Э.Мөнх-Очир: Дипломатч Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаяр нар баригдангуутаа хамгийн түрүүнд над руу холбогдсон нь үнэн


2019-06-10 16:38:02

Монгол Улсаас Турк улсад сууж байсан дипломатч Б.Баттүшиг, түүний жолооч С.Эрдэнэбаяр нар Чех улсаас ХБНГУ-ын хилээр нэвтэрч байх үедээ дипломат дугаартай автомашиндаа 70 кг героин тээвэрлэн явж байгаад баривчлагдсан хэрэг гарсан.

Эл асуудлаар Бүгд Найрамдах Турк улсын Станбул дахь ерөнхий консулаар ажиллаж байгаад ажлаа өгсөн Э.Мөнх-Очир мэдээлэл өглөө.

Тэрбээр “Монголын ард түмнээс уучлал гуймаар байна. Миний тэргүүлж байсан дипломат төлөөлөгчийн газарт ийм явдал болсонд харамсч байгаагаа илэрхийлье” гэв.

Мөн тэрбээр “Би ажлаа өгөөд удаж байна. Гуравдугаар сарын 8-ны засгийн газрын тогтоолоор дуудагдаад дөрөвдүгээр сарын 03-нд Монголд ирсэн. Тэрнээс хойш юу болж байсныг сайн мэдэхгүй байна. Ажлаа өгсөн учраас төлөөлөгчийн газартай холбоогүй байсан.

Б.Баттүшиг есдүгээр сард томилогдож ирсэн. Ажлаа сайн гүйцэтгэж байсан. С.Эрдэнэбаяр гэж хүн аж ахуйн эрхлэгчээр томилогдож ирж байсан. Тодорхой шаардлагатай үед машин барьдаг байсан. Миний жолооч гэсэн ойлголт байхгүй. Байгуулагын жолооч гэж явдаг. Консулын газар ажиллаж буй бүх хүн машиндаа дипломат дугаар авдаг.

Энэ хоёр хүн баригдангуутаа над руу хамгийн түрүүнд холбогдсон нь үнэн. Би Улаанбаатарт байсан учраас Германд байсан элчин сайд руу яриад манай төлөөлөгчийн газрын хоёр хүн асуудал гаргасан байна. Анхаарал хандуулаарай гэж ярьсан. Одоо энэ хэргийг хуулийн байгууллага шалгаж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна” гэв.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү