Туул голоос хүн, мал хордох болжээ


2019-05-15 23:46:53

Туул гол чимээгүйхэн уйлсаар удлаа. Эцэстээ гашуудан уйлах ч тэнхэлгүй болов. Туул голыг тал бүрээс нь хэмлэж, тасдан сийчих хүчин зүйлүүд дэндүү олон. Ойролцоох аж ахуйн нэгжийн бохир, ялгадас, мөн арьс ширний үйлдвэрүүдийн хаягдал, нөгөө талаас хайрга олборлогчид. Туул голыг одоо л аврахгүй бол хожим харамсаад барахгүй талаар Өргөдлийн байнгын хорооноос удаа дараа хэлэлцүүлэг зохион байгуулж, Туулын бургасыг хядсан аж ахуйн нэгжүүдтэй дайн зарласан гэхэд хилсдэхгүй. Өдгөө Туул голоос хайрга олборлогчид болоод амралтын газрын үйл ажиллагаа эрхлэгчидтэй тэмцэл өрнүүлж буй.  

Монгол Улсын 5 аймгийн 37 сум, Улаанбаатар хотын 7 дүүргийн нутаг дэвсгэрийг хамран нийт 50 мянган км/квадрат талбайг эзэлдэг Туул гол нүд анихад ойрхон болсныг УИХ-ын дарга Г.Занданшатар нүдээр харж, биеэр мэдэрлээ. Түүнтэй хамт Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, УИХ-ын гишүүн А.Сүхбат, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Х.Болорчулуун болон холбогдох яам, байгууллагын удирдлага, мэргэжилтнүүд нөхцөл байдалтай танилцаж, иргэдийн санаа бодлыг сонссон.

Нийслэлийн зүүн зах болох Тэрэлж орчимд Туул голын ус нэн цэнгэг байдаг бол Био комбинат, Шувуун фабрик, Төв аймгийн Алтанбулаг сумын нутгаар дамжин урсахдаа бохирдол нь дээд зэрэгтээ хүрдэг аж. Улмаар үнэр нь хамар сэтлэх шахаж, хүн мал ойртохын аргагүй болдог байна. Тэр бүү хэл, Туул голын усны эвгүй үнэр жилийн дөрвөн улиралд үнэртдэг талаар Хан-Уул дүүргийн 12, 13 дугаар хорооны иргэд ярив. Өөрөөр хэлбэл, энэ хавийн айлууд эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх ноцтой зөрчигдөх болжээ. Улмаар байгаль орчинд ч сөргөөр нөлөөлж эхэлсэн байна.

Голын усанд хүн, мал, орчинд аюултай 15 хорт элемент агуулагдаж байгаа нь байгаль орчны шинжилгээгээр тогтоогджээ. Бохир ус 450 км орчим урсаж байгаагаас Сонгиноос цааших 120 гаруй км нь маш их буюу их хэмжээгээр бохирдсонд тооцогддог байна. Төв аймгийн Алтанбулаг сум 1100 гаруй өрхтэйгээс 700 гаруй нь Туул голоо дагаж нутагладаг аж. Голын усны бохирдлоос болж мал хордож байгаа нь шинжилгээгээр нотлогджээ. Малын арьс хөрс зулгарах, хээл хаях, амьгүй төл гарах нь хэвийн үзэгдэл болсон талаар нутгийн иргэд гишүүдэд хэлж байлаа.

Мал нядлаад гэдэс, дотрыг нь шууд хаяхаас өөр аргагүйд хүрдэг гэнэ. Тус сумын 1-р баг буюу Туулын орчимд 145 өрхийн 20.000 мал бэлчээрлэж байгаагаас зөвхөн энэ хавар л гэхэд нэг айлын 100 гаруй бог үхэж, өөр нэг айлаас 50 гаруй мал хорогдсоныг шинжлүүлж үзэхэд хордлого болох нь тогтоогджээ. Мал нь усандаа хордож, хүн нь уух усгүй болсноос малчид сумын төв, ойролцоох цэргийн ангиас усаа гуйж, эсвэл мөнгө төлж авдаг болсон байна.

Иймээс Туулын эрэг дагуу оршин суугаа иргэдийг эрүүл мэндийн шинжилгээнд нэн тэргүүнд хамруулж, усны бохирдол хүн, малын эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгааг тогтоох, нөлөөллийг бууруулахад чиглэсэн үйлчилгээг үзүүлэх хэрэгтэй байгааг иргэд УИХ-ын даргад уламжилсан.

Хэдийгээр шинэ цэвэрлэх байгууламжийг барих ажил эхэлсэн ч 3 жилийн дараа ашиглалтад орно. Энэ байгууламж ашиглалтад орсноор өнөөгийн хүндрэлтэй нөхцөл байдал үгүй болно гэж албаны хүмүүс хэлж байгаа ч тэр болтол хугацаа их байна. Иймээс наана нь асуудлыг авч хэлэлцэн, арга хэмжээ авахгүй бол УИХ-ын даргын хэлсэнчлэн бид нойлын ус, угаадас уухад хүрнэ.

Тиймээс Туул голыг уйлуулж, амийг нь тасдахад хүрээд байгаа хайрга олборлогчидтой тэмцэх нь чухал. Хан-Уул дүүргийн 13-р хорооны нутаг дэвсгэр буюу Шувуу орчимд хайрга, дайрга олборлох үйл ажиллагаа хавтгайрч, малын бэлчээр, голын голдирол, хөрсийг сүйтгэж, иргэдийн суурьшлын бүс нутагт заналхийлэх болжээ. Тэнд 85 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байснаас 40 гаруйнх нь эрхийг цуцалж, 24-т нь холбогдох албанаас мэдэгдэл хүргүүлжээ. Гэвч одоо 50 гаруй аж ахуйн нэгж ажилласаар байгаа гэнэ. Ашигт малтмалын ХЭГ-аас нэмж олборлолтын зөвшөөрөл олгосоноос хайрга дайрга олборлолт, тээвэрлэлтийн улмаас их хэмжээний шороо тоос босож, амьсгалах агааргүй шахам болдог талаар зам тосож цугларсан хорооны оршин суугчид хэлж байна. Мөн аваар осол нэмэгдэж, хүн, мал амиа алдсан тохиолдол ч бий гэнэ.

Хоёр жилийн өмнө эдгээр аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны болон дүүргийн төр, захиргааны байгууллагын шийдвэрээр цуцалж, олборлолт хийхийг хориглосон ч Шүүх дээр очоод Эвлэрлийн гэрээ болж хувирснаар дахин олборлолт хийх болсон талаар УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг танилцууллаа. Тиймээс тэрбээр хотын шинэ удирдлагад албан тоот хаяглажээ. Энэ талаар М.Оюунчимэг “Хотын даргад эвлэрлийн гэрээ хууль зөрчиж байгаа эсэх талаар албан тоот явуулсан. Иргэдийн эрүүл мэндэд аюул учруулж, амьсгалах боломжгүй болгохын зэрэгцээ Туул голыг бохирдуулж байгаа учраас энэ асуудлыг эргэн харж, шийдвэрлэж өгөхийг мөн хүссэн” гэлээ.

Хайрга олборлогчдоос гадна Туул голын сав дагуух амралтын газруудын асгасан бохир ус, ялгадас өтгөрч, тунарсан байдалтай байгаатай мөн УИХ-ын дарга болоод гишүүд танилцсан. Дулааны улиралд ялаа, батгана шавсан, өмхий үнэртсэн энэ нөхцөл байдалтай иргэд эвлэрч амьдрахаас өөр аргагүй байдал бий болжээ. Амралтын газрууд хуучны жорлонтой. Өөрөөр хэлбэл, хөрс бохирдуулж, ялгадас нь ил задгай байдаг нь Туул голыг уйлуулах бас нэг шалтгаан болдог байна. Мэргэжлийн хяналтын байгууллагаас дээрх газруудад удаа дараа анхааруулж, торгууль тавихаас хэтэрдэггүй байна.

Иймд 1726 газрын үйл ажиллагааг цуцлах асуудлыг хотын даргад хүргүүлжээ. Өмнө нь БОАЖЯ-наас 34 газрын үйл ажиллагаа цуцлуулсан аж.

Туул голыг тусгай хамгаалалтад авах тухай хуулийг төслийн Засгийн газар УИХ-д удахгүй өргөн барих гэнэ. Энэ талаар УИХ-ын гишүүн А.Сүхбат “Дэлхийн бусад улс оронд нийслэлийнхээ төвөөр урсдаг голыг дархан цаазтай газар болгон зарлаж, тусгай хамгаалалтад авдаг. Улмаар хажуугаар нь аялал жуулчлалаа хөгжүүлэх бодлого баримталж ажилладаг” хэмээсэн юм.

УИХ-ын дарга Г.Занданшатар ирэх долоон хоногт БОХХАА-н байнгын хорооноос энэ асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулах, хэлэлцүүлэгт энд хийсэн шинжилгээний дүгнэлтүүдийг танилцуулах, шаардлагатай бол Нээлттэй сонсголыг тус нутаг дэвсгэрт амьдарч байгаа иргэдийн төлөөллийг оролцуулан, холбогдох байгууллага, албан тушаалтнуудыг байлцуулан хийх үүргийг өглөө.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү