Махны үнэ тогтворжино хэмээн салбарын сайд мэдэгдлээ


2019-05-14 16:09:56

Мах магнаг болж, нийслэлчүүд цагаан хоолтон болох “шахав”. Мал аж ахуйн орон атлаа махны үнэ тэнгэрт хадсаныг нийслэлчүүдийн замбараагүй хэрэглээтэй холбон УИХ-ын гишүүн нь дүгнэсэн юм. Хэдийгээр нөөцийн мах худалдаанд гаргасан ч иргэдэд хүрэлцэхгүй байгаа гэх шүүмжлэл ч бий.

Махны үнийг 2018 оны мөн үетэй харьцуулахад хонины мах 17 хувиар, ямааны мах 28 хувиар үхрийн цул болон ястай мах 14 хувиар, адууны мах 11 хувиар  нэмэгджээ. 2018 онд 70,000 орчим тонн мах, махан бтээгдэхүүн экспортонд гаргасан. Харин энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 8,000 орчим тонн мах экспортонд гаргасан талаар ХХААХҮЯ-наас зохион байгуулсан мэдээллийн үеэр онцлов.

Нөөцийн махыг нэмэгдүүлнэ хэмээн салбарын сайд Ч.Улаан мэдээллийн эхэнд мэдэгдлээ. Тэрбээр "Нийслэлчүүдийн өдөр тутмын махны хэрэглээ 100-120 мянган тонн мах байдаг. Энэ махнуудыг гурван сувгаар дамжин хангадаг. 

  1. Улсын нөөцийн махыг нийслэлийн 127 дэлгүүр буюу цэгээр дамжигдаж буй нийлүүлэлт
  2. “Хүчит шонхор” худалдааны захаар дамжин зах зээлд шууд нийлүүлэгдэж буй махны нийлүүлэлт  
  3. Хувийн хэрэглээгээр дамжин махны хэрэглээ хангагдаж байна.

Тодруулбал, 2019 оны дөрөвдүгээр сарын 15-наас эхлэн улсын нөөцөөс 127 хүнсний дэлгүүрээр мах борлуулж байгаа. Өдөртөө 30 орчим тонн мах тогтмол борлогдож байна. Ингэхдээ зах зээлийн дундаж ханшнаас 20-25 хувийн хямдралтай үнээр худалдагдаж байна. 

Цаашид бид нөөцийн махны нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ. Ойрын өдрүүдэд урьд өмнө нь нийлүүлэгдэж байсан нөөцийн махнаас хоёр дахин их махыг зах зээлийн дундаж үнээс 20-25 хувийн хямд байхаар нийлүүлэхээр ажиллаж байна. Мөн амралтын өдрүүдэд махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулах ажлыг нийслэлийн удирдлагатай ярилцсан” хэмээсэн юм. 

Нөөцийн мах худалдаанд гаргаад байхад махны үнэ тэнгэрт хадсан нь зах зээл дээрх махны нийлүүлэлтэд саатал гарсантай холбоотой гэнэ. Өөрөөр хэлбэл, цаг агаарын нөхцөл байдал, зан заншил, шатахууны үнэ, малын махны гарал үүсэл баталгаатай болоогүй зэрэг шалтгааны улмаас зах зээл рүү нийлүүлдэг махны хангамжийн нийлүүлэлт саатжээ.

Махыг гадагшаа их хэмжээгээр гаргаж байгаатай холбоотой үнэ нь өссөн эсэх асуултад Ч.Улаан сайд “Мах боловсруулах үйлдвэрүүд их хэмжээгээр авч байгаа нь нөлөөлж байгааг талаар судлахад технологийн шинжтэй алдаа зөрчил гарсан. Тиймд цаашид дулааны аргаар боловсруулах махны хэмжээг дотоодын зах зээлтэй уялдуулан ковоттой болгож шийднэ.  Мах боловсруулах үйлдвэрүүд суурилагдсан хүчин чадлынхаа хэмжээнд мах бэлддэг байх журмыг хэрэгжүүлнэ. Манай улсад дулааны аргаа мах боловсруулах үйлдвэрүүдэд махаа нийлүүлэх зөвшөөрөлтэй 14-15 итгэмжлэгдсэн мах бэлтгэх үйлдвэр бий. Эдгээр үйлдвэрүүдийн хамтын ажиллагааг сайжруулж, дулааны аргаа мах бэлтгэж байгаа үйлдвэрүүд экспортоор гаргаж буй махныхаа тодорхой хэмжээг дотооддоо нийлүүлсэн байх шаардлага тавина. Өнөөдрөөс эхлэн зах зээл дээрх махны үнэ тогтворжиж эхэлнэ" гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү