Д.Бүрэнбаатар: Д нь маск зарна гэж иргэн Б-гээс найман сая төгрөг залилсан


2020-03-25 12:01:33

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн үеэр коронавиурсийн халдвартай холбоотойгоор иргэдийг хууран мэхлэх, эд хөрөнгийг нь залилах явдал их гарч байгаа талаар ЦЕГ-ын Урьдчилсан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Д.Бүрэнбаатар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Коронавирустай холбоотой худал, ташаа мэдээлэл цахим орчинд их түгж байна. Мөн гэмт хэргийн  шинжтэй мэдээлэл их түгэж байна. Монгол Улс цахим хэрэглээгээрээ дэлхийд дээгүүр ордог, Азидаа тэргүүлдэг. Гэхдээ энэ нь ганц Монгол Улсад үүссэн асуудал биш халдварын тохиолдол бүртгэгдсэн дэлхийн олон оронд ийм залилангийн шинжтэй мэдээлэл их тархаж байна. Шинэ төрлийн коронавирусийн дэгдэлттэй холбогдуулан амны хаалт үйлдвэрлэдэг дэлхийн нэр хүндтэй компаниудын хуудсыг ашиглан залилах гэмт хэрэгт үйлдэгдэж байна.

Мөн халдвартай тэмцэж байгаа төрийн албан хаагч болон хүнд өвчтэй хүмүүст хандив цуглуулах нэрийдлээр хуурамч хаяг нээж, компанит ажил өрнүүлэх, иргэдийг залилах гарч болзошгүй болоод байна. Иргэдээс төрийн байгууллагын албан ёсны эх сурвалжаас мэдээлэл авахгүйгээр цахим орчин дахь мэдээлэлд хэт их итгэх, мэдээллийн үнэн зөвийг нягтлахгүйгээр шийдвэр гаргах, ойр дотны нөхөддөө зөвлөгөө өгөх мэдээлэл өгөх байдлаар бусдад залилуулж байна.

Цагдаагийн байгууллагаас коронавирусийн дэгдэлттэй холбоотой бусдад залилуулсан хуурамч мэдээ тараасан 25 мэдээллийг шалгаж байна.

Тухайлбал,БНХАУ-ын Эрээн хотод амьдардаг Монгол улсын иргэн Д гэгч нь 2020 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр “маск их хэмжээгээр нийлүүлнэ” гэж иргэн Б-д санал болгож 8,400,000 төгрөг шилжүүлэн авч залилсан. 

“Онлайн шоп”-оор маск худалдана гэсэн зарын дагуу иргэн Г, М нар нь Герман улсын "Estaparma sitcalius" компани руу энэ оны гуравдугаар сарын 02-ны өдөр 117 сая төгрөг урьдчилгаа шилжүүлэн залилуулсан.

Иймд иргэд та бүхэн сэрэмжтэй байж, дараах мэдээллийг сайтар нягтлан шалгаж, өөрийгөө болон бусдыг эрсдлээс урьдчилан сэргийлээрэй. Үүнд:

  1. Хуурамч цахим хуудас, интернет худалдааны платформууд, олон нийтийн сүлжээ, электрон шуудангийн хаяг ашиглан амны хаалт /маск/-ны борлуулалт, хүргэлтийн үйлчилгээ үзүүлдэг компани гэж итгүүлэн төлбөрийг урьдчилан авч залилах.
  2. ДЭМБ, олон улсын байгууллагаас коронавирусаас урьдчилан сэргийлэх заавар, зөвлөмж өгч буй мэтээр фишинг цахим холбоосуудыг олон нийтийн сүлжээнд байршуулж иргэдийн хэрэглэгчийн нэр, нууц үгийг авч таны компютер, гар утас дээрх файлуудыг зөөх, шилжүүлэх, банкны шилжүүлэг хийх.
  3. Короновирус /COVID-19/-ээс урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр ажиллаж байгаа төрийн байгууллага, алба хаагчдад туслах, хүнд өвчин туссан хүүхэд, өвчтэй болон гамшиг, осолд өртсөн хүмүүсийн зураг тавьж тэдэнд туслах зорилгоор хандив цуглуулж байна гэж итгүүлэн,хуурамч хаяг нээн компанит ажил өрнүүлж иргэдийг залилах.

Ямар нэгэн байдлаар бэлэн мөнгийг бусдын данс руу урьдчилж шилжүүлэхгүй байх. “Бүү сандар, бүү хуурт, бүү өг” гэсэн  уриатайгаар энэ цаг үеийг давантуулахыг Та бүхэндээ уриалж байна" гэлээ. 

Түүнчлэн "хязгаарлалт тогтоосонтой холбоотойгоор ахуйн хүрээний архидалт нэмэгдэж байгаа тул иргэд эрүүл мэнддээ анхаарч дархлаагаа сулруулахгүй байхыг хүсье" гэв. 


 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү