Бусдыг санаатай АЛАХ, мал хулгайлах гэмт хэргийн тоос өсчээ


2020-01-09 15:06:49

Монгол Улсад 800 гаруй Хятад иргэн зочид буудалд хуваагдан цахим орчинд иргэдийг залилж байсан нь илэрсэн. Тэдгээр хятад иргэдийг албадан нутаг буцааж, хэргийн "толгойлогч"-ийг саатуулсан талаар цагдаагийн байгууллагаас мэдэгдэж байсан билээ. Тэгвэл тэдгээр иргэд Монгол Улсын нутаг дэвсгэрээс БНХАУ-ын цахим сүлжээнд нэвтэрч, бусдыг залилах гэмт хэрэг үйлдэж, их хэмжээний хохирол учруулсан байсан талаар цагдаагийн байгууллагынхан өнөөдөр хийсэн мэдээллийнхээ үеэр онцоллоо.

Өнгөрсөн жил цагдаагийн байгууллагад нийт 31,524 гэмт хэрэг бүртгэгджээ. Энэ нь  өмнөх оноос 4,696 буюу 13 хувиар, нийслэлд 20,261 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оноос 5,391 буюу 21 хувиар тус тус буурсан үзүүлэлт гэнэ. Мөн хүний амьд явах эрхийн эсрэг, хулгайлах, гэр бүлийн хүчирхийлэл, залилах гэмт хэргүүд буурсан.

Харин хүнийг санаатай алах, мал хулгайлах, эдийн засгийн гэмт хэргүүд өссөн байна. Нийт гэмт хэргийн 14,956 буюу 47.4 хувь нь далд аргаар үйлдэгдсэн ба гэмт хэргийн илрүүлэлт улсын хэмжээнд 8.9 хувиар өсчээ.

Тоон мэдээллээс дурьдвал

  • Улсын хэмжээнд хоногт 88/цагт 4/, нийслэлд 56/цагт 2/ гэмт хэрэг бүтгэгджээ.
  • Хоногт гэмт хэргийн улмаас 3 хүн нас барж, 24 хүн гэмтсэн байна.
  • 34 гэмт хэрэг тутмаас 1 хүн нас барж, 4 гэмт хэрэг тутмаас 1 хүн гэмтэж, нэг гэмт хэрэгт 5.1 сая төгрөгийн хохирол ногдож байна.
  • Гэмт хэрэгт холбогдсон 2 хүн тутмын нэг нь эрхэлсэн ажилгүй, 15 хүн тутмын 1 нь урьд нь ял шийтгэгдсэн байгаа бөгөөд 4 хүн тутмын нэг нь согтуугаар гэмт хэрэг үйлджээ.

Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгаас Монгол Улсын иргэн Г, А, Х нар Нигер улсын иргэн Е-тэй бүлэглэж, гадаадын таван улс дахь зургаан компанийн и-мэйл хаягийг хакердаж, төлбөр хүлээн авах компанитай ижил нэртэй 16 компанийг Монгол Улсад үүсгэн байгуулсан. Улмаар  3.6 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний гадаад вадьютыг Монгол Улс руу шилжүүлэн авч мөнгө угаасан хэргийг илрүүлэн, шүүхээр эцэслэн шийдвэрлүүлсэн байна.

Мөн Монгол Улсын нэр бүхий иргэд байлдааны зориулалттай 7,400, ангийн зориулалттай 46,000 ширхэг сумыг улсын хилээр нэвтрүүлсэн, хадгалсан, бусдад зарж борлуулахыг завдсан хэргийг илрүүлж, шүүхээр эцэслэн шийдвэрлүүлжээ.

Түүнчлэн Дорноговь аймагт алга болсон Д.Сэржмядаг охины хэрэг дээр ЦЕГ-ын даргын тушаалаар ажлын хэсэг байгуулагдаад тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа аж. Шаардлагатай бүх үйл ажиллагааг явуулж, өнгөрсөн хугацаанд энэ хэрэгтэй холбоотойгоор нийт 550 иргэнээс мэдүүлэг авч, 32,000 иргэн, 1,000 тээврийн хэрэгслийн лавлагаа мэдээлийг мөн авч шалгаж байна.  Д.Сэржмядаг охиныг хайх ажлын хэсэг үргэлжлүүлэн ажилласаар байгаа гэдгийг мэдээллийн үеэр хэлсэн.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү