Сайжруулсан шахмал түлш эрэлт ихтэй байна


2019-10-17 11:37:29

Улаанбаатарыг утаагүй болгох зорилготойгоор энэ жилээс түүхий нүүрснээс татгалзаж  сайжруулсан түлшийг хэрэглэх болсон. Нийслэлийн 220 мянган өрх жилд нэг сая 200 мянган тонн түүхий нүүрс түлдэг байсан бол сайжруулсан шахмал түлш 600 мянган тонныг түлнэ. Тоон харьцуулалтаас харахад агаарын бохирдол 50 орчим хувиар багасахаар байгаа гэдгийг албаныхан хэлж байсан.

Тиймээс ч Монголчуудын сэтгэл түгшээсэн асуудлын нэг болсон утаанаас салах болсондоо иргэд баяртай байсан юм. Гэтэл эхний хүйтэрсэн өдрөөс эхлээд энэ түлшийг түлснээс олон хүн угаартаж, тэрбайтугай хүний амь эрсэдлээ гэсэн шуугиан гарсан. Гэвч энэ түлшнээс болоогүй, гал түлэх арга барил буруу байсан, зуух пийшингийн аюулгүй байдлыг алдагдуулсан байсан гэх тайлбарыг албаны хүмүүс хийж байгаа билээ.  Тиймээс бид борлуулалтын цэгээс болон иргэдийн байр суурийг сурвалжиллаа.

С.Бямбадорж: Өдөрт хязгаарлаад  10-20 тонн сайжруулсан шахмал түлш борлуулдаг


Сайжруулсан шахмал түлшний хэрэглээ улам бүр ихсэж, иргэдийн худалдан авалт ч тэр хэмжээгээр нэмэгдсэн  талаар Баянгол дүүргийн Их нарангийн цэгийн борлуулагч С.Бямбадорж ярьж байлаа. Тиймээс борлуулалтын цэгүүдэд сайжруулсан шахмал түлш ихээр нийлүүлэх хэрэгтэй байгаа талаар хэлэв.

- Хүмүүсийн худалдан авалт хэр байна вэ?

-Худалдан авалт маш сайн байгаа. Өдөрт хязгаарлаад хязгаарлаад 10-20 тонн сайжруулсан шахмал түлш борлуулдаг. Харин иргэдийн хувьд картын мэдээлэл тун дутмаг байна. Гар утасны апликейшн уншуулах ёстой. Гэвч тэр нь бас ажиллахгүй байна. Тиймээс түлш авах хүсэлтэй иргэн бүрт зарж байгаа.

-Иргэдэд хэрэглээ талаас нь зааж зөвлөдөг үү?

-Гал түлэх зааварчилгаа түлшний шуудайн дээр байдаг хэдий ч иргэд төдийлөн сайн мэддэггүй. Тиймээс хэрхэн сайжруулсан шахмал түлшний зөв хэрэглээ, пийшин зуухны галлагааны аюулгүй байдлын талаарх зөвлөмж, сэрэмжлүүлгийг давхар цаасан хэлбэрээр өгч тайлбарлаж байгаа.

-Иргэдийн хувьд сэтгэгдэл хэр байх юм бэ?

- Өнөөдрийн байдлаар манайхаас худалдан авалт хийж буй хүмүүсээс айхтар хэл ам гараагүй. Илчний хувьд түүхий нүүрснээс илүү байна гэдэг. Харин өдөрт нэг өрхөд 5-6 шуудайг өгөх ёстой. Гэтэл тэр нь бага байна гэх гомдлыг хэлж байгаа. Уг нь картаар худалдан авалт хийх ёстой ч утсан дээр суулгасан аплекейшн ажиллахгүй. Иргэдэд ч картын мэдлэг дулимаг байна.

н.Пагамдулам: Утаа, агаарын бохирдол мэдэгдэхүйц буурч байгааг харж байгаа биз дээ

Мөн тус цэгийн савлагч н.Пагамдулам, “Бид ирсэн түлшээ шуудайлаад амыг нь оёж бэлддэг. Иргэдийн худалдан авалт өдөр ирэх тусам сайжирч байгаа. Иргэд аюулгүй байдлаа хангаагүйгээс угаартаж, зарим нь бүр амь насаа алдсанд харамсаж байгаа. Манайхаас худалдан авалт хийж байгаа хүмүүс бол ам сайтай байдаг. Утаа, агаарын бохирдол мэдэгдэхүйц буурч байгааг харж байгаа биз дээ” гэв.

Энэ үеэр худалдан авалт хийж байсан Баянгол дүүргийн 12-р хороон оршин суугч н.Гэрэлт, “Уг нь сайжруулсан түлшээ зөв түлээд, аюулгүй байдлаа хангаад явбал утаа тортог багасна, тэрийгээ дагаад ханиад томуу  ч багасах давуу талтай юм даа гэж бодоод байгаа.  Гол нь сайжруулсан түлшээ байнга нийлүүлээд, таслахгүй байвал бид нар хэрэглээд л байна” гэв. Мөн иргэн н.Гончигдорж, “Бид түүхий нүүрсийг портер, маятигаар авдаг байсан шиг сайжруулсан түлшээ ч портероор аваад нөөцөлчихвөл байн байн худалдан авалт хийх гээд байхгүй сайн талтай. Тэгвэл шуудайны болоод савлагчийн цалин хэмнэгдэнэ шүү дээ. Би есөн сараас эхлэн сайжруулсан түлш түлж байгаа. Энэ түлш илч сайтай их зүгээр. Бүтэн өдөржингөө дулаанаа барьчихдаг, асахдаа сайн. Иргэд галаа зааварчилгааны дагуу түлээд сурах хэрэгтэй юм даа. Сүүлийн үед энэ түлшийг дөрөөлж улстөржилт хийгээд байх шиг. Уг нь ингэмээргүй л байгаа юм даа” гэсэн юм.

Нийслэлийн гэр хорооллын 107 байршилд сайжруулсан шахмал түлш худалдах цэг байхаар төлөвлөсөн билээ. Сайжруулсан шахмал түлшийг нэг тонныг нь 150 мянга, 25 килограммыг нь 3750 төгрөгөөр зарж борлуулдаг юм байна.

М.Ганбаатар: . Баруунд камен зууханд, гэр орондоо ил талбайд түлдэг ахуйн зориулалттай  бүтээгдэхүүн

Зарим албаны хүмүүсийн байр суурийг хүргэе.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат: Өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа 290 нам даралтын уурын зууханд шүүлтүүр тавьсан нь утааг бууруулахад тодорхой хэмжээний нөлөө үзүүлж байгаа. Улаанбаатар хотын гэр хороололд нийт 202 мянган өрх бий. Гэрийн, байшингийн, зуухны стандарт жигд биш учраас нийтлэг арга хэмжээ авахад хүндрэлтэй. Олон улсын байгууллагаас нэгдсэн стандарттай болох шаардлагатай гэсэн дүгнэлт өгсөн. Иргэд гэр, сууцны дулаалгаа сайн хийх хэрэгтэй. Сүүлийн үед дугуй, пластик материал түлэх байдал эрс буурсан.

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн: Сайжруулсан түлш стандартын дагуу үйлдвэрлэгдэж байгаа. Айдас болгоомжлолоос болж найман айлын 2 нь түлшээ хэрэглэхгүй байгаа нь өнгөрсөн амралтын өдрүүдээр айлуудаар явахад ажиглагдсан. Иргэдийн дунд “хортой түлш” гэсэн ташаа мэдээлэл түгсэн байна. Сайжруулсан түлшинд хортой зүйл байхгүй

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан: Сайжруулсан түлшний хомсдол үүсгэхгүй байх, хэрэглээний заавар зөвлөмжийг иргэдэд өгөх, түгээлтийн цэгүүдийг нэмэгдүүлэх, түүхий нүүрсийг түлшээр солих асуудлыг шийдэх, сайжруулсан түлш худалдан авах чадваргүй зорилтот бүлгийн өрхийн асуудлыг шийдэх, угаарын хийнээс урьдчилан сэргийлэх дохиолол тавих, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллаж иргэдэд үнэн бодит мэдээллийг хүргэх зэрэг ажлуудыг хийж байна. Одоогоор нийслэлийн хэмжээнд 1561 обьектын зуухыг буулгаж, сайжруулсан түлшээр хангах ажлыг хийсэн. Эхнээсээ тодорхой үр дүн гарч байна” гээд нийслэлийн Онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа.

“Таван толгой түлш” ХХК захирал М.Ганбаатар: Бид үйлдвэрлэлийн технологийн горимыг байнга хянаж ажилладаг. Долоо хоног бүр мэргэжлийн байгууллагад шинжилгээ өгдөг. Бид шинжилгээний дүнд үндэслэж ярихаас биш аль  нэг үзүүлэлтэд түшиглэж ярьж болохгүй. Мэргэжлийн байгууллагын гаргасан шинжилгээний дүгнэлт дээр өөрсдийн үйл ажиллагааг хянаж ажилладаг гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэе. Манай компанид сайжруулсан түлшний чиглэлээр Монгол Улсад ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа бүх мэргэжилтэн ажиллаж байгаа. Бид дэргэдээ шинжлэх ухаан, технологийн зөвлөлийг ажиллуулдаг. Энд нүүрс, химийн чиглэлээр ажиллаж ирсэн Монголын эрдэмтэд ажиллаж байна. Гадаадын улс орнуудаас япон, солонгосын эрдэмтэд ажилладаг. Сайжруулсан түлш  бидний зохиосон зүйл биш. Олон улсад 1890 оноос эхлээд зуу гаруй  жил хөгжиж ирсэн технологи, тоног төхөөрөмж юм. Үүнийг бид олон улсын стандартын дагуу, горимын хүрээнд хэрэглэж ахуйн хэрэглээнд нэвтрүүлж байгаа. Олон улсын жишигт түлшийг ил задгай түлж байгаа. Баруунд камен зууханд, гэр орондоо ил талбайд түлдэг ахуйн зориулалттай  бүтээгдэхүүн.




 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү