Оросоор дамжин Монголын 200 орчим иргэн Алтанбулагийн боомтоор орж ирнэ


2020-03-26 13:00:36

Улсын Онцгой комиссийн шуурхай штабын дарга Б.Ууганбаяр тусгай үүргийн онгоцоор ирж байгаа иргэдэд хувийн ариун цэврийн хэрэгслээ биедээ авч явахыг санууллаа. Тэгэхгүй бол тээшээ авах шаардлага тавьж, үүнээсээ болж асуудал үүсдэг тухай тэрбээр сануулсан. Иргэдээ татан авахтай холбоотой нарийн заавар зөвлөмжийг бид мэргэжлийн байгууллагуудын вэб сайтад албан ёсоор байршулна. Тэр заавар зөвлөмжтэй сайтар танилцаж, ягштал дагаж мөрдөх хэрэгтэй. Тэр тусмаа тусгаарлалтад орж байгаа иргэдийн ачаа тээврийг тодорхой хугацаанд тусгаарлах тул хувийн ариун цэврийн зүйлс болон эм тариагаа гартаа барих ёстой. Ачаанаасаа юм авна гэдэг асуудал байхгүй тул хувийн зохион байгуулалтдаа анхаараарай. 

 

Шуурхай штаб дөрвөн том бүлэгт хуваагдан ажиллаж, иргэдийг хүлээж авах боломжтой тусгаарлах байруудын судалгааг гаргасан.

Москвагаас Монголын 200 гаруй иргэн Алтанбулаг боомт руу хөдөлсөн мэдээлэл ирсэн гэнэ. Тэрбээр “Одоо бараг хилийн боомт дээр ирж байгаа байх. Тусгаарлах байрнуудын хувьд ачаалалаа дийлэхгүй, хүндрэлтэй асуудлууд бий. Гэсэн ч эх орноо зориод ирж байгаа иргэдийг хүлээн авна. Тиймээс тэднийг тусгаарлах байрны асуудлыг шийдвэрлэн ажиллаж байна” гэв.

Мөн Улсын онцгой комиссийн шуурхай албанд бухимдсан иргэд ихээр залгах болсон гэнэ. Тиймээс тэдийг тайван байхыг Б.Ууганбаяр дарга анхаарууллаа. Иргэд сэтгэл санаагаа тайван байлгаснаар дархлаагаа дэмжиж, халдвараас сэргийлж чадна гэдгийг ч онцлов.

Түүнчлэн мэдээллийн үеэр Монголоос гадаад руу явж байгаа иргэдэд ямар нэгэн шаардлага тавиагүй гэдгийг онцлов. Солонгос улсад зарим сургууль хичээллэж байгаатай холбоотойгоор оюутнууд тус улс руу явж байгаа гэнэ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү