Коронавирусийн халдвараас сэргийлэх шинжилгээ өгөхөөс 3 хүн татгалзжээ


2020-08-06 15:01:25

Улсын онцгой комиссийн Шуурхай штабаас мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Д.Баярболд мэдээлэл өглөө.

 

Тэрбээр "Мэргэжлийн хяналтын байгууллагаас COVID-19 халдвараас сэргийлэхээр хоёр үндсэн чиглэлд ажиллаж байгаа. Эхнийх нь хилийн мэргэжлийн хяналтын алба бол нөгөө нь дотоод хяналт, шалгалт юм.

08 сард тусгаарлан ажиглах байруудтай холбоотой 4 гомдол ирсэн тул хяналт, шалгалтын ажлыг явууллаа. Тусгаарлах байрны хүрэлцээ муу байгаа учраас торгож шийтгэхээсээ илүүтэй гарсан зөрчил дутагдлыг арилгуулах чиглэлээр зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж байна. Гэхдээ удаа дараа зөрчил гарсан бол цаашид иргэдийг тухайн байранд тусгаарлахгүй байх, цаашлаад үйл ажиллагааг нь зогсоох арга хэмжээ авна.

Гомдлын ихэнх нь хоолны чанар, эрүүл ахуйн талаар болон тусгаарлан ажиглах байрны эрүүл ахуйн нөхцөлтэй холбоотой байсан.

Нэг тусгаарлах байранд дунджаар 200 орчим хүнийг тусгаарладаг бөгөөд тэдэн дундаас 2-3 гомдол ирдэг. Тусгаарлах байранд онцгой дэглэм мөрдөгдөж байгаа учраас байцаагч нар шууд гүйж орж, гараад байж болохгүй. Гэхдээ сүүлд гарсан гомдлуудын хүрээнд мэргэжлийн хяналт, цагдаа, онцгойгийн алба хаагчид хамгаалалтын хувцас өмсөөд орж, хяналт, шалгалт хийсэн. Зөрчлийг тухай бүрдээ арилгаад явж байгаа.

Өнөөдрийн байдлаар 51 нислэгээр 10,104, авто замаар 16,117 иргэнийг татан авахад хилийн мэргэжлийн хяналтын байцаагчид зорчигчдын эрүүл мэндэд хяналт тавин, эрэмбэлэн ялгах ажиллагааг зохион байгуулж байна" гэлээ.

Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр "Энэ сар гарсаар гурван удаагийн тусгай нислэгээр гадаадад байгаа иргэдээ татан авлаа. Тодруулбал, БНСУ-аас 260, АНУ-аас 253, Энэтхэгээс 156 иргэн эх орондоо ирсэн. Зургаа хоногийн хугацаанд нийтдээ Монгол Улсын 669 иргэнийг гадаад улс орноос татан авах ажлыг зохион байгуулаад байна.

Бид ойрын хугацаанд 7-10-ны хооронд Алтанбулаг боомтоор иргэдээ татан авах ажлыг зохион байгуулна. Мөн 10, 11-нд БНХАУ-аас Замын-Үүд боомтоор иргэдээ татан авах ажлыг зохион байгуулахаар боллоо. Тусгай үүргийн онгоцны хуваарийн талаарх мэдээллийг ГХЯ-ны Консулын газраас өгсөн байгаа" гэв.

Харин ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Лхагвасайхан "2020.01.09-нөөс хойш Монгол Улсад 16.162 хүнийг ажиглалтад авсан. Давхардсан тоогоор 57 байршилд 9.490 иргэнийг тусгаарлан ажиглах үеийн хамгаалалтад 9.978 албан хаагч үүрэг гүйцэтгэлээ. 

Өнөөдрийн байдлаар нийслэлийн 31 байршил дахь 2.228 иргэн, орон нутагт таван аймгийн есөн байршил дахь 351 буюу улсын хэмжээнд 2,579 иргэний ажиглалтад цагдаа, дотоодын цэргийн 13 анги байгууллагын алба хаагчид ажиллаж байна. 

Тусгаарлах байранд гарсан зөрчлийн тухайд 

  • Төв аймагт Баянхангай амралтын газар тусгаарлагдаж байсан дөрвөн иргэн хорио цээрийн дэглэм зөрчиж, долдугаар сарын 18-ны өдөр архидан согтуурсан зөрчил гарсан.
     
  • "Энхсаран" сувилалд тусгаарлагдсан иргэн Х, Б нар долдугаар сарын 22-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж, журам зөрчсөн.
     
  • "Эрхэс" зочид буудалд тусгаарлагдсан иргэн О долдугаар сарын 26-ны өдөр дөрвөн давхрын цонхоор хайрцагтай тамхи шидэж, түүний нь иргэн М, Б, Б нар авсныг эргүүл хамгаалалтын ажилтнууд илрүүлж, УОК-ын Шуурхай штабд мэдэгдэн дээрх гурван иргэнийг Алтай зочид буудалд ХӨСҮТ-ийн машинаар тусгаарлах байранд хүргэх үеийн хамгаалалтыг зохион байгуулсан.
     
  • 2020.08.05-нд Сиэтл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирж, Монголика зочид буудалд тусгаарлагдсан иргэн М, Э, Б нар коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх шинжилгээг өгөхгүй хэмээн ХӨСҮТ-ийн шинжилгээний багийн үйл ажиллагаанд саад учруулсан тул цаашид энэ чиглэлээр холбогдох хууль, дүрэм, журамд нэмэлт өөрчлөлт оруулж, хариуцлага тооцох шаардлагатай байгааг харуулж байна.

Улсын хэмээнд хорио цээрийн дэглэм зөрчсөн 519 зөрчил гарсны 161 нь нийслэлд, 358 нь орон нутагт бүртгэгдсэн "гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү