Э.Оюунболд: Цаашдаа олон бөхчүүд энэ шагналыг авах болтугай гэсэн ерөөл дэвшүүлье


2019-07-14 14:04:02

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит 512 бөхийн барилдаанд ес даван түрүүлсэн Монгол Улсын шинэ аварга Э.Оюунболдод түрүү бөхийн бай шагнал болох “Nissan Patrol  Y62” автомашиныг гардуулан өглөө. Автомашин гардуулан өгөх ёслолын ажиллагаанд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, “Моннис моторс” ХХК-ны ерөнхий захирал П.Баяр болон Монгол Улсын шинэхэн аварга Э.Оюунболдын гэр бүлийнхэн, бөх сонирхогчид байлцлаа. Автомашин гардуулах ёслолын үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Үндэсний их баяр наадам маань өргөн дэлгэр сайхан болж байна. Нийслэлчүүдийнхээ нэрийн өмнөөс шинэ аваргадаа халуун баяр хүргэж, ажилд нь амжилт хүсье” гэлээ.

Монгол Улсын аварга Э.Оюунболд “Төрийн их баяр наадамдаа түрүүлж, Монгол Улсын аварга цолны эзэн болсондоо туйлын их баяртай байна. Ниссан моторс корпорацийн хамт олондоо нийт бөхчүүдийнхээ өмнөөс талархсанаа илэрхийлмээр байна. Цаашдаа олон бөхчүүд энэ шагналыг авах болтугай гэсэн ерөөл дэвшүүлье” хэмээв.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү