“ХУУЛЬЧДЫН ФОРУМ-2019”-ЫГ “ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛД ХУУЛЬЧДЫН ҮҮРЭГ, ОРОЛЦОО” УРИАН ДОР ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА


2019-06-13 18:30:46

Монголын Хуульчдын холбооноос гурав дахь жилдээ “Хуульчдын форум”-ыг “Эрх зүйн шинэчлэлд хуульчдын үүрэг, оролцоо” уриан дор 2019 оны зургадугаар сарын 13-нд “Корпорейт конвеншн центр”-т зохион байгуулж байна.

Аливаа нийгэмд хуульчдын гүйцэтгэх үүрэг амин чухал байдаг бөгөөд улс орны хөгжил дэвшил, хүн амын сайн сайхны баталгаа нь хуульчдын хариуцлагатай мэргэжлийн үйл ажиллагаатай салшгүй холбоотой. Иргэд хуульчдыг хүний эрхийг хамгаалагч, шударга ёсны манаач, нийгмийг анагаагч эмч гэж итгэдэг. Тиймээс нийгмийн энэхүү хүлээлт, итгэлийг эвдэхгүй байх өндөр хариуцлага хуульчдын нуруун дээр байдаг билээ.  Хуульчдын форум нь нийгэм, иргэдийн амьдралд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж тэдгээрийг шийдвэрлэх тодорхой санал, санаачилга гаргаж хуульчдын дуу хоолойг нийгэм болон бодлого тодорхойлогчдод хүргэх, хуульчид харилцан туршлага солилцох, хамтран ажиллах соёлыг түгээх, мэргэжлийн нэр хүнд, бахархлыг дээшлүүлэх хуульчдын индэр юм.

Энэ жилийн “Хуульчдын форум” нь “Эрх зүйн шинэчлэлд хуульчдын үүрэг, оролцоо” уриатайгаар "Эрх зүйн шинэчлэл ба хуульчийн бие даасан, хараат бус байдал” үндсэн сэдвийн хүрээнд явагдаж байна. Улс орны хөгжил, нийгэм эдийн засгийн байдал, иргэдийн амьжиргаа нь төрийн тогтвортой бодлого, үйл ажиллагаанаас хамаарч, оновчтой эрх зүйн зохицуулалтыг шаарддаг. Харин тогтвортой, аливаа хийдэл, доголдолгүй эрх зүйн орчин нь хуульчдын идэвхтэй оролцооноос хамаардаг. Тиймээс “Хуульчдын форум”-ын салбар хуралдааны сэдвүүдийн хүрээнд өрнөх хэлэлцүүлгүүд нь оновчтой эрх зүйн зохицуулалтуудыг бий болгоход дэмжлэг үзүүлэхэд чиглэгдэж буй юм. Тодруулбал, “Хуульчдын форум-2019”-ын хүрээнд “Авлигын хэргийг хянан шийдвэрлэхэд хуульчийн хараат бус байдлыг хамгаалах”, “Төрийн өмчийн удирдлага: Хувьчлал, засаглал, эрх зүйн зохицуулалт”, “Хүүхдийн эрхийг хамгаалахад тулгамдаж буй асуудал,  хуульчийн оролцоо”, “Технологийн шинэчлэл ба хуулийн зохицуулалт”, “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх эрх зүйн шинэчлэл, хэрэгцээ, шаардлага”, “Эрүүдэн шүүх, хүнлэг бус хэрцгий харьцах, хүний эрхэм чанарт халдах”, “Арилжааны хууль хэрэгтэй юу?”, "Double jeopardy: Зөрчил болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед нэг үйлдэлд хоёр удаа шийтгэл ногдуулахгүй зарчим үйлчлэх үү?”, “Оюуны өмчийн эрх зүйн шинэчлэл”, “Шүүгчийн томилгоо”, “Өмгөөллийн нөхөрлөлийн удирдлага”, “Хууль зүйн туслалцаа үзүүлэх тогтолцоо” гэсэн 12 асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж, тодорхой санал, шийдлийг эрэлхийлэх болно.

“Хуульчдын форум” нь хуульчдын нийтийн сайн сайхны төлөө гэх дуу хоолой, байр суурийг илэрхийлэх индэр болж чадсан бөгөөд энэ удаагийн форумд 400 гаруй хуульч, хүндэт зочид оролцож байгаагаас гадна УИХ-ын гишүүд, Элчин сайд, элчин сайдын яамдын төлөөлөл, хууль зүйн салбарын доктор, профессорууд оролцож өөрсдийн туршлага, санал, санаачилгыг хуваалцаж байна. Мөн хүндэт зочноор УЕПГ-ын дэргэдэх Мөрдөн байцаах албаны дарга асан, ахмад прокурор Б.Галдаа оролцож, сонирхолтой ярилцлага өрнүүлэх юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү