Сүхбаатарын талбайгаар өнгөрөхөд төлбөр авдаг болох вий


2019-04-15 10:22:31

Жагсагчдын хөлд дарагддаг улсын нийслэлийн төв цэг болох  Сүхбаатарын талбай хувьд шилжжээ. Тодруулбал, Сүхбаатар жанжны хөшөөнөөс урагш цэцэрлэгт хүрээлэн бүхэлдээ хувийн өмчийн мэдэлд шилжсэн байна.

2015 оны 10 сард НИТХ-аар одоогийн авто зогсоолыг барих тогтоолын төслийг хэлэлцэж дэмжсэн байдаг. Гэсэн ч зогсоол барихаар төлөвлөж байсан уг газар нь хувийн эзэмшилд шилжсэн байсныг тухайн үед мэдэж, багагүй асуудал дэгдэв. Улмаар хэний үед хэрхэн худалдагдсаныг судалж үзтэл 2006 онд Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байсан Ц.Батбаяр нийт 2,5 га газрыг 52 тоот захирамж гаргаж БНХАУ-ын “Ю Би Констракшн” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ. Тус компанийн захирал Ч.Орхон гэгчтэй Нийслэлийн газрын алба гэрээ байгуулж, мутраа зурсан байдаг. Гэтэл тус компани уг газраа банкинд барьцаанд тавиад орхисон байсныг Солонгосын нэр бүхий компани барьцаатай нь хамт худалдаж аваад 2015 онд барилга барина хэмээн маргаан дэгдээсэн нь ч бий.

Уг нь Сүхбаатарын талбайн урд хэсгийг "Empire expo" нэртэй олон улсын үзэсгэлэн худалдааны төв болгож, хүүхэд залуусын чөлөөт цагаа өнгөрүүлэх газраас эхлээд төв зам доогуурх явган хүний гарц, авто машины зогсоол, дуут усан оргилууртай цэцэрлэгт хүрээлэн байгуулана хэмээн тухайн үеийн нийслэлийн Засаг дарга Ц.Батбаярын чихэн дээр цэцэг ургуулж байж. Харамсалтай нь, 13 жилийн хугацаанд юу хийв. Өнөөх биеэ үнэлэгч, архичид, болсон болоогүй мэргэч төлөгч нарын бор хоног өнгөрүүлдэг газар хэвээр байна.

Гэхдээ худалдаж авсан тал зүгээр суусангүй. Өргөн уудам газар нутагтай ч автозогсоол нь нүдний гэм болсон нийслэлчүүдийг дахин молигодов. Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан Су.Батболдын захирамжаар 200 машины зогсоолыг ашиглалтад оруулж, тууз хайчилж, тэр бүү хэл, баяр ёслолын байдалтайгаар "Энэ зогсоол иргэдэд үнэ төлбөргүй" хэмээн ярьж байв. Гэвч хэлсэн үгийнх нь шүлс хатаж амжаагүй байхад эл зогсоол төлбөртэй болж, иргэдийн бухимыг ихэд хүргэсэн. Сонгуулийн өмнө үнэгүй байсан машины зогсоол сонгууль, наадмын дараа үнэтэй болж, суудлын автомашин цагийн 1000, автобус 2000 төгрөгийн тарифтай иргэдэд үйлчилсээр хэдэн жилийг үдэв.

Өглөө 08.00 цагаас оройн 22.00 цаг хүртэл машин  тавьдаг. Энэ хүртэлх хугацаа 14 цаг болж байна. Үүнээс ажлын идэвхитэй 8 цагаар 200 машиныг тооцож үзвэл өдөрт 1.6 сая төгрөг олж байгаа юм. Сард 48 сая төгрөг олно. Уг нь Нийслэл хотын захиргаатай байгуулсан гэрээ ёсоор автозогсоол ашигтай ажиллавал ашгийнхаа 40 хувийг нийслэлийн төсөвт тушаах гэрээтэй. Харамсалтай нь, ашиггүй ажилладаг хэмээн нийслэлийн төсөвт сохор зоос ч тушаагаагүй гэнэ. Ийнхүү үе үеийн нийслэлийн удирдлагууд хувийн хэвшилд далаараа тавиулж, шившгээ тарьсан шигээ сууна.

Хотын дарга нараар даажигнаж, нийслэлийн иргэдийг молигодож байгаа дээрх компанийн нууц эзнийг сахал Б.Эрдэнэбилэг гэх мэдээлэл чих дэлсэх нь бий. Юутай ч цэцэрлэгт хүрээлэнг нь удахгүй сүйтгэж, барилга барихаар зураг төслөө хийчихсэн байгаа талаарх ноцтой мэдээллийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ дэлгэнэ билээ. Мөн УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Сүхбаатарын талбайн урд хэсгийн цэцэрлэгт хүрээлэн болон автомашины зогсоолын талбайг МАНАН бүлэглэлээс гадны компанид өгсөн гэдэг баримт ирсэн. Бид үүнийг шалгуулах болно. Сүхбаатарын талбайгаа, цэцэрлэгт хүрээлэнгээ, нийслэлийн захиргаагаа хувьчилчихаад байгааг бид ойлгохгүй байна” хэмээсэн юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү