МҮОНРТ-ийн Олон нийтийн зөвлөлд улс төрийн болон төрийн албан хаагч нэр дэвших эрхгүй


2019-04-17 11:20:25

Маргааш (2019.04.17) УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо МҮОНРТ-ийн удирдах дээд байгууллага Үндэсний зөвлөлийн гишүүдийн ээлжит сонголтын асуудлыг хэлэлцэх гэж байна. Үндэсний зөвлөлийн зарим гишүүдийн сонгуульт хугацаа дуусч, шинээр нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалт өнгөрсөн оны аравдугаар сарын 26-нд зарлагдсан.

Гэвч улстөрд өрнөсөн үйл явдлууд МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүдийн ээлжит сонголтыг хойшлуулахад хүргэсэн.

Үндэсний зөвлөл бол МҮОНРТ-ийн нийтлэлийн бодлогыг тодорхойлж, сонгон шалгаруулалт явуулах, үндсэн үүргээ биелүүлэхэд нөлөө үзүүлэх, аудит оруулах гэх мэт ажлыг хариуцдаг нэг ёсондоо энэ байгууллагын уураг тархи. Энэ мэргэжлийнхэн сууж ямар нэвтрүүлэг бэлтгэж, Монголчуудын оюун санааг хөгжүүлэх вэ, яавал телевиз, радио үндэсний хөгжилд хувь нэмрээ оруулах вэ гэх мэт бодлогын асуудлыг хэлэлцэж байх учиртай.

Гэвч  2005 оноос хойш УИХ Үндэсний зөвлөлийн гишүүдийг ихэвчлэн гадны хөндлөнгийн улстөрчдийн нөлөөтэй, хамааралтай хүмүүсээр бүрдүүлж байгаа. Энэ нь Үндэсний зөвлөл олон нийтийн радио, телевизийг жинхэнэ утгаар олон нийтийн нийтлэл нэвтрүүлгийн тал руу хөтлөх биш эсрэгээр улс төрийн бодлогоо дамжуулан түгээх хэрэгсэл болгоод байгаа юм.

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчдийг Төрийн бус байгууллагууд санал болгож, Ерөнхийлөгч дөрөв, Засгийн газар дөрөв, УИХ долоон гишүүний нэрийг дэвшүүлж, УИХ хэлэлцэн баталдаг. Тэр утгаараа улстөрчдийн хамаарал орж ирдэг.

Энэ удаагийн сонгон шалгаруулалт Үндэсний зөвлөлийн таван гишүүний орон тоон дээр сонгууль явагдах гэж байгаа. Зургаан жилийн хугацаатай УИХ-аас томилогдох, шинээр сонгогдох гэж буй таван гишүүний нэгийг Ерөнхийлөгч, нэгийг Засгийн газар, гурвыг нь УИХ томилох эрхтэй байгаа.

Үндэсний зөвлөл нь олон нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх орон тооны бус байгууллага бөгөөд 15 гишүүнтэй бөгөөд тэдний бүрэн эрхийн хугацаа 6 жил юм.

Үндэсний зөвлөлийн гишүүнд дараахь этгээдийг нэр дэвших эрхгүй

-Төрийн улс төрийн болон төрийн жинхэнэ албан хаагч;

-Улс төрийн намын удирдах албан тушаалтан;

-Бусад радио, телевизэд ажиллаж байгаа, түүнчлэн ажилладаггүй боловч хөтөлбөрийн бодлогыг тодорхойлоход нь оролцдог этгээд;

-Бусад радио, телевизэд хөрөнгө оруулалт хийсэн этгээд, эсхүл олон нийтийн радио, телевизийн санхүүгийн хараат бус байдалд нөлөөлж болох этгээд.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд нэр дэвших сонирхолтой хүмүүсийн анкет ирсэн бөгөөд тэдэн дунд улс төрийн намын Ерөнхий нарийн бичгийн даргын орон тооны бус зөвлөх байсан. Мөн Төрийн өмчит компанид Олон нийттэй харилцах хэлтсийн даргаар ажиллаж байгаа хүмүүс нэр дэвшээд байгаа юм байна.

УИХ-ын Байнгын хорооны гишүүд хуулиа мөрдөж чаддаг уу үгүй юу гэдгийг хуралдааны үйл явц тодорхой харуулах байх. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү