Монгол хүнээ ажилтай байлгахад, авч байгаа цалин нь хүрэлцээтэй байхад түлхүү анхаарна


2019-05-20 09:08:57

Төрийн ордон өнгөрсөн баасан гарагт хөл хөдөлгөөн ихтэй байв. Учир нь хөдөлмөрийн салбарын 60 жилийн түүхийг бичсэн эрхмүүд энэ өдөр Төрийн ордонд чуулж өнгөрсөн хугацаанд хийж бүтээсэн ажлаа дүгнэхийн хажуугаар монгол хүний үнэ цэнийг нэмэх тодруулбал, монгол хүн ажилтай орлоготой байхад, авч байгаа цалин нь амьдралд нь хүрэлцээтэй байлгахын тулд төрийн зүгээс бодлогын хэмжээнд ямар арга хэмжээ авч  хэрэгжүүлэх талаар санал, солилцож зөвлөлдсөн юм.

Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 100, Монгол Улсад хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага бие даан байгуулагдсаны 60 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан энэхүү арга хэмжээ нь “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын үндэсний зөвлөгөөн” сэдвийн хүрээнд өрнөсөн. Иймдээ ч зөвлөгөөнд оролцогчид хөдөлмөрийн салбар үүргээ гүйцэтгэж монгол хүн ажилтай орлоготой, амь залгуулаад зах зээлийн  шилжилтийн хүнд үеийг даваад гарчихсан. Харин цаашид хөдөлмөр нийгмийн салбарыг хөгжүүлэх, олон улсын хөгжлийн чиг хандлагад нийцүүлэх том зорилт бидний өмнө байна гэдгийг онцолж байлаа.

Монгол Улсад хөдөлмөрийн салбар үүсч хөгжсөний 60 жилийн энэ энэ арга хэмжээнд олон хүн оролцсон. Тодруулбал, зөвлөгөөнд энэ салбарт ажиллаж байсан үе үеийн төлөөлөл, хамтрагч түншүүд, олон улсын байгууллагын 800 гаруй төлөөлөгчөөс гадна Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар нар  оролцож үг хэлсэн юм.

Зөвлөгөөнийг нээж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг үг хэлсэн.

Тэрбээр “Монгол Улсад хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага бие даан байгуулагдсаны 60 жилийн түүхт ойн өдөр тохиож байна.  БНМАУ-ын сайд нарын зөвлөл намын төв хорооны 1959 оны тавдугаар сарын 29-ний өдрийн хамтарсан тогтоолоор Сайд нарын зөвлөлийн дэргэд “Хөдлөлмөр цалин хөлсний товчоо”-г байгуулсан нь өнөөгийн хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын анхны бие даасан бүтэц бий болсон гэж үзэж байгаа. Монголчууд цаг тооллоо жаран жаранд гэж тэмдэглэж ирсэн түүхтэй ард түмэн. Хөдөлмөр хамгааллын салбар өнгөрсөн жарны ололт амжилтаа дүгнэж, шинэ жарны  зорилгоо тодорхойлох энэхүү түүхэн арга хэмжээг Олон улсын хөдөлмөрийн байгууллага байгуулагдсаны 100 жилийн ойтой хамтатгаж тэмдэглэж байгаагаараа онцлогтой юм. Хөдөлмөрийн салбарт сэтгэл оюунаа зориулж хамтдаа хөдөлмөрлөсөн үе үеийн удирдлагууд ахмад буурлууд, одоо ажиллаж буй дунд залуу үеийнхэндээ энэхүү түүхэн ойн халуун мэндчилгээг дэвшүүлж байна. 

Хөдөлмөр нийгмийн зөвшлийн талуудтай хамтран зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нийгмийн хамгааллыг сайжруулах, салбарын хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарын эрдэм шинжилгээний хурал, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлаар үндэсний чуулган, хөдөлмөрийн ажилтнуудын дунд ажил, мэргэжлийн уралдаан зэргийг жилийн турш зохион байгуулахаар төлөвлөж байна. Өнөөдөр бид салбарын түүхэн ойн хүрээндээ салбарын хүрсэн үр дүн, тулгамдаж буй асуудлаа хэлэлцэн цаашдын зорилтоо тодорхойлж ажил хэрэгчээр зөвлөлдөхөөр энд цуглаад байна” гэсэн юм.

Мөн тэрбээр энэхүү тэмдэглэлт ойн хүрээнд хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарын үйлчилгээг иргэдэд таниулах үйлчилгээг улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 30-нд зохион байгуулж, 52 мянган иргэнд үйлчилгээ үзүүлсэн гэдгийг онцолж байлаа. 

Түүнчлэн энэхүү зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, үг хэлсэн.

Тэрбээр “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын үе үеийн ажилтан, албан хаагчид, уригдан ирсэн нийт зочид төлөөлөгчид Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая.

Монгол Улс маань зах зээлийн харилцаанд шилжсэнээс хойших хугацаанд эдийн засаг, нийгмийн харилцаа, түүний дотор хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд олон чухал өөрчлөлтүүд гарчээ. Ирж буй 15 жилд ч мөн дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал, тэр дундаа техник технологийн хөгжил дэвшил, хүрээлэн буй орчин, хүн ам зүйн өөрчлөлтөөс хамаарч, ажиллах хүчний бүтцэд ихээхэн өөрчлөлтүүд гарах талаар эрдэмтэн мэргэд тодорхой статистик ярьж байна.

Жишээ нь, хөдөлмөрийн насны хүн амын тоо нэмэгдэж, 2030 он гэхэд 600 саяас дээш ажлын байр шинээр бий болгох хэрэгцээ байгаа боловч технологийн дэвшил хүний хөдөлмөрийг бүрэн орлох чиглэлд давшингуй амжилт олж байгаа нь ажиллах хүчний бүтцэд сөргөөр нөлөөлөх хандлага бий болгосон юм байна.

Харин бидний хувьд хүн амын гуравны нэгээс дээш хувийг 15 хүртэлх насны хүүхэд эзэлж байсан байдал өөрчлөгдөж, 2025 онд 25 хувь болж буурах бөгөөд хөдөлмөрийн насны хүний тоо нэмэгдэж, “хүн амын цонх” үе 2030-аад он хүртэл үргэлжлэх төлөв байна. Манай улсын хөдөлмөрийн нөөц оргилдоо хүрч, түүнийг дагаад бүтээмж бий болгох боломж бүрдэнэ. Гэтэл ийм нөхцөл байдалд бэлдэх, ажлын байрыг өсгөх, хөдөлмөрийн зах зээлийн балансыг тэнцвэржүүлэх, дундаж цалин, хөдөлмөрийн үнэлэмжийг зүй зохистой хэмжээнд байлгах тал дээр ирээдүйг харсан бодлого тулгамдаж байна.Бүс нутгийн хүрээнд бусад улстай харьцуулахад манай улсын хөдөлмөрийн дундаж хөлс бага хэвээр байна. Тиймээс энэ байдалдаа дүн, шинжилгээ хийж, тодорхой бүтээлч ажил хийх хэрэгтэй. Ажлын байрыг олноор бий болгох хэрэгтэй.

Өнөөдөр БНСУ-руу ажиллахаар явж байгаа манай улсын иргэдийн тоо 45-50 мянгад хүрсэн. Одоо АНУ, Япон руу ажиллах хүч илгээх гэрээ, хэлэлцээрүүд хийгдэж байна. Эрүүл саруул, идэр залуу, юм хийж бүтээх насныхан маань гарч явсаар байгаа энэ урсгалыг бид зогсоох ёстой. Урд хөршийн хил дагасан аймгуудаас мал маллахаар малчид хил давж эхэллээ. Бид сайн сайхнаа ярьж байгаа ч саараа ярьж байж л урагшилна. Ажлын байр болон хөдөлмөрийн хөлсний зохистой хамаарлыг бий болгох ёстой. Гадагш ажиллахаар явж байгаа залуус эх орондоо дургүй, ажил хийх хийхгүй дургүй хүмүүс биш юм. Ажил олдохгүй, хөдөлмөрийн хөлс санасан хэмжээнд хүрэхгүй байгаа тул хөдөлмөрөө үнэлүүлэх, гэр бүлдээ ахиухан орлого олох гэж хүний нутгийг зорьж байгаа гэдэгтэй та бүхэн санал нэг байгаа байх.

Үүнээс улбаалсан сөрөг зүйлс олон байдаг. Үүнийг дагаад гэр бүл салалт, хүүхэд өнчрөх, хүүхдийн хүмүүжил… гээд маш олон асуудал урган гардаг юм. Өнөөдөр 60 жилийн ойн хүрээнд зөвлөгөөнөө хийж сугаа шийдвэр гаргагчид энэ тал дээр дорвитой арга хэмжээ аваасай хэмээн хүсч байгаа учраас эдгээр зүйлсийг хэлж байна.

Монголын төр, Монголын Засгийн газар юм бол монгол хүнээ ажилтай байлгахад, авч байгаа цалин нь хүрэлцээтэй байхад түлхүү анхаараач ээ гэж дахин хүсмээр байна” гэв. 

Түүнчлэн зөвлөгөөний үеэр энэ салбарт насаараа ажилласан ахмадууд ч өөрсдийн байр суурийг хэлж байсан. Тодруулбал, ахмадын зарим төлөөлөл манай хөдөлмөр нийгэм хамгааллын салбар 60 жилийн хугацаанд маш сайн хөгжсөн. Олон тооны мэргэжилтэн, бодлого боловсруулагчид бэлтгэгдсэн. Одоо энэ салбар эрдэмтэн мэргэд, бодлого боловсруулагчид, мэргэжилтнүүдээр бүрэн хангагдаж, орчин үеийн эдийн засгийн том салбар болсон. Хөдөлмөр цалин хөлсний товчоо 1050 онд байгуулагдахад 20-иод хүнтэй байсан бол өнөөдөр өнөр өтгөн айл болж, биеэ даасан яам, агентлагуудтай болж, орон нутагт салбар хэлтэстэй болсон. Энэ бол нийгмийн захиалгаар өөрөө хөгжиж байгаа салбар гэж байсан. 

Мөн залуу, дунд үеийн төлөөлүүд ч байр сууриа илэрхийлж байсан. Тухайлбал, зарим төлөөлөгч хөдөлмөрийн салбарт хуулийн шинэчлэл хийж буй нь том ололт. Тодруулбал, нийгмийн хамгааллын багц хуулийн төсөл, Мэдлэг боловсролын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн шинэчлэлтийг хийж байна. Эдгээр хуулиар шинэ хөдөлмөрийн орчинд монгол хүнийг хэрхэн бэлтгэх вэ гэдгийг судлах, сайжруулах ёстой. Үүний зэрэгцээ аж үйлдвэрийн хувьсгал, энэ нь ирээдүйн ажил мэргэжилтэй холбоотой асуудал гарч ирээд байна. Тухайлбал, тогтвортой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлийг баримталж, ирээдүйн ажил, мэргэжлийг хүндээ чиглүүлэх стратегийн зорилтыг тодорхойлох ёстой гэж байсан юм. 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү