Гар утсаа ашиглан дүүрэг, хороогоо хөгжүүлэх боломжтой


2020-04-01 11:24:53

Орон нутгийн хөгжлийн сангаар хийх бүтээн байгуулалтад иргэдээс цахимаар санал асуулга авах хугацааг сунгах талаар НЗДТГ-ын Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсээс цахимаар мэдээлэл хийлээ.

Дүүрэг, хороондоо ямар бүтээн байгуулалт өрнүүлэхийг хүсэж байгаагаа ухаалаг утсаа ашиглан төрд хүргэх боломжтойг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас мэдээлж байсан. Тодруулбал, ирэх жил нутгийн хөгжлийн хөрөнгөөр хийгдэх ажлын цахим санал асуулгыг Нийслэлийн 9 дүүргийн 173 хороонд SmartUB аппликэйшн ашиглан явуулж байгаа юм.

Өнөөдрийн байдлаар санал асуулгад 270 гаруй мянган оролцож саналаа өгчээ. Ингэснээр нийт иргэдийн 34.4 хувь нь саналаа өгсөн байна. Санал өгсөн байдлыг дүүргээр нь авч үзвэл

Баянгол дүүрэг  15 хувь

Баянзүрх дүүрэг 15 хувь

Налайх дүүрэг 62.5 хувь

Сонгинохайрхан дүүрэг 34.5 хувь

Сүхбаатар дүүрэг 34 хувь

Хан-Уул дүүрэг 35 хувь

Чингэлтэй дүүрэг 80.5

Багануур дүүрэг 55 хувь

Багахангай дүүрэг 100 хувь саналаа өгчээ.

Саналаа өгсөн иргэдийн хувьд оршин суугаа хороондоо камержуулалт, гэрэлтүүлэг, ногоон барилга байгууламж байгуулах хүсэлтийг ихээр ирүүлсэн байна.

Орон нутгийн хөгжлийн сангийн цахим санал хураалтад нийслэлийн 9 дүүргийн насанд хүрсэн иргэн бүр хамрагдах боломжтой. SmartUB аппликэйшн утсан дээрээ татаад л тухайн амьдран суугаа хороо, дүүрэгтээ ямар бүтээн байгуулалт хийлгэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэхэд л болох юм.

Мөн саналаа өгөхөөс гадна Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын үйл явцад нь оролцох, үр дүнг хянаж байхыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар онцоллоо.

Мөн тэрбээр “Цаашдаа жил бүр явагдах энэхүү орон нутгийн хөгжлийн сангийн ажилд байнга хамтран ажиллах нь хамгийн чухал. Тиймээс иргэн бүр энэхүү SmartUB аппликэйшнийг өөрийн гар утсандаа суулган саналаа өгөхийг уриалж байна. Иргэн таны хорооны өнгө үзэмж, хөгжил цэцэглэлт таниас шалтгаална” гэлээ.

Хэдийгээр цахим санал асуулгыг сарын хугацаанд зохион байгуулсан ч иргэдийн идэвхи сул, дөнгөж 34.5 хувьтай байгаа тул хугацааг 20 хоногоор сунгахаар шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл, энэ сарын 20-н хүртэл иргэн та саналаа өгөх боломжтой. Гар утсандаа SmartUB аппликэйшнийг татан авч, саналаа өгөхөд ердөө 2-3 минут зарцуулна. Иймд та дүүрэг, хорооныхоо бүтээн байгуулалтад оролцохын зэрэгцээ тулгамдсан асуудлаа шийдвэрлүүлэх боломж олдож байгаа юм.

Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд иргэдийнхээ санал дээр тулгуурлан бүтэц, зохион байгуулалтаа хийдэг жишигтэй. Энэ дагуу Монгол Улс иргэдийнхээ ирүүлсэн саналын дагуу зураг төсвөө гаргаж, хөгжлөө тодорхойлохоор зэхэж суугаа нь энэ юм.

Уг нь санал асуулгад 800 мянган гаруй иргэд саналаа өгөх учиртай. Ядаж эдгээр хүний 60 хувь нь саналаа өгөхийг Нийслэлийн албан хаагчид хүссэн юм. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү