Хотын соёлыг өнөөдрөөс эхлүүллээ


2020-03-25 10:31:09

“Хотын соёл” бүх нийтийн хөдөлгөөнийг нийслэл даяар эхлүүлж байгаа талаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Ч.Бат-Эрдэнэ “Нийт хүн амын 50-аас илүү хувь нь амьдарч байгаа нийслэлийг илүү аюулгүй, найрсаг болгохын төлөө өдөр бүр ажиллаж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханы санаачилгаар хотын соёл аяныг өнөөдрөөс эхлүүлж байна. Улаанбаатар хотын 1.5 сая иргэн бүр, нийгмийн бүхий л салбар, байгууллагуудад энэхүү хотын соёл хамааралтай гэж ойлгож болно. Одоогоор энэхүү аянд олны танил эрхмүүд нэгдэхээ дэмжиж, нэгдэхээ илэрхийлж байгаад талархаж байна.

Аяны хүрээнд ахуйн болон үйлчилгээний соёлыг дээшлүүлэх, хотын иргэдийг хамтдаа амьдрах орчныг илүү тухтай байлгахад анхаарч ажиллах юм” гэлээ.

Аяныг өнөөдрөөс албан ёсоор эхлүүлж байгаа бөгөөд он дуустал үргэлжлэх гэнэ. Өөрөөр хэлбэл, жилийн хугацаанд нийслэлийн харьяа байгууллагууд хамтарч энэхүү аяныг зохион байгуулахаар ажлын төлөвлөгөө батлагджээ. Гэхдээ албан байгууллагуудаас гадна нийслэлийн 9 дүүрэгт амьдарч байгаа иргэн бүрийн оролцоо ч чухал гэдгийг энэ үеэр онцолж байв. Иймээс иргэн бүр эл аяныг дэмжиж ажиллахыг тэрбээр уриалсан юм. Хүн бүр өөрчлөлтийг өөрөөсөө эхлүүлж, үлгэрлэж, манлайлж чадвал гоё хотод амьдрах боломж дүүрэн бий гэнэ. Иймээс хүн бүрийн хүчин зүтгэл чухал гэдгийг Ч.Бат-Эрдэнэ онцолсон.

НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ч.Уртнасан “Нийслэлийн 2020 оны үндсэн чиглэлд тусгасан зорилтот чиглэлийн хүрээнд төрийн байгууллагын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд сурталчилах, нийтийг соён гэгээрүүлэх, хотын соёлтой иргэнийг төлөвшүүлэх зорилт тавин ажиллаж байна. Энэ хүрээнд нийслэлийн харьяа байгууллагын  44 мянган албан хаагч ажиллаж байна.  Энэ аяныг төрийн болон төрийн захиргааны албан хаагчид нэг уриан дор эхлүүлж байгаагаараа онцлог гэж хэлж болно. Нийслэлийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу ажлаа төлөвлөсөн бөгөөд хэдийнэ эхэлсэн гэж тодотгож болох юм” гэлээ.

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар  “Энэхүү аяныг нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлнэ. Хэдийгээр аяныг өнөөдрөөс эхлүүлж байгаа талаар мэдээлж байгаа ч Нийслэлийн Засаг даргын захирамж гарч нийтийн гудамж талбайд хог, шүлс, нус, цэрээ хаях, бие засахыг хориглосон. Хэрэв ийм зөрчил гаргавал хариуцлага хүлээлгэх ажил хэдийнэ эхэлснийг та бүхэн мэдэж байгаа. Мөн албан байгууллагууд ойр орчныхоо 50 метр талбайг цэвэрлэх үүргийг ч хэрэгжүүлэн ажиллаж байна. Цаашид илүү бүтээлч олон ажил аяны хүрээнд өрнөн гэсэн үг” гэлээ.

Үргэлжлүүлэн тэрбээр “Одоогоос 60 жилийн тэртээ нүүдэлчин өв соёлтой Монголчууд  суурин амьдралыг ѳрнүүлж, орчин цагийн соёл иргэншлийг хэвшүүлж эхэлсэн түүхтэй.  Ингэхдээ тухайн үед иргэдийг албадлагын журмаар соёлжуулж байсан тухай ахмадууд хуучилдаг. Харин энэ аян бол хэн нэгнийг албадахаасаа илүү уриалж, ойлгуулж, ухамсарлуулж, үлгэрлэхэд оршиж байгаа юм.

Иргэд гадаадад зорчихдоо тухайн улсын соёлын дагуу хогоо хүртэл хогийн саванд нь хийдэг. Тийн атлаа өөрийнхөө улсад үл тоосон байдлаар ханддаг явдаг түгээмэл. Иймээс өнөөдрөөс эхлээд иргэн бүр дор бүрнээ уххамсарлаж, хэрэв та тамхи татдаг бол тамхи татах цэгт тамхи татаж, ишээ хогийн саванд хийж хэвших хэрэгтэй. Автомашины цонхоор тамхины ишээ хаяхаа болих, жолооны ард суусан бол дүрмээ баримтлах нь хотын соёлын нэг хэсэг. Хэдийгээр аяныг албан тушаалтнууд уриалж байгаа боловч хэрэгжүүлэгч нь иргэд юм” гэлээ.

Эл аян ганц нийслэлд амьдарч байгаа иргэд төдийгүй нийслэлээр дайран өнгөрч байгаа хэн бүхэнд хамааралтай гэдгийг ч тэрбээр онцлов. Хэрэв та нийслэлийн нутаг дэвсгэрт хөл тавьсан л бол хотын соёлыг даган мөрдөх учиртай.

Эцэст нь тэрбээр “Хотоо соёлтой болгоцгооё. Соёлтой хотод амьдрах гоё” гэдгийг тодотгоод сургууль, цэцэрлэгийн хичээл эхэлмэгц Боловсролын байгууллагуудтай хамтран хотын соёлын талаар насанд нь мэдээлэл өгч ажиллахаа ч тохирсон хичээл оруулахаар болсныг дуулгасан юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү