МЭХ орон нутгийн салбар зөвлөлөө чадавхжуулахаар ажиллаж байна


2019-04-16 19:33:52

Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл, “Монголын эмэгтэйчүүд” сэтгүүлийн редактор Ю.Шүрэнцэцэг нар энэ сарын 7-ноос 14-ний өдрүүдэд Монгол орны баруун бүсийн таван аймаг, хоёр суманд томилолтоор ажиллаа.

95 жилийн түүхтэй, Монгол улсын тусгаар тогтнол, бичиг соёл, ёс заншил, түүхийг өөрсдийн түүхтэй хамт бүтээлцсэн, Монголын эмэгтэйчүүдийн сурч боловсрох, хөгжих, улс нийгмийг хөгжүүлж, хүн ардыг соёлжуулан боловсруулахад түүхэн үүрэг гүйцэтгэсэн Монголын эмэгтэйчүүдийн холбоо 21 аймаг, 330 сум 9 дүүрэг 153 хороонд салбар зөвлөлтэй иргэний нийгмийн томоохон байгууллага юм.

Иргэдэд Монголын эмэгтэйчүүд сэтгүүлийн тухай мэдээлэл хүргэлээ

Б.Оюунгэрэл энэ удаагийн томилолтоороо Завхан, Говь-Алтай, Ховд, Увс, Баян-Өлгий аймгуудад ажиллаж, холбооныхоо орон нутаг дахь салбар зөвлөлүүдийн үйл ажиллагаатай танилцах, хойшдын товлолт ажлуудад чиглэл өгөх, салбар зөвлөлүүдийг өдөр тутмын үйл ажиллагаа явуулах албан ёсны оффис, байртай болгох, мөн тэргүүлэгчид, дэмжигчид, цаашлаад олон нийтийг соён гэгээрүүлэх үйлсэд нас хүйс, шашин шүтлэг, нам эвсэл үл хамааран, хамгийн чадварлаг манлайлагчид, эерэг үзэл санааг түгээн дэлгэрүүлэгчдийг татан оролцуулж, үүгээрээ “ХҮЧИРХИЙЛЛИЙН ЭСРЭГ ХҮН БҮРИЙН ОРОЛЦОО-2019” үндэсний чуулганыхаа зорилгыг хэрэгжүүлэх чиглэл өгсөн.

Мөн аймаг бүрт хүний нөөцийн мэдээллийн санг бүрдүүлж илгээх, Уламжлалт гар урлалын сургалтуудыг явуулах, 5-р сарын 15 буюу “Олон улсын гэр бүлийн өдөр” орон нутгийнхаа иргэдэд зориулсан тусгай хөтөлбөрт арга хэмжээг зохион байгуулах, 6-р сарын 1 буюу “Эх үрсийн баяр”-т зориулсан бүтээлч, үр дүнтэй хөтөлбөр бэлтгэх, 10-р сарын 11 буюу “Олон улсын охидын өдөр”-өөр өсвөр насны охид, хөвгүүдийн насны онцлогт тохирсон сонирхол, чиг хандлага, үерхэл нөхөрлөл, хөгжил боловсрол, эрүүл мэнд, мэргэжил сонголт зэрэг сэдвүүдийн хүрээнд үндэсний хэмжээний нэгдсэн арга хэмжээнүүдийг зохион байгуулахад идэвхийлэн оролцохыг үүрэгдлээ.

Албан уулзалтуудын үеэр Завхан аймгийн засаг дарга Д.Батсайхан, Говь-Алтай аймгийн засаг даргын орлогч Ж.Ганбат, Ховд аймгийн засаг даргын орлогч, Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ховд аймаг дахь салбар зөвлөлийн дарга Ч.Уранчимэг, Увс аймгийн засаг дарга Д.Батсайхан, Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан нар Засаг даргын ивээл дор эдгээр ажлуудыг зохион байгуулахад дэмжиж ажиллахаа илэрхийлсэн юм.

Томилолтын үеэр “Монголын эмэгтэйчүүд” сэтгүүл Монгол улсын хүн амын бодлогын түүхэн тэмдэглэлийг үлдээдэг “Өнөр айл” булан, нүүдэлчин өв соёлын үнэлж баршгүй уламжлалыг тээж, нүүж ирсэн малчин түмний аж байдал, ахуй соёл, уламжлалыг сурталчлан дээдэлдэг “Малчны хотонд” булангийнхаа үнэ цэнэтэй мэдээлэл сурвалжлагыг бэлтгээд ирлээ. Эдгээр мэдээллүүд сэтгүүл зүйн бүтээл болж, “Монголын эмэгтэйчүүд” сэтгүүлийн сар тутмын дугааруудад цувран нийтлэгдэх юм.

Увс аймгийн засаг дарга Д.Батсайхан МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэлийг хүлээн авч уулзлаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү