“ЭНТ кредит"-ийнхэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд сэтгэлийн дэм үзүүлэв


2019-12-03 21:12:35

Өнөөдөр “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр” тохиож байна. Манай гариг дээр нэг тэрбум гаруй  хөгжлийн ямар нэг бэрхшээлтэй иргэн амьдарч байна. Үүнээс 15 хүртэлх насны 20 хүүхэд тутмын нэг нь буюу 93 сая орчим хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байдаг аж.

Харин Монгол Улсад 105,7 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн амьдарч байгаагаас  11,3 мянга буюу 10,6 хувь нь 0-17 насны хүүхдүүд байдаг гэсэн тоон судалгаа байдаг.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй өрх айлын санхүүгийн нөхцөл ихэвчлэн хүнд байдаг. Учир нь тухайн гэр бүлээс нэг хүн нь хүүхдээ асарч гэртээ байдгаас санхүүгийн хомсдол үүсэх, түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асаргааны хэрэгсэл, эм тариа гээд зардал их байдаг. Зөвхөн үүнээс гадна тухайн гэр бүлд сэтгэл санааны нөхцөл тун хүнд байдаг юм. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах энэ өдрийг тохиолдуулан “ЭНТ кредит” компанийн хамт олноос хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй айлуудаар орж сэтгэлийн дэм өгөхийн зэрэгцээ өвлийн дулаан хувцас, гарын бэлэг олголоо. Тус компани өмнө нь олон хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулж байсан юм. Тухайлбал, хүүхдээ хараад гэртээ сууж байгаа ээжүүдийн дунд арга хэмжээ зохион байгуулж, Баянгол дүүргийн амьдралын баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхийн хүүхдүүдийг баярлуулж байсан юм. Мөн Төв аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд мөнгөн тусламжийг үзүүлсэн юм.

Энэ арга хэмжээг Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс хамтран зохион байгуулсан юм. Тус дүүргийн хэмжээнд 4700 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдгаас 600 гаруй нь хүүхдүүд байдаг байна.

Хөгжлийн бэрхшээлтэй 4 настай М.Ану-Үжиний ээж н.Болорчулуун, “Би охиноо хараад гэртээ 4 жил гаруй сууж байна. Сэтгэл санааны хувьд тун хүнд байдаг. Охиноо тэврээд олон эмнэлгээр явсан. Өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр гэдгийг үнэндээ мэдээгүй. Янз бүрийн халамж тусламж манайд ирдэггүй. Өнөөдөр та нарыг ирсэнд маш их баярлалаа. Охин маань ч их баяртай байна. Хамгийн дуртай хүүхэлдэйн баатрынх нь зурагтай хувцас байна. Хэдийгээр охин маань ярьдаггүй ч маш их баяртай байгаа нь мэдэгдэж байна” гэв.

Харин 2 настай Э.Ариунсаны ээж Батцэцэг, “Өнөөдөр охиныг минь хүндэтгэж ирсэн та бүхэндээ маш их баярлалаа. Хүүхэд маань төрөлхийн түнхний мултралтай. Өнөөдөр та нартай тоглоод их хөөрхөн байна. Хоёр ахыг нь ч бас ялгалгүй бэлэг өгсөнд баярлалаа” гэж байв. Харин үүнд “ЭНТ кредит” компаний ахлах мэргэжилтэн Тэмүүжин “Өнөөгийн нийгэмд хөгжлийн бэрхшээлээс илүүтэй сэтгэлийн бэрхшээл их байгаа. Харин энэ хүүхдүүдэд зөвхөн ямар нэгэн эрхтний бэрхшээл л байгаа болохоос сэтгэл нь үнэхээр цэвэр тунгалаг цагаан байна. Тэд ч гэсэн бидэнтэй адилхан хүн. Тэдний эрхийг хамгийн ихээр хамгаалах ёстой. Тиймээс хүн бүрийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тухай зөвөөр ойлгож мэдээсэй, тэр хүмүүсийн тухай бодол, ойлголт, хандлага чинь зөв, эерэг байвал тэдэнд болон гэр бүлд нь хэчнээн том тус болж байгаа юм шүү гэж ойлгуулахыг хүсэж өнөөдрийн арга хэмжээг зохион байгуулж байна” гэлээ.

Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр халамж, үйлчилгээний хэлтсийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэний асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Энхцэцэг,  “Манай дүүргийн хэмжээнд бэрхшээлээсээ шалтгаалаад сургуульд явж чадахгүй байгаа хүүхдүүд олон бий. Тийм болохоор  гэрээр нь очиж сургалт хийх ТББ-уудтай холбох зэргээр аль болох л хүүхэд бүрийг сургуульд хамруулах гэж ажиллаж байна. Хэдий бусад хүүхдүүд шиг суралцаж чадахгүй ч гэсэн тэр хүүхдүүдийг гол нь нийгэмшүүлэх нь хамгийн чухал” гэж байлаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү