Фрийдландад "гавлуулсан" УИХ болоод Засгийн газрын эмгэнэлт тавилан


2019-06-10 13:48:25

“Оюутолгой”-г шалгасан ажлын хэсгийн дүгнэлт бүдгэрч эхлэв. Дүгнэлтийг УИХ-аар хэлэлцүүлэхийг ажлын хэсгийн ахлагч удаа дараа мэдэгдэж байгаа ч ахиц гарсангүй. Эцэст нь Оюутолгойн асуудлыг хэлэлцэхгүй байх сонирхол илт цухалздаг талаар УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва ам нээв.

Монголчуудыг хэдэн үеэр нь тэжээх ордыг зээлийн барьцаанд тавьж, хууль тогтоомжийг уландаа гишгэсэнийг бататгах дүгнэлт бэлэн болчихсон. Монголчууд мэхэлж, хуурч, баялгийг нь шавхаж байгаа баталгаа гар дээр нь байхад гаргаж ирж, хэлэлцэн нөгөө талтай ширээний ард суухаас цааргалзаж байгаагийн цаад шалтгаан юу вэ.

Ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэж эхлэхтэй зэрэгцэн хэн, юуны учир “Оюутолгой” компани болоод “Рио Тинто”-д энэ эрх мэдлийг өгөв гэдэг асуудал хөндөгдөнө. Тэр бүрт Монголын үе үеийн эрх мэдэлтнүүд холбогдож, өнөөгийн эрх баригчдын цөөнгүй нь ч гартаа гав зүүж мэдэхээр байгааг учир мэдэх хүмүүс хэлдэг. Жишээ нь, “Оюутолгой” ХХК нь түгээмэл тархацтай ашигт малтмалыг хууль бусаар ашигласан үйлдлүүдийг удаа дараа гаргаж байсан. Энэ төрлийн зөрчил анх 2012 онд илэрч Улсын ахлах байцаагчийн акт тавиулж байсан ч зөрчлийг 2014 онд давтан гаргасан. Өөрөөр хэлбэл, өмнөх шалгалтын мөрөөр ажил зохион байгуулаагүйн баталгаа нь энэ. Удаа дараагийн энэ үйлдлийг хав дарсан асуудалд хэн холбоотой гэх асуулт урган гарах нь зайлшгүй.  

Мөн түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц ашигласаны төлбөрийг Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын 2017 оны 12 сарын 22-нд гэрээ байгуулж, шийдвэрлэсэн байх жишээтэй. Холбогдох хуулийг бүхэлд нь зөрцсөн энэ асуудлын буруутныг мөн л тогтоож, хариуцлага тооцох асуудал үүснэ.

Цаашлаад Ашигт малтмалын газрын даргын 2015 оны 11 сарын 6-ны өдрийн Техник эдийн засгийн үндэслэлийн эдийн засгийн хэсгийг хүлээн авах тухай т/109 дүгээр тушаал бий. Энэ тушаал нь ЭБМЗ-ийн дүгнэлтэд хүлээн авах талаар уламжлаагүй байхад Оюутолгойн зэс-алтны бүлэг ордыг ашиглах ТЭЗҮ-ийн эдийн засгийн хэсгийг хүлээн авах шийдвэр гаргасан зөрчил бий.

Хамгийн ноцтой нь Засгийн газар болон “Рио Тинто”, “Айвенхоу майнз” компаниуд харилцан тохиролцож, Хөрөнгө оруулалтын болон Хувь нийлүүлэгчдийн гэрээнүүдийг 2009 оны 10 сарын 6-нд байгуулсан. Олон улсад мөрддөг зарчим, журмаар аливаа ашигт малтмалын орд ашиглах хамтын ажиллагааны гэрээг ТЭЗҮ-ийг боловсруулж баталгаажуулсаны дараа байгуулах ёстой.

Гэтэл Монголын эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар Оюутолгой ордыг ашиглах ТЭЗҮ-ийг 2010 оны 3 сарын 24-ний өдөр хэлэлцэж хүлээн авсан байх жишээтэй. Үүнээс гадна Оюутолгой төслийг хэрэгжүүлэхэд нэн чухал баримт бичиг болох үйлдвэр, обьектуудыг барьж байгуулах Техник-ажлын зураг, төсвийг Монголын талд өнөөг хүртэл өгөөгүй. Энэ бол маш ноцтой асуудал. Мэдээж Техник-ажлын зураг, төсөвгүйгээр хүдрийн ил уурхай, баяжуулах үйлдвэр, хаягдлын аж ахуй дулааны уурын зуух зэрэг обьектийг барьж байгуулаагүй нь ойлгомжтой. Мөн далд уурхайг ч нэгэн адил Техник-ажлын зураг, төсөвгүйгээр барьж байгуулж байгаа гэсэн ойлголт байхгүй.

Оюутолгой төслийн Техник-ажлын зураг, төсвийг өнөөг хүртэл өгөөгүй нь ихээхэн эргэлзээ төрүүлж байгаа тухай ажлын хэсгийн дүгнэлтэд онцлон тэмдэглэсэн байдаг. Учир нь энэ нь “Рио Тинто” компанийн үл итгэх байдлыг бий болгохоос гадна хөрөнгө оруулалтын хэтрэлтийг нотлох үндсэн баримт бичиг байхгүй гэсэн үг. Иймд хөрөнгө оруулалт хэтэрсэн эсэхийг нотлох боломжгүй. Шулуухан хэлэхэд, монголын талд хэдийнэ мад тавиулчихсан, гарах гарцгүй болсны илрэл нь энэ.

Аймшигтай бас нэг зүйл байгаа нь “Оюутолгой” ХХК-ийн туслан гүйцэтгэгч “Ханбогд вест менежмент” ХХК химийн бодисын сав баглаа боодол устгах тусгай зөвшөөрлийг холбогдох төрийн захиргааны төв байгууллагаас аваагүй. Тийм атал аюултай хог хаягдлыг цуглуулан, сав баглаа боодлыг хууль бусаар устгах, саармагжуулах үйл ажиллагаа явуулсан байна. Ийм ноцтой асуудал Ханбогд суманд бий болж, хүн малд заналхийлж байгаа тухай ажлын хэсгийн дүгнэлтэд бий.

Нүүр өгөхөөр бөгс өгнө гэгчээр Монголын эрх мэдэлтнүүд харийнхны өмнө толгой бөхийнхийн хэрээр нөгөөдүүл нь даварсаар өнөөг хүрсэн олон жишээ баримт Оюутолгой дээр бий. Тухайлбал, “Антре Гоулд” компанийн 15225А, 15226А ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийн талбайгаас олборлосон бүтээгдэхүүнийг зах зээлийн үнээс хамаарахгүйгээр маш хямдаар худалдаж авах асуудлыг тусгасан гэрээ бий. Энэ нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2015 оны 10 сарын 12-ны 4/316 тоот чиглэл хүргүүлэх тухай албан бичгийн 5-т “Антре Гоулд” ХХК-ийн орд эзэмших тусгай зөвшөөрөл, Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын асуудлыг нийтэд ойлгомжтой хэлбэрээр нэг мөр шийдвэрлэх”, 7-д “Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт зөвлөмжийг хангасан тохиолдолд гаргах” гэж заасныг биелүүлээгүй.

Агаарын чанарын стандартуудын зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн тохиолдлууд 2016, 2017 онуудад гарсан. Үйлдвэрлэлийг удирдах менежментийн бүх эрх мэдлийг Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч тал өөртөө төвлөрүүлэх, баяжмалыг худалдах гэрээ хэлэлцээр ТЭЗҮ-ийн тооцооллууд ТУЗ-ийн худалданы тэмдэглэл зэргийг хамтран хөрөнгө эзэмшигч Монголын талаас нууцалж байгаа асуудлуудыг  эргэн харж, яаралтай хэлэлцэх шаардлага бий.

“Рио Тинто”-гийн удирдлага “Гэрээнд үг, өгүүлбэр, цэг таслалын ч өөрчлөлт оруулахгүй” гэдгээ Монгол Улсын УИХ хийгээд Засгийн газарт мэдэгдчихсэн. Гар бариад бугуй барина гэгчээр үг, үйлдэл бүр нь даварсан энэ компанийн асуудлыг авч хэлэлцэхээс эмээх олон шалтгаан өнөөгийн Засгийн газар болоод УИХ-д бий бололтой.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү