхон байгаа байршлын талаар амьдарч буй хорооныхоо Засаг даргаас лавлаж, мэдээлэл авч болно Энэ сургуульд Улаанбаатар хотод амьдарч буй бүх ард иргэд оролцоно” гэсэн ерөнхий үйл ажиллагааны танилцуулгыг хийлээ.

Гамшгаас хамгаалах тухай хуульд “Иргэд гамшгаас хамгаалах сургалтад хамрагдах үүрэгтэй” талаар тусгасан байдаг. Гэвч иргэд энэ үүргээ биелүүлдэггүй. Хэрэв үүргээ биелүүлэхгүй бол хүлээлгэх хариуцлага ч мөн Зөрчлийн хуульд бий. Иргэнийг 500 нэгж, байгууллагыг 5000 нэгжээр торгох заалттай. Гол нь төрийн төмөр нударгаар бус үүргээ ухамсарлаж, сургалтад хамрагдах нь юу юунаас илүү чухал болохыг Онцгой байдлын газрын удирдлагууд хэлж байсан.

Мөн “Иргэдийг замын хөдөлгөөнийг хаах үед бухимдахгүй, тэвчээртэй иргэний үүргээ ухамсарлаж, сургуульд идэвх санаачлагатай оролцохыг хүсээд сэтгүүлчдэд иргэдийг уриалахад хэвлэл мэдээллийн нөлөө чухал болохыг уламжлаад, зөв мэдээллийг нийтэд хүргэн хамтарч ажиллахыг хүслээ. Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн үеэр хэвлэл мэдээллийн байгууллагууд албаны машиныхаа дугаарыг урьдчилан албан ёсоор ОБЕГ-т өгч бүртгүүлснээр үйл ажиллагааг сурвалжлах, мэдээлэх эрх үүснэ” гэдгийг онцолж хэлсэн юм.

Гамшгийн сургалтад хамрагдсанаар иргэд “гай” тохиосон үед хаана очиж аврагдах гарцаа мэдэж авах төдийгүй хорогдох байранд багтах эсэхээ ч нягтлах боломж бүрдэх юм. Өөрөөр хэлбэл  нийслэлд цугларах 111 цэгт иргэд очих учиртай. Хэдэн жилийн өмнө цэглэсэн эдгээр газар иргэдийн аюулгүй газар мөн эсэхийг ч нягтлаад авахад гэмгүй. Мөн гамшгийн үед шаардлагатай цэвэр ус, ариун цэврийн өрөөнөөс эхлээд цахилгаан, дулаан хангамжийг ч шалгах боломж олдож байна.

Эрүүл мэндийн байгууллага л гэхэд гамшгийн үед ажиллах ямар ч боломжгүй байгаа талаар Онцгой байдлын газрынхан хэлсэн. Учир нь гамшгаас хамгаалах сургуулилтын үеэр Хүй долоон худагт гэр барьж, эмнэлгийн тусламж үйлчилгээ цогцоор нь үзүүлэхээр тусгажээ. Гэтэл эмнэлгийн байгууллагад ганц ч гэр байхгүй байгаа нь анхаарал татна. Энэ мэтчилэн гамшгийн үед бэлэн эсэхээ энэ удаагийн сургалтаар шалгах юм. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү