10.1 мянган тн махны экспортложээ


2020-09-10 16:53:58

Ерөнхий сайдын 2019 оны 37 дугаар захирамжаар байгуулагдсан “Экспортыг дэмжих зөвлөл”-ийн хоёрдугаар хуралдаан өнөөдөр боллоо. Энэхүү хуралдаанаар “Монгол Улсын махны экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр авах арга хэмжээ”-ний талаар хэлэлцлээ. Засгийн газрын 2018 оны 278 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол экспорт хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх, уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, дэмжихэд салбар хоорондын уялдааг хангаж ажиллахад зөвлөлийн гол үүрэг чиглэгдэж байна.

Зөвлөлийн даргаар Гадаад харилцааны сайд Н.Энхтайван, дэд даргаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Г.Батсуурь ажиллах юм. Энэ удаагийн хуралдааны эхэнд ХХААХҮ-ийн Дэд сайд Г.Батсуурь мах махан бүтээгдэхүүний дотоодын үйлдвэрлэл, экспортын нөөц боломж, худалдааны түнш орнуудтай хэрэгжүүлэх арга хэмжээний талаар илтгэл тавьсан юм.

Тэрбээр “Монгол Улсын Засгийн газрын дунд, урт хугацааны бодлого, стратеги”, “Алсын хараа- 2050” зэрэг бодлогын баримт, бичгүүдэд Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн тулгуур салбарын нэгээр “Хөдөө аж ахуй”-н салбарыг тодорхойлж, “хүнс экспортлогч” орон болох зорилго дэвшүүлэн манай яам ажиллаж байна. “Монгол экспорт” хөтөлбөрийг хэрэгжүүлэх салбар дундын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэг бүхий зөвлөлийн ээлжит хуралдаан “Монгол Улсын махны экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр авах арга хэмжээ” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа нь, эдийн засгийн нөхцөл байдал сайнгүй, гадаад худалдааны эргэлт буурсан энэ үед цагаа олсон арга хэмжээ гэж үзэж байгаа юм.

COVID-19-тэй холбоотойгоор Засгийн газар өндөржүүлсэн бэлэн байдал зарласан, УОК-оос Дотоодын хүнсний хангамжийг тогтвортой байлгах, стратегийн хүнсний экспортыг хязгаарлах чиглэлийн дагуу махны экспорт түр хийгдэхгүй байсан. Импортлогч оронтой COVID-19 цар тахлын үеийн хорио цээр, тээвэрлэлтийн нөхцлийг Гадаад харилцааны яамаар дамжуулан тохирох ажлуудыг хийсэн. Мөн COVID-19 цар тахлын үед тээвэрлэлтийн түр журмыг УОК-оос баталсаны үндсэн дээр махны экспортыг 5 сараас эхлүүлсэн. 2020 оны 8 дугаар сарын байдлаар Адууны мах 4.6 мянган тн, дулааны аргаар боловсруулсан үхэр, хонь, ямааны мах 5.2 мянган тн, хонины түүхий мах 0.3 мянган тн, нийт 10.1 мянган тн махны экспорт хийгдсэн байна” гэдгийг онцлоод, худалдааны түнш орнууд руу мах, махан бүтээгдэхүүний экспортын эрх зүйн орчныг бий болгодог шат дамжлагын талаар ерөнхий зураглалыг танилцуулсан юм.

“Экспортыг дэмжих зөвлөл”-ийн бүрэлдэхүүнд Сангийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Барилга, хот байгуулалтын яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Стандарт, хэмжил зүйн газар, Гаалийн ерөнхий газар, Үндэсний хөгжлийн газар зэрэг экспортын бодлогыг тодорхойлох, хэрэгжүүлэх, зохицуулах чиг үүрэг бүхий төрийн байгууллагууд, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын махны холбоо зэрэг бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалдаг, төлөөлдөг төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцлоо.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү