Б.Болороо: Бүх хүн эрх тэгш нэг хаалгаар ороод нэг хаалгаар гарах нийгэм бидэнд хэрэгтэй


2019-10-03 11:28:51

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны  Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Болороотой ярилцлаа.

-Сүүлийн үеийн барилгуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан дэд бүтэц алдагдаад байх шиг. Энэ тал дээр яамны зүгээс анхаарч төсөл хэрэгжүүлж байгаа гэж сонслоо?

-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Жайка олон улсын байгууллагатай хамтран  2016-2020 он хүртэл “Улаанбаатар хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих” гэсэн төслийг хэрэгжүүлж байна. Энэ төслийн хүрээнд  2016 оноос эхлээд бүх хүнд зориулсан хүртээмжтэй буюу саадгүй орчныг бий болгохыг зорьж байна.  Түүний нэг гол ажил бол дэд бүтцийг сайжруулах юм. Тиймээс  2016  оноос хойш төр, төрийн бус байгууллагуудтай хамтран олон нийтэд үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудад үнэлгээ хийж байна.

-Ямар үнэлгээ хийх үү?

-Тухайн байгууллагын гадаах хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан  налуу зам стандарт шаардлага хангаж байна уу, дотогшоо ороод хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань өөрсдөө хүний тусламж авахгүйгээр үйлчилгээгээ аваад явах боломж хэр байгаа талаар үнэлгээ хийдэг. Үнэлгээ хийсний дараа тухайн байгууллагад ийм зүйл болж байна, энэ чинь болохгүй байна, үүнийгээ сайжруулах хэрэгтэй гэсэн зөвлөмжийг өгдөг. Даанч харамсалтай нь зөвлөмжийн дагуу сайжруулж янзлуулаад засаж байгаа байгууллага байхгүй байна. Тиймээс одооноос эхлээд тухайн байгууллагын барилга байгууламжийг үнэлээд зөвлөмж өгөх нь чухал биш, харин шинээр баригдаж байгаа барилга байгууламжийн архитектор, стандарт нормыг баталж байгаа хүмүүсийн хандлага ойлголтыг өөрчлөх нь чухал юм байна гэдгийг ойлгосон. Энэ нь зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан бус бүх хүн эрх тэгш нэг хаалгаар ороод нэг хаалгаар гарах нийгэм бидэнд хэрэгтэй юм байна гэдгийг ойлгуулахад оршиж байгаа юм.

-Хэдийгээр байгууллагуудын гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан налуу зам байдаг хэдий ч стандарт шаардлага хангахгүй байгаа нь харагддаг. Хэт налуу, халтиргаа гулгаа ихтэй ч гэдэг юм уу. Эдгээрийг дахин засаж сайжруулах нь хэр байдаг юм бол. Мөн гаднах зам гэхээсээ илүүтэй дотор талд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан ямар стандарт байх ёстой вэ?

-Харьцангуй сүүлийн жилүүдэд  хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн талаарх хандлага, ойлголт өөрчлөгдсөн учир байгууллагууд гадаанаа налуу замтай болж байна. Гэхдээ энэ зам стандартын дагуу хийгдэхгүй байгаа юм. Уг нь бол гаднах налуу замын стандарт 1 метр налуу замын өндөр нь 12 см байх ёстой. Тийм байж хөгжлийн бэрхшээлтэй иргэн хүний тусламж авахгүйгээр нийгэмд оролцох боломж нь бүрдэнэ. Зарим газар өндрийн хэмжээг стандартын дагуу хийсэн байдаг ч өргөний хэмжээ алдагдсан байдаг. Хэт нарийн хийгдсэнээс тэргэнцэрийн хэмжээ таарахгүй байх нь бий. Тэгэхээр  1 метрийн урттай налуу замын стандарт 12 см-ийн өндөртэй, 90 см өргөнтэй байх ёстой. Материалын хувьд гулгамтгай бус зориулалтын материалаар хийгдсэн байх ёстой гэсэн наад захын стандартууд байдаг. Мөн ихэнх байгууллагууд давхар хаалгатай байдаг. Энэ нь тэргэнцэртэй иргэн байтугай өндөр настай иргэдэд ч хүндрэлтэй байгаа нь харагддаг. Мөн маш өндөр довжоотой байдаг. Түүнчлэн хэдхэн алхаад л шат байх зэрэг саадууд гардаг. Ер нь дэд бүтцийн хүртээмж гэдэг маань зөвхөн тулгуур эрхтний бэрхшээлтэй хүмүүст хамаарах асуудал биш. Хараа, сонсголын бэрхшээлтэй хүмүүс гэх мэт олон хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна. Тухайлбал, сонсголын бэрхшээлтэй хүн тухайн байгууллагын ресепшн дээр очоод уулзахад мэдээлэл өгч чадахгүй бол хүртээмжгүй байдлыг бий болгож байгаа юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүн тухайн орчинд өөрөө бие дааж явж чадаж байвал тэр газрыг хүртээмжтэй байна гэж ойлгож болно.

-Хүртээмжийг тэгвэл зөвхөн барилга байгууламж дээр ярихгүй юм байна. Өнөөдөр гадаа гудамжинд хүртээмжтэй байдал бий билүү?

-Тэгэлгүй яахав. Хүртээмжийг зөвхөн барилга байгууламж дээр ярихгүй. Бид гэрээсээ ажил хүртлээ явах зам маань хүртээмжтэй байх ёстой. Энэ нь зөвхөн барилга байгууламжийн асуудал бус давхар зам тээврийн асуудал болоод байгаа юм. Тиймээс ийм асуудлыг цогцоор нь хараад зам, барилга  барих мэргэжлийн хүмүүст ойлголт өгөх нь зөв юм байна гээд  Япон дахь туршлагыг судлуулах  сургалт хийсэн. Манайд өнөөдрийг хүртэл алдаатай явж ирсэн нэг зүйл нь ямар ч барилга байгууламж барьж, стандарт норм батлуулсан яг тэрийг хэрэглэж байгаа хүмүүсээ оролцуулдаггүй. Экспертүүд өөрсдөө шууд хийдэг. Гэвч хийгээд гараад ирсэн зүйл нь хүн бүрийн хэрэгцээнд тохирдоггүй. Тиймээс тэрийг хэрэглэх гэж байгаа өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй бүх хүний хэрэгцээг нь тодорхойлоод тэр хүмүүсийг өөрсдийг нь оролцуулж байж бодитой болох юм.

-Манай улсад тэргэнцэртэй хүнд зориулсан налуу зам л байгаагаас өөр бусад бэрхшээлтэй хүмүүст зориулсан стандарт байгууламж байдаггүй байх?

-Үнэхээр тийм. Тухайлбал, гадны орнуудад харааны бэрхшээлтэй хүн аль нэг байгууллага руу орох үед дохиолол дуугарч байдаг. Гадаанаа брайл тэмдэглэгээ байдаг. Мөн тэр байгууллага хүртэл явах зориулалтын зам нь байдаг. Гэтэл тухайн байгууллага өөрсдөө бүх зүйлээ хангаад хүртээмжтэй байлаа гэхэд тэр байгууллага руу орох зам маань байхгүй бол ямар ч асуудал шийдэгдэхгүй. Яагаад өнөөдөр Монголд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд сурч чадахгүй байна вэ гэвэл орчин нь бүрдэхгүй байгаа юм. Тэр хүүхдийн сурч байгаа сургууль хэчнээн хүртээмжтэй байлаа гээд тэр хүүхэд сургуульдаа очих зам нь хүртээмжгүй байна.

-Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй хэчнээн хүн байдаг  вэ?

- Үндэсний статистикийн хорооны 2018 оны мэдээгээр Монгол Улсад 105690 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаа. Энэ нь нийт хүн амын 3,4 хувь нь болж байгаа юм. Үүнээс  21 мянган хөдөлгөөний бэрхшээлтэй, 11 мянган харааны бэрхшээлтэй, 8 мянган сонсголын бэрхшээлтэй, 4 мянган хэл ярианы бэрхшээлтэй иргэн байна.

-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны зүгээс хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүүгээ хандсан ямар ажил хийж байна вэ. Иргэдийн зүгээс зөвхөн халамжийн чиглэлийн ажил хийж байна гэсэн шүүмжлэл дагуулдаг?

-2016 онд Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийн тухай хууль батлагдсан. 2009 онд  НҮБ-ын конвенцид нэгдэн орсон. НҮБ-ын конвенцийн гол үзэл баримтлал нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг асрамжийн газар асрамжлахаас татгалзаж, тэр хүмүүсийг аль болох нийгэмд нийгэмшүүлэх,  бие даан амьдрах боломжийг бүрдүүлнэ гэсэн зарчимтай. Тиймээс конвенцийн зарчим дээр тулгуурлаад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгэмд амьдрах боломжийг нэмэгдүүлэх, бусадтай адил эрх тэгш амьдрах ёстой гэсэн зарчмаар Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийн тухай хуулийн агуулга гарч ирсэн. Хуулийн хэрэгжилтийн дагуу яамны зүгээс гарсан хамгийн том бодлогын шинжтэй нэг алхам бол 2016 оноос эхлээд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах зөвлөлийг байгуулж ажилласан. Энэ зөвлөлийг бүх яаманд байгуулсан. Өөрөөр хэлбэл Барилга хот байгуулалтын яаманд дэд бүтэцтэй холбоотой хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах орон тооны бус зөвлөл байдаг. Хамгийн гол зохицуулалт нь салбар зөвлөл болгонд яг тэр чиглэлээр дагнаж ажилладаг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ТББ-ын төлөөлөл орж ажилладаг. Ингэхээр гарч байгаа бодлого шийдвэрт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээ шаардлагыг тусгуулаад явах боломж нь бүрдэж байгаа юм. Зөвлөлөөс гарч байгаа шийдвэрийг тухайн оны үйл ажиллагааны төлөвлөгөөндөө тусгаж, батлуулаад хэрэгжилтийг хангаад ажилладаг. 2019 оны зургаадугаар сард хөгжлийн бэрхшээлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төр, ТББ, хувийн хэвшлийг урамшуулах зорилгоор оны шилдгийг шалгаруулах журмыг баталсан. Ингээд 9 номинациар шалгаруулж, 9 байгууллагыг шагналаа. Тэрэн дээр хамгийн сайн ажилласан дэд зөвлөл бол Хууль зүй, дотоод хэргийн яамны дэд зөвлөл шалгарлаа. Ер нь байгууллагууд хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүү чиглэсэн олон ажил хийж байна. Тэр болгон халамжаасаа татгалзаад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгэмд бие даан оролцуулах орчинг бий болгох ажлыг хийж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгэмд зөвөөр ойлгуулах нь хамгийн том ажил учраас хөгжлийн бэрхшээлийн талаар ойлголт хандлага өгөх 32 үндэсний сургагч багшийг бэлтгэж гаргалаа. Ингээд 252 удаагийн сургалтаар 8600 гаруй хүн хамрагдлаа. Энэ мэтчлэн яамны зүгээс хийж байгаа ажил бол халамж гэхээс илүүтэй оролцоо тал руугаа чиглээд явж байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү