Хот руу орох, гарах хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлана


2019-04-15 11:00:57

Гамшгаас хамгаалах сургуулилт энэ сарын 24-26-ны хооронд гурав хоног нийслэл хот даяар зохион байгуулагдана. Үүнтэй холбоотойгоор тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлана. Өөрөөр хэлбэл, 25-ны өглөө 07.00-09.30 цагийн хооронд нэг ч тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцохгүй. Улмаар энэ хугацаанд хотоос гарах болон орох хөдөлгөөнийг мөн түр хугацаагаар хориглох юм.

Энэ талаар ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр “Нийслэлд сүүлийн 30 жилд ийм том хэмжээний дадлага, сургуулилт зохион байгуулагдаагүй. Энэ сарын 24-нд сургуулийн үйл ажиллагаа эхэлнэ. Энэ өдөр олон нийт рүү хандсан арга хэмжээ зохион байгуулагдахгүй. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй төр захиргааны байгууллагуудаас авахуулаад олон улсын байгууллагуудын түвшинд явагдана. 25-ны өдөр олон нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулна. Өглөө 07:00-10:00 цагийн хооронд замын хөдөлгөөнийг түр хязгаарлана. Улаанбаатар хот руу орох болон гарах бүх хөдөлгөөний зогсооно. Энэ хугацаанд мөн төр захиргааны байгууллагын ажил түр зогсоно. Сургууль цэцэрлэг орохгүй. 08:00 цагт зарлан мэдээллийн дохио дуугарна. Нийслэлд дуут дохио өгөх 60 цамхаг бий. Үүний дараа орон байрнаас гарах дадлага сургуулийг хийнэ. Улаанбаатар хотод цугларах 111 цэг байгаа. Иргэд эдгээр цэгээс өөрт ойрхон байгаа байршлын талаар амьдарч буй хорооныхоо Засаг даргаас лавлаж, мэдээлэл авч болно Энэ сургуульд Улаанбаатар хотод амьдарч буй бүх ард иргэд оролцоно” гэсэн ерөнхий үйл ажиллагааны танилцуулгыг хийлээ.

Гамшгаас хамгаалах тухай хуульд “Иргэд гамшгаас хамгаалах сургалтад хамрагдах үүрэгтэй” талаар тусгасан байдаг. Гэвч иргэд энэ үүргээ биелүүлдэггүй. Хэрэв үүргээ биелүүлэхгүй бол хүлээлгэх хариуцлага ч мөн Зөрчлийн хуульд бий. Иргэнийг 500 нэгж, байгууллагыг 5000 нэгжээр торгох заалттай.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү