Гоодойн аманд гал гарч 16 айл шатлаа


2019-04-14 23:17:35

Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, Гоодойн зусланд гал гарчээ. Тус түймрийн улмаас 16 айл галд өртөж шатав. Галын дуудлага 13:55 минутад шар өвс шатаасны улмаас түймэр гарлаа гэсэн дуудлага ирсэн байна.

Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 34, 74, 10, 26, 18 дугаар анги болон нийслэлийн Аврах анги 105-ын нийт 102 алба хаагч,  12 техник хэрэгсэлтэйгээр ажиллан, түймрийг цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллав.

Албанаас өгч буй мэдээллээр тус зуслангийн оршин суугч төмөр хашаагаа гагнаж байхдаа оч алдсанаас гал гарчээ. 16 айлын хоёр нь гэртэй байжээ. Цагдаагийнхан галын газарт ажиллан, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байгаа юм.

Хуурайшилт их байгаа энэ үед айл, өрх иргэдийг анхаарал болгоомжтой байхыг анхааруулсаар байна.

Нийслэлийн Онцгой байдлын газарт он гарсаар зуслангийн чиглэлд болон гэр хорооллын иргэд хашааны өнжмөл шар өвсийг шатааж байгаад гал алдсан 30 удаагийн дуудлага иржээ.  Энэ мэт иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас үүдэн хашаандаа өнжмөл шар өвс, ногоо шатаасны улмаас өөрийн болон бусдын эд хөрөнгөнд хохирол учруулах, цаашлаад ногоон бүс галд өртөх эрсдэлийг дагуулж байгаа юм.  

Иймд хаврын хуурайшилтын үед иргэд асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийж байх, түймрийн хуурайшилт ихтэй үед ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна. Мөн иргэд гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах, гал унтраах багаж хэрэгслийг бэлтгэх зэрэг гал түймрээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү