Г.Өнөрбаяр: Төсөлд хамрагдсан суралцагчдаас 80 нь шууд ажлын байртай болсон


2019-09-20 20:36:59

“Ур чадвар-Үйлдвэрлэлд" төслийн хаалтын арга хэмжээ боллоо. Энэ үеэр төслийг хэрэгжүүлэгч болон төсөлд хамрагдсан залуусын төлөөлөлтэй Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр уулзлаа. Тэрбээр төсөл төгсөгчдийн хувьд том боломж болж чадсан гэдгийг уулзалтын эхэнд онцолсон.

Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр "Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам олон улсын байгууллагууд, хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ажиллаж “Ур чадвар-Үйлдвэрлэлд” төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд нийт 318 хүүхдийг хамруулж “Оюутолгой” компанийн үйлдвэрлэлд ажиллах техникийн ажилчдын стандартыг хангах ур чадварыг эзэмшсэн нь хамгийн том үр дүн юм. Тэд мөн Австралийн инженерийн суурь стандартыг бүрэн хангаж байгаа. Төсөлд хамрагдсан суралцагчдаас 80 нь шууд ажлын байртай болсон бөгөөд хамгийн доод тал нь 1,8 сая төгрөгийн цалинтай байх нь мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын төгсөгчдийн хувьд маш чухал дэвшил гэж харж байгаа" хэмээсэн юм.

Засгийн газрын зүгээс мэргэжлийн боловсролын салбарын хөгжилд онцгой анхаарч багш нарын цалин, урамшууллыг нэмэгдүүлж, суралцагчдад тэтгэлэг өгөхөөс гадна сургалтын орчин нөхцөлийг сайжруулах, дадлага хийх тоног төхөөрөмжөөр хангах зэрэг олон ажлыг хийж байгаа аж. Мөн хувийн хэвшлийхэн, ажил олгогчидтой сургалтын хөтөлбөрийн агуулга дээр хамтран ажилладаг талаар Төрийн нарийн бичгийн дарга үгэндээ онцолсон.

Уулзалтад оролцсон залуусын төлөөлөл болох “GCR Mongolia” ХХК–ийн ТУЗ-ийн гишүүн Э.Батзориг "Манай компани “Оюутолгой” төсөл дээр барилга, уул уурхайН чиглэлээр ажил гүйцэтгэдэг. Бидний зүгээс МСҮТ-д суралцаж байгаа оюутнуудын эзэмшиж буй УР чадвар, чадамжийг аж ахуйн нэгжүүдийн шаардлагад нийцүүлэх зорилгоор бид энэхүү төслийг санаачилж хэрэгжүүлсэн. Бид энэ төслөөс илүү олон мэргэшсэн монгол залуучууд бий болж барилга, уул уурхайн салбарт гадаад хүмүүсээс илүүтэйгээр ажиллах боломж бүрдээсэй гэж хүсч байгаа" гэлээ.

“Ур чадвар –Үйлдвэрлэлд” төсөл эхэлснээс хойш Улаанбаатар хот болон, хөдөө орон нутгаас нийт 318 оюутан хамрагдсанаас одоогийн байдлаар манай компани 80-ыг нь ажлын байраар хангаад байна.

Төсөл бүрэн дуусаагүй байгаа. Төслийн төгсгөлд буюу арванхоёрдугаар сард бүрэн хэрэгжиж дуусахаар нь төслийнхөө явцаас шалтгаалаад хүүхдүүдийг нэмж ажилд авах төлөвлөгөө бий аж.

Эрдэнэт хот дахь Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулийн төгсөгч М.Бүргэдбаатар "Би Эрдэнэт хот дахь Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулийг гагнуурчин мэргэжлээр төгсөж байгаа. “Ур чадвар-Үйлвэрлэлд” төсөлд хамрагдаж гурван сарын турш суралцаад өнөөдөр “Skillset-1” түвшин буюу “ОюуТолгой” ХХК-ийн техникийн чиглэлийн ажилчдын доод түвшинд тавьж байгаа шаардлага, Австралийн суурь ур чадварын шаардлагад нийцэх боловсон хүчин болон бэлтгэгдэж батламжаа гардан авлаа.

Манай Эрдэнэтээс нийт 39 оюутан энэ төсөлд хамрагдсан. Бид энэ сургалтанд хамрагдсанаар ажлын байран дээр тохиолдох саад бэрхшээл багасаж байгаа. Учир нь яг ажил дээр гараад мэргэжлийн түвшинд зарим нэг тал дээр мэдэхгүй чадахгүй зүйл тулгардаг тэр бүгдийг урьдчилан заалгаж, бүрэн бэлтгэгдэж чадлаа" хэмээсэн юм. Мөн тэрбээр "Миний хувьд харилцааны ур чадвар, ажлын зураг унших, тооцон бодох чадвар, хөдөлмөрийн аюулгүй байдал зэрэг хичээлүүдэд түлхүү анхаарч судалсан. Мөн сургалтын явцад “GCR Mongolia” XXK –иас ажлын санал хүлээж авч, ярилцлаганд ороод өнөөдөр албан ёсоор ажиллах урилгаа гардаж аваад байна. Манай гэрийнхэн бүгд уул уурхайн салбарт ажиллаж байсан хүмүүс учраас би энэхүү мэргэжлийг сонгон суралцаж өнөөдөр томоохон уул уурхайн компанид урилгаар ажиллах болоод байна" гэв.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү