Хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Б.Шарав нар ХӨДӨЛМӨРИЙН БААТАР боллоо


2019-07-08 16:26:11

Тулгар Төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн босгон дээр олон хүн төрийн хишгийг хүртэж, энгэрээ цооллоо. Тодруулбал, энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч нэг зарлиг гаргаж хөгжмийн зохиолч, төрийн хошой шагналт Н.Жанцанноров, төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шарав нарт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор олголоо. 

Шагнах гардуулах ёслолын дараа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн ШАРАВ, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Нацагийн ЖАНЦАННОРОВ нар олон түмэнд хандан сэтгэлээ нээсэн.

Б.Шарав: Хөгжмийн урлагаа улам өндөрт хөгжүүлж авч яваарай

"Хөгжмийн урлагт хоёргүй сэтгэлээр 50 жил зүтгэсний маань үр шим надад болон гэр бүлд маань ирж байна. Энэ бол зөвхөн миний гавьяа биш манай нөхдүүдийн, миний дууг дуулдаг болон хөгжимчдийн маань гавьяа. Мөн Монголын ард түмний минь хийж бүтээсэн урлагийн ач. Түүнийг түшиж явсны маань ач гавьяа. Миний хийсэн бүтээснийг үргэлж дэмжиж байдаг монголынхоо ард түмэн болон төр засагтаа маш их баярлалаа гэдгээ хэлье. Үнэхээр сайхан өдөр байна. Цаашдаа хөгжмийн урлагаа улам өндөрт хөгжүүлж авч яваарай гэж хэлмээр байна" гэв.

Н.Жанцанноров: Бидний насан туршдаа зүтгэсэн хөгжмийн урлагийг Монголын төр үнэ цэнэтэй юм байна гэдгийг баталгаажууллаа

-"Монголчуудын тусгаар тогтнолоо баталгаажуулахад их чухал үүрэгтэй, баяр цэнгэлийн манлай болсон Үндэсний их баяр наадмын өмнөхөн Монгол Улсын төрийн тэргүүн, Ерөнхийлөгчийн нэг зарлигаар Монгол Улсын гарамгай хөгжмийн зохиолч Б.Шарав бид хоёрт Монгол Улсын төрийн дээд цол Хөдөлмөрийн баатар гэдгийг гардууллаа. Бид төрийнхөө энэ хишгийг их гүн хүндэтгэлтэйгээр хүлээж авлаа. Бидний насан туршдаа зүтгэсэн хөгжмийн урлагийг Монголын төр үнэ цэнэтэй юм байна гэдгийг баталгаажуулж байна. Аливаа төрийн дээд шагнал бол тухайн хувь хүний овог нэр гэхээсээ илүүтэй түүний хийж бүтээсэн бүтээлийг үнэлж, цэгнэж дахин баталгаажуулж байгаагийн гэрч бөгөөд бас түмэн олноо ийм бүтээл туурвил хийж өөрийнхөө мэргэжил болгоноо, авьяас чадвараа сорьж ажиллаж байхыг уриалан дууддаг их чухал зүйл гэж би ойлгодог. Бид ойрын өдрүүдэд тусгаар тогтносон эх орноороо, нутаг усаараа, авьяас чадвараараа бахархан өнгөрөөхөө цаг ирлээ. Энэ цаг үед монголчууд бид бие биенээ маш сайн ухаарч, ойлгож энэ сайхан орноо тусгаар байлгаж үр ачдаа үлдээхийн төлөө бид зүтгэх ёстой. Миний хувьд Монголынхоо үндэснийхээ соёл урлагийн төлөө чадах бүхнээрээ зүтгэх болно. Өчигдөр шагнал авахыг сонсоод би хүүдээ жоохон алиалж хэлж байлаа. Татвар төлөгчдийн мөнгөөр 20 жил үнэгүй сургуульд сурсан. Одоо дахиад өр нэмэгдэх нь энэ төрд, ард түмэндээ маш их өртэй бид гэж хэлсэн юм. Энэ өрөө дарахын тулд бид маш их зүтгэх ёстой.  Та бүхэн сайхан сайхан наадаарай"  гэв.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү