Сүм хийд, шашны байгууллагуудад хөл хорио тогтоолоо


2020-02-12 11:53:12

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраассар шинийн баярыг угтаж урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байгаа талаараа мэдээллээ.

Коронавирусын тархалттай холбоотой Улсын онцгой комиссоос олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглоод байгаа. Харин Гандантэгчинлэн хийдээс сар шинийн баяраар уламжлал ёсоор ном хурах үйл ажиллагаа зохион байгуулна гэдгээ мэдэгджээ. Гэхдээ Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас шашны байгууллагуудад хяналт тавьж, олон хүн цуглуулсан үйл ажиллагаа явуулахгүй байх мэдэгдэл хүргүүлж байгаа аж.

Түүнчлэн Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан захирамж гаргаж кинотеатруудыг хааж, 04:00 цаг хүртэл ажилладаг бар, ресторанууд 00:00 цаг хүртэл ажиллахаар цагийн хуваарьт өөрчлөлт оруулсан билээ. Нэгдүгээр сарын 28-ны өдрөөс нийслэлийн хэмжээнд дагаж мөрдсөн уг журмыг зөрчсөн зарим аж ахуй нэгжид Зөрчлийн тухай хуулиар торгууль ногдуулж, хариуцлага тооцсон байна. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн хоёрдугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг Черс бар, СХД-ийн Баяннуур дэлгүүр 00:00 цагаас хойш согтууруулах ундаагаар үйлчилсэн зэрэг зөрчил илэрчээ.

Сар шинийн баярыг угтсан хяналт шалгалтын хүрээнд зах худалдааны төвүүд болон согтууруулах ундааны газрууд, хүнсний үйлдвэр үйлчилгээний аж ахуй нэгжүүдэд хяналт тавьж зөрчил гаргасан 35 аж ахуй нэгж, 74 иргэнд 47 сая 950 мянган төгрөгийн торгууль ногдуулсан байна. Тухайлбал, хадгалалтын хугацаа дууссан 188 ширхэг 597 мянган төгрөгийн үнэ бүхий түргэн гэмтэж муудах бүтээгдэхүүнийг устгалд оруулсан бол хугацаа нь дууссан 30 нэр төрлийн 97 ширхэг 248 мянган төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг хураан авч устгахаар болсон байна. Мөн хаяг шошгын зөрчилтэй 10 кг банш бууз, 1862 ширхэг 2 сая 772 мянган төгрөгийн бүтээгдэхүүнийг буцаан татан авалт хийжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү